Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

УДБЭТ-ын 56 дахь удаагийн улирлын нээлт “Сонгодог” тоглолтоор эхлэх гэж байна

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монголын сонгодог урлагийн их өргөө болох Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхт 68 жилийн ой болон 56 дахь удаагийн тоглолтын улирлын нээлт энэ сарын долооны өдрийн 17:00 цагт Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Сонгодог” тоглолтоор эхлүүлэх гэж байна.

УДБЭТ нь 1950 оны 12-р сарын 30-ны өдөр өрх тусгаарлан “Сонгодог театр”-ыг бий болгосон түүхтэй. Ингэснээр Монголд төдийгүй Азид цорын ганц “Сонгодог театр”-ыг бий болгосон ба энэ жил үүсгэн байгуулагдсаны 68 жилийн түүхт ой нь тохиож байгаа юм.

Сонгодог тоглолтын үеэр УДБЭТ-аас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон уран бүтээлүүдийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргахаар бэлтгэн ажиллаж буйг дуулгалаа.

Дуурь, бүжгийн театрын хамт олон 2018-2019 жилийн 56 дахь тоглолтын улиралд хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

 
Гэрэл зургийг: mpa.mn

УДБЭТ-ийн Ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар “Манай байгууллагын урын санд 20 гаруй дуурь, 20 гаруй балет тоглогдож байна. Энэ жилийн хувьд "Эрдмийн" театр гэдэг утгаараа хүүхэд, залуучуудад чиглэсэн шинэ бүтээлүүдийг хийхээр төлөвлөж байна.

Мөн энэ жилийн нээлтийн үйл ажиллагааг олон улсын жишгийг даган “Opening Gala” концерт хэмээн нэрлэсэн юм. Өмнөх жилүүдэд уламжлал болсон үндэсний “Учиртай гурван толгой” жүжгээр нээлтээ хийдэг байсан бол энэ удаа олон улсын жишгийн даган дэлхийн сонгодог бүтээлүүдээр нээлтээ хийхээр болсон нь онцлогтой. Нээлтийн тоглолтод зөвхөн нэг бүтээлийг онцлох бус олон жүжгийн хэсгийн оролцуулсан, илүү сонирхолтой байлгах талаас нь танилцуулга хэлбэрээр тоглолтоо тавихаар болсон” гэлээ.

Шинэ улирлын нээлтийг тохиолдуулан дэлхийн дууриудын нэг Ж.Бизегийн “Кармен” дуурийг энэ сарын 13-нд мөн Дэлхийн балетын ноён оргил болох Чайковскийн “Хунт нуур” балетыг 14-ны өдөр тоглож, нээлтийнхээ цуврал тоглолт болгон үргэлжлүүлэх гэж байгаагаа танилцууллаа.