Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд 12 жилийн хорих ял оноолоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр "С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж хоёр буюу түүнээс олон хүнийг байнга тогтвортой бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ялаар шийтгэсэн" байна. 

Яллагдагч С.Мягмарсүрэн нь эмэгтэй бөгөөд хохирогчдын дунд насанд хүрээгүй иргэн байсан аж.

Хуулийн Заалт:

13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

  • Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.
  • Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй