Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

О.Чинзориг: Төрийн албан хаагчдад дижитал соёлыг бий болгох хэрэгтэй

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ”-г бий болгоно хэмээн тусгасан билээ.

Төрийн байгууллага хооронд солилцох уламжлалт цаасан суурьтай мэдээллийн урсгалыг аль болох цахим хэлбэрт шилжүүлсэнээр мэдээллийн чанар, хурд, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлж цаашид иргэдэд үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхэд томоохон суурь болох юм.

Тэгвэл нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, сургууль цэцэрлэг зэрэг 1,100 орчим байгууллагад өдөр тутмын үйл ажиллагааны процессыг цахимжуулсан мэдээлэл солилцох технологийн шинэ шийдэл бүхий, инновацийг нэвтрүүлсэн дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
 

Энэ талаар НМТГ-ын дарга О.Чинзоригоос тодруулахад “Дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн 16,000 орчим төрийн албан хаагчид байнгын үе шаттай сургалт явуулах шаардлага үүсч байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 198 сургагч багш бэлтгэж гэрчилгээ олгосон. Сургагч багш нар маань цаашид байгууллагууддаа системийн хэрэглээний хичээлүүдийг заахаас гадна төрийн байгууллагуудад Дижитал соёлыг бий болгоход онцгой анхаарч ажиллана.

Байгууллагад мэдээллийн систем нэвтрээд л “Дижитал шилжилт” хийгдэнэ гэж эндүүрч болохгүй. Төрийн албан хаагчид дижитал соёл, хандлага бий болгох нь маш чухал. Байгууллагууд аль болох уламжлалт үйл ажиллагаанаасаа татгалзаж байж амжилттай хэрэгжинэ. Гадны хөгжилтэй орнуудад албаны цахим шуудан /и-мэйл/-гаар ирсэн захидлыг албан тоот бичигтэй адилтгаж үздэг. Энэ жишиг манай төрийн болон хувийн байгууллагуудад нэвтэрч байна. Ингэхийн тулд цаашид төрийн албан хаагчдад дижитал соёлыг бий болгох хэрэгтэй бөгөөд энэ тал дээр онцгой анхаарч байна” гэж ярилаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс