Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-д өнөөдөр өргөн барилаа.

2019 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарчээ.

Мөн мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлэх аж.

Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд гадаад валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай. 

Гадаад валютын орох урсгалын нэмэгдүүлэхэд Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх нь нэн чухал болж байна. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгажээ.

Ирэх онд хийгдэх банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл нь банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болно.

Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх хүрээнд дараах зорилтыг дэвшүүллээ.

  • Байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлнэ.
  • Технологийн дэвшилд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зарчим, стандартыг тодорхойлж, мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож нэвтрүүлнэ.
  • Чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангана.
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бий болгоно.
  • Түүнчлэн санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг институцийн хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.

 

Эх сурвалж: Монголбанк