Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМД-аас санхүүжүүлэн улс орон даяар иргэдээ Урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар өчигдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар боллоо.

Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах аж.

Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэг орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ. Үүнд:

  1. Ходоод
  2. Улаан хоолой
  3. Умайн хүзүү
  4. Түрүү булчирхай
  5. Цөс
  6. Нойр булчирхай
  7. Элэг
  8. Бөөр

Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдарыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой.
 
Үзлэг оношилгоог харьяалагдах өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийж байгааг ЭМЯ-ны эх сурвалж хэллээ.

Гэхдээ Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрагдахад эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагыг тавьжээ. Хэрвээ даатгал төлдөггүй бол сайн дурын даатгалд 28,800 төгрөг төлөөд энэ үзлэгт хамрагдаж болохыг ЭМД-ын ерөнхий газраас зөвлөлөө. Сайн дурын даатгал төлснөөр жилд 2,000,000 төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой байдаг аж.