Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын цахим гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь 40-өөс дээш насны эмэгтэйчүүд байна

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ сард Хонг Конг улсын 66 настай эмэгтэй 180 гаруй сая Хонг Конг доллар буюу ойролцоогоор 23 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг дотоодын танилцах зарын сайтаар танилцсан, Британи улсын инженер гэх дүр эсгэсэн залилагчид алдсан хэрэг гарчээ.

Тус эмэгтэй энэ сарын эхний хагаст ийм төрлийн гэмт хэрэгт хохирсон нийт 330 хохирогчдын нэг болсон юм.

Хонг Конг улсын цагдаагийн байгууллагаас ийм төрлийн гэмт хэрэг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 40 гаруй хувиар нэмэгдэж, нийт хохирогчдын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба цахим гэмт хэрэгт урсаж буй мөнгөний хэмжээ ч ихэссээр байгааг тэмдэглэжээ.

Тухайлбал, өнгөрсөн жил тус улсад ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид ойролцоогоор 59,000 ам.долларыг алдаж байсан бол энэ жил тус тоо 64,000 ам.доллар болж өссөн байна.

Гэмт хэргийн дагуу цагдаагийнхан мөрдлөгө хийхэд Малайз болон Хонг Конг улсад ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж буй хүмүүсийн дийлэнх нь Нигери улсаас гаралтай эрчүүд байсан ба ихэнх нь оюутны визээр амьдардаг хүмүүс болохыг тогтоожээ.

Мөн Хонг Конг улсын хүн амын хувьд эмэгтэй хүний тоо эрчүүдийнхээс илүү байдагт ийм төрлийн гэмт хэрэг гарч буй томоохон хүчин зүйл байж болзошгүйг ч тус улсын цагдаагийн албаныхан онцлов.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны алба ард иргэддээ цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж сэрэмжлүүлэх ажлыг хийсээр байгаа аж.

Тус улсын танилцаж, болздог сайтаас хохирогч болсон эмэгтэйчүүдийн тоо Хонг Конг улсаас бага гарсан хэдий ч АНУ-д өнгөрсөн жил ийм төрлийн гэмт хэрэг нийт 15,372 удаа бүртгэгдэж, нийт 211.4 сая ам.долларын хохирлыг иргэдэд учруулж байжээ.

Харин Их Британи улсад өнгөрсөн жил ийм төрлийн гэмт хэргийн тохиолдол 3,557 бүртгэгдсэн ба хохирогчдын дийлэнх нь бусад улсуудынхтай адил эмэгтэйчүүд байна.

Энэ жил нийт 41 сая паундын буюу 54 сая ам.доллартай тэнцэх мөнгөн дүнг залилуулсан байна.

Эдгээр улсуудад интернэт, цахим сүлжээ болон танилцах сайтуудаар танилцаж, холбоо тогтоож, залилагч нарт хууртаж буй хүмүүсийн дийлэнх нь 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд байгаа юм. 

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мэдээлж буйгаар эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь өмнө нь гэр бүлийн салалт, хагацал, зовлонг туулж гарсан “сэтгэл санааны хувьд эмзэг” бүлгийн хүмүүс байдаг гэжээ.

Цаашид цахим гэмт хэргийн гаралт улс орнуудад ихсэх хандлагатай байгаа ба үүнээс сэргийлэх янз бүрийн арга хэмжээг улсуудын цагдаа, хууль хяналтын байгууллагынхан авсаар байна.

Ихэнхдээ эмэгтэйчүүд хохирогч болж буй цахим гэмт хэргийн гаралт дэлхий даяар нэмэгдэж буй тул сонор сэрэмжтэй байж, танихгүй хүнтэй интернэт сүлжээнд холбогдохгүй байхыг олон улсын эх сурвалжууд анхаарууллаа.

 

 

Эх сурвалж: Qz.com