Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүрьеэ өвчинтэй тэмцэх түүхэн үйл явдлууд

Б.Ану
2018 оны 10 сарын 2
iKon.MN

Хүн төрөлхтний эртний дайсан, “цагаан тахал” гэгддэг сүрьеэ өвчинг төгсгөл болгоход түүхэн ач холбогдолтой олон чухал үйл явдлууд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. 

Үүний нэг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулган юм. Дэлхийн улс орнуудын удирдагчид энэ сарын 26-нд Нью-Йорк хотноо “Сүрьеэг устгахын төлөө нэгдэх нь: Дэлхийд тархсан халдварт өвчний эсрэг дэлхий нийтээр яаралтай авах хариу арга хэмжээ” сэдвийн дор хуралдаж сүрьеэг устгахын төлөө дэлхий нийтээр нэгдэх, яаралтай арга хэмжээ авах тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав. 

 

Нэгэн цагт ДЭМБ-н ДОТС-г амжилттай хэрэгжүүлж бусад орнуудад зөвлөгөө өгч байсан Монгол улс ч чухал байр суурьтай оролцов. Манай улсаас Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол улсын засгийн газраас сүрьеэтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар мэдээлэл өгч, цаашид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа НҮБ-ын индэр дээрээс онцлон хэллээ. 

Сүрьеэтэй тэмцэх бас нэгэн чухал үйл явдал болсон нь 2013 онд хүүхдийн дундах сүрьеэг дэлхий нийтийн анхааралд оруулж байсан хүүхэд, өсвөр үеийнхний (10-19 насны) дундах сүрьеэг төгсгөл болгох зураглалыг шинэчлэн баталсан юм. Дэлхий дээр өдөрт 4,000 гаруй хүн сүрьеэ өвчнөөр нас бардаг ба хүүхдүүд ч энэ өвчний золиос болж нас барсаар байна. 

 

ДЭМБ-н сүрьеэгийн олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Др. Тереза Касаев “Бид хүүхдийн сүрьеэтэй тэмцэх талаар илүү ихийг мэддэг болсон, зорилго ч тодорхой тиймээс бид хамтдаа хүчээ нэгтгэн үйл ажиллагаагаа эрэмбэлэн, санхүүжилтийг нэмэгдүүлэн хүүхэд нэг бүрийг халамжлан сүрьеэгээс урьдчилан сэргийлэх болно” гэж хэлсэн юм. 

НҮБ-ын чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл Харвардын профессор, Харвардын судалгааны нэгж MHI байгууллагын үүсгэн байгуулагч Др. Ганмаатай цаг гарган уулзаж Монгол хүүхдүүдийн Д аминдэмийн дутагдлыг нөхөн, сүрьеэгээр өвдсөн хойно нь биш  халдвар авахаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор, хот хөдөө орон нутгийн 8,000 гаруй хүүхдүүдийг хамруулан хийж буй судалгааг нь сайшаан, цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

2030 он хүртэл хүүхэд, өсвөр үеийнхний дундах сүрьеэг төгсгөл болгох зорилготой зураглалд доорх зүйлсүүдийг онцолсон байна.

  1. Бүх шатанд сүрьеэтэй тэмцэх ухуулга сурталчилгааг хийж хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх
  2. Үндэсний хэмжээнд сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр боловсруулж, санхүүжилтийг нэмэгдүүлж сүрьеэтэй тэмцэх үйлсэд дотоодын манлайллыг сайжруулах
  3. Хүүхдийн дундах сүрьеэг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг туршлага, стратегийг нэвтрүүлэх, өөрчлөлтийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах
  4. Хүүхэд залуучуудын дундах сүрьеэгийн эсрэг төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх
  5. Судалгаа, баталгаанд суурилсан бодлого боловсруулж практикт нэвтрүүлэх
  6. Урьдчилан сэргийлэлтийн интервенцийг өргөн хүрээнд хэрэгжүүлж
  7. Хүүхэд залуучуудын дундах сүрьеэгийн идэвхитэй илрүүлгийг системтэйгээр тогтмол хийж, эмчлэх
  8. Гэр бүл, нийгэмд төвтэй цогц стратеги баримтлах
  9. Мэдээлэл цуглуулах болон тайлагнах, мэдээллийг боловсруулах ажлыг сайжруулах
  10. Хүүхэд залуусын дундах сүрьеэтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлуудыг дэмжих гэжээ. 

 Дээрх хоёр үйл явдлаас гадна 2018 оны 09 сарын 23-29-ны хооронд TB Innovation Summit Нью Йорк хотноо болж дэлхийн шийдвэр гаргагчид сүрьеэ өвчинтэй тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, инноваци нэвтрүүлэх талаар санал бодлоо хуваалцсан юм.

Үүнээс үзвэл, дэлхийн сүрьеэтэй тэмцэх стратеги шинэ шатанд гарлаа. Сүрьеэгээр өвдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Монгол улс ч энэхүү урьдчилан сэргийлэх бодлогод хувь нэмрээ оруулж “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас хамгаалахад Д аминдэмийн нөлөө” судалгааг Харвардын эрдэмтэдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж байна.