Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Консерватори дөрвөн ширхэг гранд төгөлдөр хууртай болов

ikon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монголын соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш, уран бүтээлчдэд хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох ёслол хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Консерваторийн концертийн бага танхимд өчигдөр боллоо. Монгол Улсын Консерваторийн анхны эрдмийн зөвлөл аравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдан анхдугаар хуралдаанаараа ийнхүү хүндэт профессор, профессор, дэд профессор цол олгох шийдвэрийг гаргасан юм байна. 

Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож тус сургуулийн сургалтанд зориулан дөрвөн ширхэг Grand Piano буюу рояаль төгөлдөр хуур хөгжим бэлэглэлээ. Жилийн өмнө Монгол Улсын Консерваторийн 80 жилийн ойгоор эдгээр төгөлдөр хуурыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч өгнө гэдгээ амалж байсан бол ийнхүү биелүүлжээ. Эдгээр хуурыг худалдан авахад 80 сая төгрөг зарцуулсан юм байна.  

Тэрбээр хэлсэн үгэндээ “Авьяас билэгтнүүдээ дэмжиж байж хөгждөгийг гадаадын олон улс орны жишгээс хардаг. Дэлхий нийт эдийн засаг, бас дахин эдийн засаг гэдэг үзэл баримтлалаас татгалзаж, хүн, хүний ёс зүй, төлөвшил гэдэг том концепц рүү шилжсэн. Үүнийг бий болгож чадах газар бол консерватор. Хүнийг жинхэнэ хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууны төлөвшил, хүмүүжил олгох ёстой хүмүүс бол урлагийн салбарынхан, хөгжмийнхөн та бүхэн юм. Цаашдаа нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг буухиалж, түүчээлэн явах урлагийн авьяастай, мэргэжлийн өндөр боловсролтой хүмүүс Консерваторит бэлтгэгдэнэ. Энэ нь Монголын нийгэмд том гэгээ тусган болно” гэлээ. Аливаа консерваторит төгөлдөр хуур хөгжим хамгийн чухалд тооцогддог бөгөөд бүрэн хэмжээний оркестртой хамт тоглох суурийг уг хөгжим дээр тавьдаг байна.

Монгол Улсын Консерваторийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү “Манай сургууль дээр онцгой сайхан үйл явдал боллоо. БСШУС-ын сайд 80 жилийн ойгоор сургалтад хамгийн чухал хэрэгцээтэй гранд төгөлдөр хуур бэлэглэнэ гэж амласнаа өнөөдөр биелүүлж, манай сургуульд албан ёсоор хүлээлгэн өглөө. Монгол Улсын Консерватори байгуулагдаад нэг жил болж байна. Нэг жилийн ой дээрээ бид анхныхаа магистрын шалгалтыг нээж эхлүүллээ. Энэ их ач холбогдолтой.

Хөгжмийн чиглэлээр олон улсын түвшинд магистрт сурах өндөр зардалтай байдаг. Харин одоо олон улсын түвшинд мэргэжлийн дээд боловсролыг эзэмшсэн залуус Монголдоо ахисан түвшний сургалтад хамрагдах боломж бүрдлээ. Мөн сургууль маань их сургуулийн статустай болсноор анхныхаа эрдмийн зэрэг цолыг олгох боломж нээгдсэнд баяртай байна” хэмээн ярьсан юм.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам