Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзварын шар тэмдэглэгээтэй хэсэгт нэвтрэн, хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг ирэх сараас ₮20,000 торгоно

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан юм.

Шинэчлэгдсэн дүрэмд жолооч нарт хамгийн их хамааралтай заалтуудаас дурдвал:

Уулзварын шар тэмдэглэгээтэй хэсэгт нэвтрэн, хөдөлгөөнд саад учруулсан жолоочид хариуцлага тооцох заалт оруулсныг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгох аж. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг 15.2 дахь хэсэгт оруулжээ.

Мөн Зам тээврийн ослын үед жолооч нар өөр хоорондоо маргаангүйгээр тохиролцож, даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө гэж шинэчилсэн дүрмийн 3.6-д заасан байна.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд орсон өөрчлөлтүүдээс онцлох 22 заалтыг зурган хэлбэрээр танилцуулж байна. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

Явган зорчигчийн мөрдөх дүрэм

  • Утсаар ярих
  • Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх
  • Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх
  • Ном, сонин гэх мэт зүйл унших
  • Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна.

Хүүхэд тээвэрлэж явахдаа баримтлах дүрэм

  • Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор удаан хугацаагаар ганцааранг нь орхиж үлдээснээс хүчилтөрөгчийн дутагдал, нарны тусгалын хэт халалтад өртөн хүүхдийн амь нас үрэгдсэн тохиолдол гадаад улс орнуудад нэлээд гарсантай холбогдуулан үүнийг зохицуулсан заалтыг зарим улс орон хууль тогтоомждоо тусгажээ. Иймд дүрмийн 14.6-д "Жолооч нь тээврийн хэрэгслээ орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно" гэх заалт оруулсан байна.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орон бүрт гаргадаг зөвлөмжийг үндэслэн дүрмийн 23.8-д "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж өөрчилжээ.
  • Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс олон улсын ISO стандартын хүүхэд хамгаалах системд нийцүүлэн 2016 онд баталсан "Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл" MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын шаардлагад нийцсэн байх, түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлах тухай заалтыг дүрмийн 23.8-д тусгасан байна.
  • Одоогийн мөрдөж буй дүрмээр 12 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тусгай бэхэлгээтэйгээр тээвэрлэхийг зөвшөөрдөг бол төслийн 23.9-ийн "е"-д "10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд" ямар ч тохиолдолд тээвэрлэхийг хоригложээ.

 


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба