Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн нүүдэлчдийн III наадмын бөхийн төрөлд Монгол тамирчид 24 медаль хүртжээ

ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагддаг “Дэлхийн нүүдэлчдийн наадам” Иссык-Куль нуурын эрэг дээр өдгөө 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ жил Монгол Улсыг албан ёсоор оролцохыг урьсны дагуу 2018 оны есдүгээр сарын 02-08-ны өдрүүдэд уг наадамд Монгол Улсыг төлөөлж, биеийн тамир спортын салбараас 15 спортын төрлөөр 60 гаруй тамирчид, соёл, урлагийн нийт 12 уран бүтээлчид болон албаны төлөөлөгчдийн хамт амжилттай оролцлоо.    

Тус наадам нь Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Олон Улсын хэмжээний хамгийн том төсөл бөгөөд наадмын гол үзэл баримтлал нь нүүдэлчдийн соёлыг сэргээн хамгаалах, дэлхийн нийтэд сурталчлан таниулах явдал бөгөөд нүүдэлчдийн өв соёл болох дуу хуур, ахуй амьдрал, гар урлал, үндэсний тоглоом наадгай, зан үйлийг бүгдийг сурталчлан түгээж, Олон Улсын өвлөн уламжлагч, ардын авъяастан, урлаг спортын шилдэг төлөөлөгчид нэгэн дор хуран чуулахад оршиж байдаг байна.

Тус наадам 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 2014 онд анхны наадамд 19 орны 583 тамирчид, 1,200 урлаг соёлын төлөөлөгчид оролцож,  2016 онд 2-р наадам 62 орны  тамирчид спортын 26 төрлөөр 1,200 тамирчид өрсөлдсөн ба  энэ удаагийн 3-р наадамд 77 орны урлаг, спортын 3,000 гаруй төлөөлөгчид оролцож, жилээс жилд өргөжин тэлж байна.  
 

Наадмын үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарын албаны төлөөлөгчид, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУУГЖ С.Цогтсайхан, бүжигчин МУУГЖ Ш.Одонтуяа, морин хуурч МУСТА В.Батзориг, Улаанбаатар чуулгын уран бүтээлчдээс хөгжимчин Б.Нарандэлгэр /Битбокс Рэй/, дуучин Д.Шижирмаа, МУИС-ийн Эх бичиг судлалын доктрант, “Содон чимээ” монгол хэлний сургалтын төвийн багш Б.Алтантуяа нар оролцлоо.

Монголын соёл, урлагийн баг бүрэлдэхүүн уг наадмын нээлт болон “Нүүдэлчдийн Ертөнц” соёл, урлагийн фестиваль, хүндэтгэлийн концерт зэрэг нийт 4 удаагийн тоглолт, арга хэмжээнд оролцож, монгол үндэсний соёлын биет бус өв болох морин хуур, уртын дуу, хөөмий, бие биелгээ, аман хуур, хэл хуур, товшуур, битбокс, этник бүжиг, уран бичлэгийн өв соёлоо үзүүлэхийн зэрэгцээ үндэсний хувцасны загварын үзүүлбэр толилуулж, “Монгол Костюмс” ХХК-тай хамтран ажиллалаа.

 

Энэхүү  наадмын  хүрээнд зохион байгуулагдсан “Нүүдэлчдийн спорт” арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн бөхийн 10 төрөл, /Гореш, Гюлеш, Куресы, Кураш, Курөш, Пахлавани, Самбо, Ссирым, Сумо, Монгол үндэсний бөх, Нүүдэлчдийн эх барилдаан/ Мас-рестлинг, Көкпар буюу тулам булаалдах, Аударыспак буюу морин дээрх барилдаан, Тогызхумалах буюу 9 хоргоол, Мангала, Овари, Ордо буюу оюун ухааны спортын төрөл, Уламжлалт морин дээрээс сурын харваа зэрэг нийт 15 спортын төрлөөр 60 гаруй тамирчид  оролцлоо.

 

Үүнээс нийт тамирчдаас 21 медаль хүртэж амжилт үзүүлснээс:

  • Тогызхумалах буюу 9 хоргоол, Мангала, Овари, Ордо буюу оюун ухааны спортын төрөлд нийт- 3 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль эрэгтэй, эмэгтэй тамирчид шагналт 4-5-р байрт төрөл тус бүртээ шалгарсан.
  • Көкпар буюу тулам булаалдах тэмцээнд багаараа 5-р байр.
  • Аударыспак буюу морин дээрх барилдаанд 2 хүрэл медаль, 2 тамирчин 4-р байр.

Бөхийн төрөлд:

  • Д.Анар-1 алт, 2 мөнгө, 1 хүрэл
  • Б.Серик-1 алт, 1 мөнгө, 1 хүрэл
  • Г.Пүрэвбаатар-1 мөнгө
  • Э.Энхболд-1 хүрэл
  • Э.Гантөмөр-1 хүрэл
  • Э.Сэржбүдээ-1 хүрэл
  • А.Алтанхуяг-1 хүрэл нийт-2 алт, 4 мөнгө, 6 хүрэл 12 медаль авч, манай баг тамирчид бүгд- 5 алтан медаль, 5 мөнгөн медаль, 14 хүрэл нийт-24 медаль хүртсэн байна.
 

Дэлхийн нүүдэлчдийн III наадмын спортын төрөлд Монголын Үндэсний бөх нэмж орсонтой холбогдуулан Үндэсний бөхийн тайлбарлагч С.Гантөр, улсын начин А.Алтанхуяг, С.Серик, Б.Анар нарын тэргүүтэй манай 8 бөх, 4 засуул оролцсон үзүүлэх тоглолт хийж, Үндэсний бөхийнхөө гарал үүсэл, уламжлалт өв, соёл, гараа, дэвээ, шавааг гадны орныхонд 3 хэл дээр тайлбарлан танилцуулж, сурталчилснаас гадна манай үндэсний бөхийн барилдаанд нийт 11 орны тамирчид оролцон Монгол Улсын начин Б.Анар уран сайхан мэхээрээ үзэгч олныг гайхшруулан түрүүллээ.

 

Энэхүү наадам нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнээс халиад дэлхийн хэмжээний спорт, соёл урлаг, эрдэм шинжилгээний томоохон наадам болж хөгжиж ирсэн ба тус арга хэмжээ нь бидэнд Монголын үндэсний спорт, соёл урлаг, үндэсний зан заншил, соёлын өв,  монгол ахуйг сурталчлах томоохон боломж болсон гэж үзэж байна. Ирэх “Дэлхийн нүүдэлчдийн IV наадам”-ыг  2020 онд болох зохион байгуулах эрхийг Бүгд Найрамдах Турк Улс аваад байна.

 

Жич: Дэлхийн нүүдэлчдийн III наадмын тухай тодорхой мэдээллийг www.worldnomadgames.com гэсэн албан ёсны цахим хуудаснаас авч болно.

 

 

Эх сурвалж: БСШУСЯ