Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

​М.Тэмүүлэн: Биеийн жин илүү байх нь үений өвчин үүсэхэд маш их нөлөөлдөг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 10 сарын 1
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Манай улсын иргэд, ялангуяа нас ахисан, хөгшин хүмүүст үе мөч өвдөх зовиур түгээмэл. Уг өвчний үед хийдэг эмчилгээний талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн үе мөчний мэс заслын эмч, АУ-ны Магистр М.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Хүмүүсийн, ялангуяа нас ахисан хүмүүсийн үе мөч өвдөх тохиолдол их. Үүний шалтгаан нь юу вэ?

-Олон төрлийн шалтгаанаар үе мөчний эмгэг үүсэж болно. Ерөнхийд нь ангилж үзвэл анхдагчаар үүссэн буюу хөгширлөөс үүдэлтэй үений элэгдэл өвчин, хоёрдогчоор үүссэн буюу гэмтэл, халдвар, бодисын солилцоо, дархлаа, хавдар, удмын болон бусад шалтгаант үений өвчин гэж ялгаж үзэж болно. Жишээлбэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу хоолойн ангинаас шалтгаалсан үений эмгэг, зарим тохиолдолд бэлгийн замын халдвараас шалтгаалан уг өвчнөөр өвчилж болох юм. Эдгээр өвчнүүд нь тухайн үеийг өөрчлөлтөд оруулж, эмгэгшүүлдэг гэсэн үг. Энэ мэт олон шалтгааны улмаас хүмүүсийн үе мөч өвддөг. Ихэвчлэн хамгийн их ачаалал авдаг өвдөг, нурууны үенүүд өвчилөх нь их.

-Шалтгаан нь олон төрөл байдаг учраас оношлоход хэцүү байх. Хэрхэн оношилдог вэ?

- Ер нь үений өвчний шинж нь тухайн үеэр өвдөх, хөших, хөдөлгөөн хязгаарлагдан гүйцэд нугарч тэнийхгүй болох, хөндүүрлэх, сууж байгаад босоход хүндрэлтэй байх, хөдөлгөхөд шажигнаж дуугарах, хөндүүрлэх, үений хэлбэр өөрчлөгдөх гэх мэтээр илэрдэг. Нийтлэг тохиолддог үений эмгэгүүдийг оношлон эмчлэхэд харьцангуй хялбар хэдий ч дархлаа хамааралт гэх мэт үений эмгэгүүдийг ялган оношлоход зарим тохиолдолд төвөгтэй байдаг.

-Үе мөчний өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ?

-Өвчний шалтгаан үе шатаас нь хамаарч зохих эмчилгээ хийх нь үр дүнтэй байдаг. Хамгийн энгийн эмчилгээний хэлбэр бол өвчнийхөө талаар зөв ойлголттой болох явдал юм. Ерөнхийдөө үений өвчнийг эмийн бус, эмийн, мэс заслын эмчилгээ хийж эмчилж болно. Эмийн бус эмчилгээний хувьд биеийн жингээ хасах, гам барих, физик нөхөн сэргээх, уламжлалт эмчилгээнүүд ордог. Бас нэгэн төрлийн эмийн бус өвчнийг эдгээх нөлөө бүхий эмчилгээний хэлбэр нь PRP тарилга буюу ялтас эсээр баялаг сийвэнгийн тарилга юм. Тус тарилгын онцлог нь эмчлүүлэгчийн өөрийнх нь цусны хэсгийг эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд харьцангуй эрсдэлгүй шинэ төрлийн эмчилгээ юм.

Мөн PRP эмчилгээтэй адил эмчилгээний нэг хэлбэр нь үүдэл эсийн тарилга эмчилгээ. Үүдэл эс гэдэг нь суурь эс бөгөөд бусад эсүүдээс ялгарах онцлог нь хүний биеийн олон эдүүдийг үүсгэх чадвартай байдаг. Жишээлбэл, ясны эс ясаа, арьсны эс арьсаа л үүсгэдэг бол үүдэл эс нь булчин мөгөөрс, шөрмөс гэм мэт олон эдүүдийг үүсгэх чадвартай маш өвөрмөц эс юм.

Манай эмнэлэгт хийгдэж байгаа өөхөн эдийн гаралтай мезинхимийн үүдэл эсийн тарилга нь үрэвсэл дарж, эсийн үхжлийг удаашруулах, шинээр эс үүсэх боломжоор нь хангах гэм мэт олон эерэг үйлчилгээтэй. Хүний биеийн эрхтнүүдэд үүдэл эс харьцангуй хэмжээгээр агуулагдсан байдаг учраас өвчилсөн зарим эрхтэн удаан, зарим нь түргэн эдгэрдэг. Жишээлбэл арьсыг хэдэн ч удаа зүссэн эдгэчихдэг шүү дээ. Хэзээ хаана, ямар эрхтэнд гэмтэл учирсан байна түүнд үүдэл эс очиж үйлчилж, нэг ёсондоо засвар хийдэг. Тиймээс уг чадварыг нь ашиглаж, үүдэл эс ихээр байдаг эрхтнээс байдаггүй хэсэг рүү нь шилжүүлэн суулгах замаар эмчилж байна гэсэн үг юм. Мэс заслын эмчилгээний хувьд дурангийн болон нээлттэй аргаар хийж эмчилдэг. Дурангийн мэс заслын хувьд маш бага хэмжээтэй шарх үүсгэн үений хөндийг дурангаар харж засдаг бол нээлттэй мэс заслын хувьд харьцангуй том хэмжээний шарх үүсгэж эмчилдэг. Эдгээр нь тус бүрдээ өөр өөрийн онцлогтой.

-Үүдэл эсийг ямар эрхтнээс авдаг вэ. Хэр үр дүнтэй байдаг вэ?

-Үүдэл эсийг ясны чөмөг, арьс, эхэс гэм мэт олон хэсгээс ялган авч болох ч сүүлийн жилүүдэд хамгийн ихээр эмчилгээнд хэрэглэгдэж байгаа нь өөхөн эдийн гаралтай үүдэл эс юм -Үений тарилгад ямар нэгэн сөрөг нөлөө бий юү? -Зөв газраа, зөв техникээр хийж чадвал онцын сөрөг нөлөө байдаггүй. Зарим нэг мэргэжлийн бус хүмүүс эл тарилгыг дур мэдэн хийхдээ халдвар оруулах тохиолдол гардаг. Энэ нь ноцтой хүндрэл үүсгэдэг. Мөн гормон буюу дааврын тарилгыг манай иргэд хамаа замбараагүй хийлгэдэг. Ялангуяа орон нутгийн иргэд 7-8 хоногийн зайтай олон удаа давтан хийсэн байдаг. Ингэж ойрхон зайтай олон хийлгэх нь буцаад сөргөөр нөлөөлж эхэлдэг. Жишээлбэл, дархлаа бууруулах, таргалуулах, яс сийрэгжүүлэх, эдийг гэмтээх гэх мэт маш олон сөрөг нөлөөтэй.

-Урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Мэдээж хөгшрөхөөс зайлс хийх арга байхгүй учраас уг шалтгааны улмаас үүссэн үений эмгэгээс урьдчилан сэргийлэх төвөгтэй. Гэхдээ биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, зөв дасгал хөдөлгөөн тогтмол хийж, хоол ундаа тааруулж ухаалаг хэв маягаар амьдрах нь урьдчилан сэргийлэх томоохон хэлбэр болно. Ер нь манай иргэд эл төрлийн өвчлөлд өртөх хамгийн том шалтгаан нь таргалалт байдаг учраас биеийн жиндээ маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа нас ахисан эмэгтэйчүүдийн дунд хэвийн жинтэй хүн маш ховор. Жишээлбэл Япон, Солонгос улсын иргэд илүүдэл жинтэй байвал эмч нь та турах шаардлагатай гэж зөвлөхөд шаардлагыг маш сайн биелүүлдэг.

Манайхан эл шаардлагыг биелүүлэх нь ховор, нийтээрээ хүлээн зөвшөөрөх нь ч бага. Тийм сул талаасаа шалтгаалан үений элэгдэлт өвчлөлд өртөх магадлал нь өндөрсдөг. Түүнчлэн ямар нэгэн байдлаар гэмтэхгүй байх хэрэгтэй. Тиймээс архины хэрэглээгээ зохицуулах нь маш чухал. Ямар нэгэн байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн тохиолдол маш өндөр хувийг эзэлж байна. Ингэж иргэдээс өөрсдөөс нь шалтгаалж өвчлөл өндөрсөж байгаагийн дээр манай хотын агаарын бохирдол, тоосжилт хүн амын нягтаршилт, нийтийн хоолны газрын ариутгал халдваргүйжүүлэлт тааруу, чихрийн хэрэглээ хэт өндөр байгаа байдал дам нөлөөлж байна.Тодруулбал, хоолой нь өвчилдөггүй шүд хорхойтой өвчингүй, хэвийн жинтэй хүүхэд, томчууд бараг үгүй. Эдгээр хүчин зүйлс үений болоод олон өвчний шалтгаан болж байна.

-Дурангийн мэс заслыг ямар үед хийдэг вэ?

-Үений хөндийн болон, тэр орчмын жижиг гэмтэл, жижиг хавдар, үрэвсэл зэрэг олон өвчнийг дурангаар засаж болно. Үений элэгдэлт өвчний тодорхой үе шатанд тэхлэг засах мэс засал хийхдээ дурангийн мэс заслыг хавсруулан хийж засдаг. Нэг үгээр хэлэхэд мөгөөрсгүй болсон гэсэн үг. Харин тухайн үений өөрчлөлт бусад эмчилгээнд үр дүн өгөхгүй болсон үед хиймэл үе суулгах мэс засал хийдэг. Тухайн үеийг сэргээж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хийснээр тухайн үений өвдөлт зовиур 90 хувиар буурна. Тиймээс байнга эмийн болон тарилгын эмчилгээ хийлгэхээ больж, харьцангуй хэвийнээр ажлаа хийгээд амьдарч болно. Манай улсад хиймэл үе суулгах мэс заслыг голдуу өвдөг, түнх, нуруунд хийдэг. Хүмүүс хиймэл үе суулгах мэс заслыг нэг л удаа хийлгэж болдог гэж буруу ойлгох нь их байдаг. Энэ мэс заслыг олон удаа хийлгэж болдог.

У.ТЭРГЭЛ

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Зураг