Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"АНД Глобал" компаниас ОУ-ын математикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг урамшууллаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Олон улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багийн  сурагчдыг "АНД Глобал" компанийн хамт олон өнөөдөр хүлээн авч уулзан, урамшууллаа. 

Мөн ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани болох "АНД Глобал" компанийн зүгээс Монголын Математикийн Олимпиадын Хороо ТББ-д 50 сая төгрөгийн хандив өгөхөөр болсноо энэ үеэр мэдэгдсэн юм. 

"АНД Системс Тех" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энхбаяр Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад хандан "Манай компанид математикт дуртай, улсын болон олон улсын олимпиадад оролцож байсан олон хүн ажилладаг. Тиймээс математикийн олимпиадад явсан хүүхдүүдээ, багш нараа, Монголын Математикийн Олимпиадын Хороог ч гэсэн тал бүрээр дэмжиж ажиллахыг хичээдэг юм.

Өнгөрсөн жил бид хүүхдүүдийг олимпиадаас ирэхэд нь угтаж аваад, дурсгалын зүйл гардуулж байсан.  Харин энэ жил сурагч тус бүрийг тодруулбал, хүрэл медаль хүртсэн хүүхдүүдийг 200 мянга, мөнгөн медаль хүртсэн хүүхдийг 300 мянган төгрөгөөр урамшуулж, өргөмжлөл олгохоор уриад байна. 

Алт, алмаз эрдэнэтэй зүйрлэж болох тархиа ашиглаад хүнд, нийгэмд хэрэгтэй зүйл хийгээрэй.

Би өөрөө ч 1994 онд олон улсын олимпиадад оролцож байсан. Та нар шиг мундаг байгаагүй, медаль авч чадаагүй ч математикаар хичээллэсэн маань цаашид мэдээлэл зүйн чиглэлээр явахад тус дөхөм болсон гэж боддог. Математикаар хичээллэхийн ач холбогдлыг мэддэг учраас та бүхнийг боломжоороо дэмжихийг хүсэж байна. 

Та бүхэн энэ сайхан алт, алмаз эрдэнэтэй зүйрлэж болох тархиа ашиглаад хүнд, нийгэмд хэрэгтэй зүйл хийгээрэй" хэмээсэн юм. 

Хувь хүн, компаниудын зүгээс спортын хороодыг ивээн тэтгэх тохиолдол түгээмэл байдаг. Харин "АНД Глобал" компанийн хамт олон боловсролын салбарт анхлан хөрөнгө оруулалт хийж буй нь үлгэр дуурайл болохуйц жишээ юм. 

 

Энэ талаар Олон улсын математикийн 59 дүгээр олимпиадад багаа ахалж явсан Г.Баярмагнай багш "Монголын Математикийн Олимпиадын Хороо нь хот, хөдөөгийн ЕБС-иудын математикийн багш нар, их, дээд сургуулийн багш нарын багтсан сүлжээ байгууллага. Хорооны үйл ажиллагаа бүсийн, дүүргийн, хотын, улсын, олон улсын олимпиадыг хамарч байдаг. Тэгэхээр дээр дурдсан 50 сая төгрөгийн санхүүжилт энэ олон шатлал бүхий сүлжээ байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагдана гэж ойлгож болно" гэв.

Түүнчлэн "Байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр суралцахаар төлөвлөж буй хүүхдүүд математикийн суурь сайтай байх нь чухал ач холбогдолтой байдаг. Сүүлийн үед нийгмийн ухааны чиглэлээр суралцах тохиолдолд ч математик суурь чухал гэж үзэх болсон байна. 

Монголын Математикийн Олимпиадын Хороонд "АНД Глобал" компаниас 50 сая төгрөгийн хандив өгснөөр тус хороо олон улсын олимпиад эхлэхээс нэг, хоёр сарын өмнөөс эрчимтэй үйл ажиллагаа явуулж хүүхдүүдээ бэлддэг бус байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах, санхүүгийн асуудалгүй болох боломжийн эхлэл тавигдаж байна" хэмээн МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, "АНД Глобал" компанийн зөвлөх Ү.Отгонбаяр энэ үеэр онцлон хэлж байсан юм. 

Манай улсын хувьд Олон улсын математикийн олимпиадад 1965 оноо хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд тогтмол амжилттай оролцдог орнуудын тоонд багтдаг. Сонирхуулж хэлэхэд, Олон улсын математикийн олимпиадад их, дээд сургуульд элсэн ороогүй 20 хүртэлх насны хүүхдүүд оролцох эрхтэй бөгөөд манай улсаас хамгийн багадаа 14 настай сурагч эх орноо төлөөлөн оролцож байжээ.
 

Эргэн сануулахад, 2018 оны долоодугаар сарын 4-14-нд Румын улсад зохион байгуулагдсан Олон улсын математикийн 59 дүгээр олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон зургаан сурагч бүгдээрээ медаль хүртсэн билээ. Тус олимпиадад нийт 107 орны 594 сурагч оролцож, манайх багийн дүнгээр 28 дугаар байрт орсон юм. 

Багийн ахлагчаар доктор Г.Баярмагнай, орлогч доктор Б.Батцэнгэл нар явсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд багтсан сурагчдыг танилцуулбал,

М.Лханаажав (УБ, Олонлог сур, 12 анги ) - Мөнгө, 
М.Өнөболд (УБ, 1-р сур, 9 анги) -Хүрэл, 
Х.Санжаахүү (Хөвсгөл, Дэлгэрмөрөн, 12-р анги ) -Хүрэл, 
О.Мишээл (УБ, Шинэмонгол сур, 9 анги) -Хүрэл, 
Б.Батмэнд (УБ, 1-р сур, 10 анги) -Хүрэл, 
Б.Төрбат (УБ, Орчлон сур, 12 анги) -Хүрэл медаль хүртсэн билээ.