Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн тогтолцоотой байя гэдэг байр суурь илэрхийлсэн гэж бодохгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, З.Нарантуяа нар мэдээллээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Энэ хуралдаанаар 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаарх гишүүдийн байр суурийг сонслоо. Өнөөдрийн чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын хэлсэн үгийн гол утга санаа, цаашид намрын чуулган хэрхэн өрнөх вэ гэдэг дээр гишүүдийнхээ байр суурийг сонсож нэгтгэлээ.    

Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монгол Улсад өнөөдөр тогтолцооны хямрал нүүрлэсэн. Улс төр, нийгэм, эдийн засгийн эрс шинэчлэл хийх шаардлага бий болсон гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгдэж байгаа юм. 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай олон жил ярьж байгаа. Гэхдээ өнөөдрийн Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нарын илэрхийлсэн зөрүүтэй байр суурин дээр АН-ын бүлэг өөрсдийн байр суурийг зайлшгүй гаргах шаардлагатай. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж гурав дахь жилдээ ажиллаж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгдсэж байгаа. Харин Үндсэн хуулийг батлах процесс нь буруу юм гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв энэ асуудлыг цааш нь явуулах юм бол ард нийтийн санал асуулга явуулж хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. 

Ерөнхийлөгч өнөөдөр хэлсэн үгэндээ шинэ Үндсэн хуулийн талаар дурдсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаар улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо ямар байх талаар Ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийн илэрхийлсэн. Энэ асуудал дээр АН-ын бүлэг мэргэжлийн өндөр түвшинд шинжилж, байр сууриа тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн. 

Мөн энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн гурван дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдол энэ асуудлыг УИХ-аар 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тиймс учраа энэ долоо хоногт яаралтай Засгийн газрын гишүүнээ өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байгааг олонхын бүлэгт сануулж байна. 

Дараагийн хэлэлцсэн асуудал бол сүүлийн үед эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаар дүгнэлтээ нэгтгэж гаргаж байна. Үнийн огцом өсөлт, ам.долларын ханшийн уналтад бид зайлшгүй улс төрийн дүгнэлт гаргах шаардлагатай болсон байна гэж үзэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сая Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тогтолцоог эрс өөрчлөхийг уриаллаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдсан. 
АН, АН-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, засаглалын тогтолцоог боловсронгуй болгох цаг нь болсон гэж үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бид хэлбэр, агуулга талаас нь мэргэжлийн өндөр түвшинд харах ёстой. 

АН ард нийтийн санал асуулга явуулах замаар буюу ард түмнээсээ асуух замаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. 2000 онд эрх баригч нам ард түмнээс асуухгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс болж байнгын хороо тав, УИХ 20-хон гишүүнтэй хуралдаж хууль баталдаг эмх замбараагүй байдал бий болсон. 

Хэнтий аймаг дахь УИХ-ын нөхөх сонгуулийн товийг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан байгаа. Цэцийн энэ шийдвэрийг АН-ын бүлэг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн цэц эрх баригч намын захиалгаар ийм шийдвэр гаргасныг АН-ын бүлэг завхрал гэж үзэж байгаа” гэв. 

З.Нарантуяа “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрхэн биеүүлэв. Эдийн засгийн макро орчинд ямар өөрчлөлт гарав гэдэг дээр АН бодитой судалж, өөрсдийн дүгнэлтээ гаргаж явж ирсэн. 

Яг өнөөдрийн нөхцөл байдалд бид Засгийн газрын үйл ажиллагаанд дараах үнэлэлт дүгнэлтийг өгч байна. Хэдийгээр гадаад зах зээл дээр таатай байдал бий болсон, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлснээр төсвийн орлого нааштай гарсан сайн үзүүлэлтүүд байгаа ч анхаарууштай зүйл их байна.

Товчхон хэлбэл, энэ Засгийн газар маш их мөнгөтэй, баян Засгийн газар. Харамсалтай нь маш үрэлгэн, ард түмэндээ өгөөжгүй бодлого барьж байгаа. Яагаад гэвэл төсвийн орлого маш их нэмэгдсэн. Гэсэн ч энэ өсөлт айл өрхөд ямарч өгөөжгүй байгаа. 2016 оны зургаадугаар сарын байдлаар нэг ам.доллар 1,950 төгрөгийн ханштай байсан бол өнөөдөр 2,552 төгрөг болсон байна” гэлээ. 

Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариууллаа. 

-Өр уламжилж ирсэн. Нэг нь цагаан тагтаа болох гээд байх юм. 2016 оны зургаадугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нууц тогтоол батлахад Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат та гарын үсэг зурсан хүмүүсийн нэг. Эрдэнэт үйлдвэрийг шалгасан дүнгээ яагаад оруулж ирэхгүй байгаа юм. Ж.Батзандан гишүүнээс асуух зүйл байна. Танай намын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаад зүтгүүлсээр байгаад батлуулсан. Одоо намрын чуулганаар тэр лайг чинь цэвэрлэх гээд яваад байгаа юм бишүү. 

З.Нарантуяа: Өр уламжилж ирсэн гэж байна. МАН 2016 онд сонгуульд нэр дэвшихдээ АН-ын тавьсан өрийг байхгүй болгож, ахиж нэг ч төгрөгийн өр тавихгүй гэж хэлж гарч ирсэн. Өмнөх удаагийн тавьсан өр юунд зарцуулагдсан гэдгийг тухайн үед нь ярьсан учраас нэмэгдсэн өрийн тухайн ярья. 

Та нар өр тавьсан. Бид нар ч бас өр тавьж байна гэсэн байдлаар битгий асуудалд хандаач гэж хэлье. 

Ам.долларын тухайд бусад улсад долларын ханш чангарч байгаа юм чинь Монголд ч бас чангарах ёстой юм бишүү гэсэн байдлаар хандаж болохгүй. Улс болгон ханшаа алдахгүйн тулд мөнгөний бодлогоороо дамжуулж, ханшаа барих ёстой. Ханшаа барихад хангалттай нөөц бололцоо Төв банканд байна. Ийм таатай нөхцөлд ханшаа барьж чадахгүй байгааг шүүмжилж байгаа юм. 

Д.Эрдэнэбат: Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Энэ дээр би байр сууриа илэрхийлсэн. Гадна байгаа өмчөө Монгол Улсад оруулж ирсэн нь үнэн. Эндээс Монгол Улс хохирсныг хэн ч тогтоогоогүй. Энэ асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. 

Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудлыг Их хурал хамгийн түрүүнд шийдэх ёстой. Энэ болон Монгол Улсад учирч байгаа бодит хохирол

Ж.Батзандан: Сонгуулийн тухай хууль намрын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийг, УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгтгэж Ерөнхий хуультай болсон. Эрх баригчид сонгуулийг тус тусад нь бие даасан хуультай болгох гэж байна гэж бид харж байгаа. 

Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудалд албан ёсоор орж ирсэн үед нь АН-ын бүлэг өөрийн санаа бодлоо тусгаж хэлэлцүүлэх шаардлагатай.

Эрдэнэтийн асуудлаар нэг зүйл хэлье. Эрдэнэтийн 51 хувийг гадаадын банканд барьцаалж хэсэг бүлэг хүмүүс их хэмжээний зээлийг хувь хүн, аж ахуйн нэгжид авч өгсөн. Үүнээс улсад учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. 

49 хувийн асуудал дээр УИХ тогтоол гаргасан. Энэ 49 хувийг Монголын ард түмэн худалдаж авах эрхтэй  байсан. Тэр эрхийг хэрэгжүүлсэн гэсэн. Энэ тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй болохыг баталсан. Харамсалтай нь Улсын дээд шүүх Худалдаа хөгжлийн банкны лоббид автаж шийдвэр гаргасан. Энэ асуудлыг шийдэгдсэн гэж үзэхгүй байна. Шүүх Монголын ард түмний эсрэг шийдвэр гаргасан. 

-УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Гүрж улсын тухай жишээ авсан. Манай улсад канцлерийн засаглал нь илүү тохиромжтой юм уу парламентийнх нь тохиромжтой юм уу?

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгч тийм, ийм тогтолцоотой байя гэж ярьсан гэж ойлгоогүй. Тогтолцооны асуудал нь хүн ам, байршил, эдийн засаг гээд олон зүйлээс шалтгаална. Тийм учраас өнөөдрийн чуулганы нээлт дээр Төрийн тэргүүн зөвхөн Ерөнхийлөгчийн тогтолцоотой байх ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн гэж бодохгүй байна. 

АН-ын бүлэг энэ асуудал дээр мэргэжлийн өндөр түвшинд судалгаа хийж байж байр сууриа илэрхийлнэ.