Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн /нүүр амны мэс засал, эмчилгээ, согог, гажиг засал/ чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байртай боллоо.
Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байр Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлаж байгаа юм.
Эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан цоо шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм.
Тус төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Судалгаагаар 2-15 насны хүүхдүүдийн 85-96 хувь нь шүд цоорох өвчтэй. Нэг хүүхдийн аманд 4-6 шүд цооролттой байгаа дүн гарсан. 18 настай залуучуудын 67.5 хувь нь бүтэн шүдтэй. 33.5 хувь нь ямар нэг хэмжээгээр дутуу шүдтэй байна. Нийслэлийн ЗДТГ-аас орчин үеийн шийдэлтэй 6 давхар шүдний эмнэлгийг нээж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлаж байна. Тэр дундаа Засгийн газраас “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж 5 жилийн турш 2-12 насны хүүхдүүдийн шүдний цоорлыг бүрэн эмчилэх, урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох боломж бүрдэж 2019 онд төсвөө батлах гэж байгаа энэ үед Шүд эрүү нүүрний төв үүд хаалгаа нээж байгаад баяртай байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүн ам, ялангуяа хүүхдүүдийн дунд нүүр амны өвчлөл зонхилох хандлагатай байна. Шүдний тусламж үйлчилгээ нь өөрөө өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээний 80 орчим хувийг хувийн эмнэлгүүд үзүүлж байна. Гэтэл хүүхдүүд, ахмадууд, орлого багатай иргэд гээд зайлшгүй төрөөс тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой юм гэж үзсэн.
Шүд эрүү нүүрний төв нь хувьчлагдсаны дараа өөрийн гэсэн байргүйгээр түрээсийн байраар үйл ажиллагаа явуулж байсан. Жилд 280 орчим сая төгрөгийн түрээсийг төлдөг байсан. Түрээсэнд төлдөг мөнгөөрөө шинэ байр барих бололцоо байсан. Үүнийг бид судалж үзээд ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж үзээд НИТХ-ээр хэлэлцүүлж шинэ байртай боллоо. Ер нь нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндэд өндөр анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Цаашдаа тоног төхөөрөмжийг сайжруулж, тохилог орчинд, өндөр бүтээмжтэй, шинэ техник технологи ашиглан хүүхэд залуучууд ахмад үеийнхэнд үйлчилгээ үзүүлнэ” гэж ярилаа
Мөн үйлчлүүлэгчдийн 50-60 хувийг ЕБС-ийн бага ангийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд эзэлдэг тул тэдэнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан таатай орчныг бүрдүүлэхэд ихэд анхаарч ажиллажээ.
1986 онд байгуулагдсан НШЭНТ нь нийт 72 ажилтантай бөгөөд нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг засал, захиргаа санхүү аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй, үндсэн болон туслах зэрэг 23 кабинетаар үйл ажиллагаа явуулж, жилдээ 100-120 мянга гаруй хүнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан аж.
Эх сурвалж: НЭМГ, НЗДТГ