Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар эмэгтэй хүүхдийн боловсролд анхаарал хандуулах нь зайлшгүй асуудал болсныг онцоллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
More than 130 million girls worldwide do not attend school. Image: REUTERS/Bazuki Muhammad

Хэрэв бид охид, эмэгтэйчүүдэд хангалттай боловсрол олгож чадахгүй бол бид сүйрэл рүү ойртож байна хэмээн дэлхийн томоохон улс гүрний гурван удирдагч анхааруулаад байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар Дэлхийн улс орны удирдагчид нэгэн дээвэр дор санал бодлоо солилцож, байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

Тэгвэл өнгөрөгч Мягмар гарагт Франц, Канад болон Их Британи улсын төрийн тэргүүд нийгэм дэх охид, эмэгтэйчүүдэд чанартай боловсрол олгох асуудалд илүү их анхаарал хандуулахгүй бол ирээдүйд биднийг сүйрэл хүлээж байна. Тийм ч учраас улс орнуудыг тус асуудлыг чухалчлан үзэхийг уриалаад буй нь олон улсын эх сурвалжуудын анхаарлыг татаад байна.

Төрийн удирдагчид хэрэв улс орнууд эмэгтэй хүүхдэд боловсрол олгох тал дээр анхаарлаа хандуулахгүй бол улс үндэстний бүтээлч байдал алдагдаж, нийгмийн тогтворгүй байдал болон зөрчил мөргөлдөөн ихэссээр байх болно гэж НҮБ-ын индрээс хэлж байлаа.

Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо “Хэрэв бид эмэгтэйчүүдийг зөв шийдвэр гаргахад нь тусалж, тэр эрхийг нь өгөх юм бол бид бүгд түүний ашиг тусыг хүртнэ” гэжээ.

Дэлхийн Банкны гаргасан судалгаагаар дэлхий даяар зөрчил мөргөлдөөнт болон хүрэлцээ, хангамж муу бүс нутагт ойролцоогоор 130 гаруй сая эмэгтэй хүүхэд сургуульд суралцдаггүй ба дэлхий даяар бүтээлч бус байдлаас болон алдаж буй 30 гаруй тэрбум ам.доллартай тэнцэхүйц алдагдал хүлээдэг гэсэн судалгаа гарчээ.

Хангалтгүй боловсрол нь охид, эмэгтэйчүүдийг эрт гэрлэлт, жирэмслэлт, эрүүл мэндийн асуудал, ядуурал зэрэгт өртөхөд хүргэдгийг судлаачид дурдсан байдаг.

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон "Эмэгтэйчүүдийн боловсролд анхаарал хандуулах нь улс орны томоохон хөрөнгө оруулалт юм. Хэрэв бид тус хөрөнгө оруулалтыг хийхгүй бол сүйрэлд бэлдэж эхлэх хэрэгтэй” гэв.

 
UN General Assembly

Их Британи улсын Ерөнхий сайд хатагтай Тереза Мэй охидуудад үнэ төлбөргүй, 12 жилийн ерөнхий боловсролыг олгох боломжийг бий болгохыг бусад улсуудад уриалсан юм.

Тэрбээр "Боловсролын хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх нь нийгэмд төдийгүй улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж, зөрчил мөргөлдөөнийг бууруулдаг" гэжээ. 

Бүх нийтийн боловсролыг дээшлүүлж, тэгш боловсролыг олгох нь тогтвортой хөгжлийн 17 зорилгод багтсан байдаг ба үүний дагуу НҮБ-ийн гишүүн улс бүр 2030 он гэхэд ядуурал, тэгш бус байдлыг багасгах амлалтыг аваад байгаа билээ. 

 

Эх сурвалж: Weforum.org