Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтын “Surface” арга хэмжээний үеэр танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Майкрософт корпораци өчигдөр Нью Йорк хотод “Surface” ангиллын шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Эдгээрээс хамгийн чухал дөрвөн бүтээгдэхүүний талаар дэлгэрүүлэн хүргэж байна.

 

Surface Pro 6, Surface Laptop 2 шинэчлэлүүд хар өнгөний сонголттой

 

Тус компаниас гаргадаг лэптоп/таблет хосолмол бүтээгдэхүүний шинэ загвар болох Surface Pro 6 нь бүрзгэр (матте) хар өнгөний сонголттой, 8 дугаар үеийн Intel процессортой зах зээлд гарч байна.

Ердөө 0.7 кг жинтэй энэ бүтээгдэхүүн бүрэн цэнэгээр 13.5 цаг ажиллах чадвартай юм.

Бас Майкрософт корпораци Surface Laptop зөөврийн компьютерынхаа хоёрдугаар үеийн загварыг Surface Laptop 2 нэртэйгээр гаргажээ. Уг бүтээгдэхүүн нь 13.5 инч дэлгэц, 8 дугаар үеийн дөрвөн цөмтэй Intel процессор, 14.5 цаг ажиллах баттерейтай байх юм.

Surface Pro 6 нь $899, Surface Laptop 2 нь $999 үнэтэйгээр аравдугаар сарын 16-нд худалдаанд гарна.

 

Surface Studio 2

 

2016 оны арванхоёрдугаар сараас хойш шинэчлэгдээгүй байсан Surface Studio компьютерынхаа хоёрдугаар үеийн загварыг өчигдөр танилцууллаа. Уран бүтээлч хүмүүст зориулсан энэ бүтээгдэхүүн 28 инч дэлгэц, 50 хувиар сайжирсан графиктайгаар аравдугаар сарын 16-наас худалдаалагдаж эхэлнэ. Үнэ нь $3,499 байх гэнэ.

 

Surface Headphones чихэвч

 

Surface брэндийн дор нэмэгдэж байгаа цоо шинэ бүтээгдэхүүн бол Surface Headphones нэртэй, Cortana хувийн туслагч бүхий чихэвч юм.

Чихийг бүрэн хаах хэмжээтэй, Bluetooth холболттой, орчны чимээг бүрэн тусгаарлах чадвартай байна. Мөн толгойноос авах үед дууг автоматаар зогсоож, зүүх үед автоматаар тоглуулж эхлэх чадвартай. 300 грам жинтэй чихэвч нь 15 цаг хүртэл ажиллах баттерейтай, цайвар саарал өнгөтэй, USB-C портоор 2 цагийн дотор бүрэн цэнэглэгддэг байх гэнэ.

Өнөөдрөөс захиалга нь эхэлж байгаа чихэвч $349-ийн үнэтэй байна. Харин худалдаанд гарах хугацааг Майкрософт мэдээлээгүй юм.

 

App Mirroring

 

PC, мобайл хоёрын дунд холбогч болох програмын шинэ функцийг Майкрософт танилцуулсан нь App Mirroring байлаа. Уг боломжийг ашиглан Android гар утасныхаа дэлгэцийг Windows 10 төхөөрөмж дээр үзэж файлуудыг удирдах юм.

Шинэ функц нь Windows 10 системийн Your Phone app хэсэгт байгаа ба өнөөдөр гарч байгаа Windows 10-ын шинэчлэлд багтжээ. Цаашдаа Android, iOS хоёр системд хоёуланд нь уг боломж бий болох гэнэ.

 

Эх сурвалж: The Verge