Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн судалгааны ажлын үр дүн олон нийтэд нээлттэй боллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Канад улсын гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Merit болон Сесмим төслийн хүрээнд Монголын Шинжлэх Ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн бүх төрлийн мэдээ, мэдээлэл, судалгаа шинжилгээний ажлын үр дүн олон нийтэд ил тод болгох боломжийг бүрдүүлээд байна.

Төсөл гүйцэтгэгчид мэдлэгийн порталын вэб хуудсыг хөгжүүлж Газарзүй-Геоэкологийн хүрээлэнд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мэдлэгийн порталын вэб хуудастай болсноор Газарзүй-Геоэкологийн хүрээлэн нэг цэгийн мэдээллийн эх сурвалжтай болж, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг олон нийтэд ил тод, хүртээмжтэй болгож буйгаараа онцлог юм.

Мөн бүх нийтийн байгаль орчны мэдлэг, байгалийг зүй зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэхэд  дэмжлэг болж, оюутан залууст мэргэжлийн түвшний мэдлэгийн нэг эх сурвалж болох боломж бүрдэж буй талаар зохион байгуулагчид дурдлаа.

 
Гэрэл зургийг: mpa.mn

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох “Дэлхий даяар мэдлэгийн порталыг бий болгох ажил эрчимтэй явагдаж байна. Харин үүнийг хэрхэн үнэ цэнэтэй авч явах нь бид бүхнээс шалтгаалах ба хүнд хэрэгтэй гэсэн шинэлэг мэдээллээр байнга баяжуулж явах нь чухал юм.

Мөн мэдлэгийн портал нь судлаач болон уншигч, хүлээн авагчдын хоорондох зайг ойртуулахад нэг талын гүүр болж өгч байна гэж хэлж болно. Мэдлэг, мэдээллийн порталаар дамжуулан цаашид шинэлэг санал санаачилга, инновацийн тогтолцоог бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Порталаар дамжуулан гаргасан судлаачдын шинэлэг бүтээлийг уншиж, судалснаар хөрөнгө оруулагчид судалгааг бодит болгох талыг олж хараасай гэсэн үндсэн дээр бий болгосон юм” гэлээ.

Төслийн цаашдын тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үүднээс тус хүрээлэнгийн салбарын судлаач нарыг сургалтанд хамруулан мэдлэгийн порталын талаар мэдлэг олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг өнгөрсөн жил гаруйн хугацаанд Канад улсын техникийн зөвлөхүүд хийж гүйцэтгэжээ.

Канад улсаас санхүүжиж буй институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах зорилготой Merit төсөл нь 2016-2023 оны хооронд, Сесмим төсөл нь 2015-2020 он хүртэл манай улсад тус тус хэрэгжиж байна.

Эдгээр төслүүдийн хүрээнд авч хэрэгжүүлсэн бүх төрлийн сургалтын материал, гарын авлага мэдээ, мэдээллүүд нь portal.merit.mn болон portal.sesmim.mn гэх эдгээр сайтуудад нээлттэй байрших болсон байна. 

Ингэснээр олборлох салбарын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болоод зогсохгүй уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг Канадын туршлагаас хуваалцаж мөн гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл хоорондын уялдаа холбоо сайжрах боломж бүрдсэн талаар Канадын тал мэдээлэв.