Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Wi-Fi сүлжээг хэрхэн оновчтой зохион байгуулах зөвлөмж

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Wi-Fi сүлжээг оновчтой зохион байгуулж чадвал гэрийнхээ өнцөг булан бүрт интернэт холболттой болно.

Үүнд хамгийн гол асуудал нь Wi-Fi рутерыг зөв газарт байрлуулах юм. Ингээд мэргэжилтнүүдийн өгсөн дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

Зөв төхөөрөмж сонгох

Зөв рутер сонгохоос эхлэх ёстой. 140 м.кв хүртэл талбайтай гэрт нэг рутер байрлуулахад хангалттай. Ингэхдээ 802.11ac стандартын утасгүй сүлжээтэй рутерыг сонгох нь чухал. Шинэ стандарттай рутер нь хурд сайтай, хамрах талбай өргөнтэй байдаг. Олон жил хэрэглэсэн хуучин рутертүүдэд ийм стандарт байхгүй.

Том талбайтай сууцанд нэг рутер хангалтгүй тул хэд хэдийг ашиглах хэрэгтэй болдог. Гэхдээ аль ч тохиолдолд гол рутерыг зөв газарт байрлуулах нь чухал юм.

 

Төв цэгийг сонгох

Рутер нь сигналыг бүх чиглэлд цацдаг тул гэрийнхээ захад байрлуулбал сигналын зарим хэсэг нь гэрийн гадна талыг хамарна. Ингэх нь ашиггүй.

Тиймээс аль болох төв цэгт байруулах хэрэгтэй.

Интернэт модем ихэвчлэн гэрийн хананаас кабелиар холбогддог тул төв хэсэгт байрлуулахад амар биш. Гэхдээ хэдэн метр сүлжээний кабель татах нь үр ашигтай хөрөнгө оруулалт тул хийхээс өөр аргагүй.

 

Өндөрт байрлуулах

Рутерын сигнал доош чиглэлд цацагддаг тул өндөрлөг цэгт байрлуулах нь оновчтой болж илүү өргөн талбайг хамарна. Номын тавиур дээр байрлуулах, эсвэл хананд зөвхөн рутерт зориулсан тавиур бий болгох хэрэгтэй,

 

Электроник төхөөрөмжүүдээс хол байлгах

Бусад электроник төхөөрөмжүүүд, том метал биетээс аль болох хол байлга. Ингэхгүй бол сигналын тархалтад сөргөөр нөлөөлдөг. Тухайлан хэлэхэд богино долгионы зуух рутертай адил зурвасын (2.4GHz) сигнал ялгаруулдаг тул хамгийн их сөрөг нөлөөтэй.

 

Рутерын антеннууд чухал үүрэгтэй

Зарим рутерууд огт антеннгүй, зарим нь бүр хэд хэдэн антеннтай байх нь бий. Антеннууд сигналыг чиглүүлэх үүрэгтэй байдаг. Хэрвээ хоёр ба түүнээс дээш тооны антеннтай бол тэднийг нэг чиглэлд байрлуулж болохгүй. Хоёр антеннтай бол хоорондоо перпендикуляр чиглэлтэй буюу нэг нь хэвтээ, нөгөө нь босоо чиглэлтэй байх ёстой. Олон антеннтай бол бүгдийг нь чиглэл давхцуулалгүй, зөрүүтэй байрлуулах хэрэгтэй.

 

Сигналын зураглал гаргах

Бүр аргагүйдсэн тохиолдолд орон зайд сигнал хэрхэн тархаж байгааг зураглаж хараад тохируулах хэрэгтэй. Ийм зориулалттай янз бүрийн програмууд байдгийн нэг нь NetSpot юм. Үнэ төлбөргүй энэ програм Mac болон Windows компьютерт суудаг.

 

Эх сурвалж: CNET