Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграмыг үүсгэн байгуулагчид шинэ санаа хайхаар компаниа орхин явлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Майк Кригер, Кэвин Систром нар

Инстаграм сүлжээг үүсгэн байгуулагчид болох Кэвин Систром, Майк Кригер нар компани дахь албан тушаалуудаасаа татгалзаж, шинэ бүтээлч санаа хайхаар явж байгаагаа өчигдөр зарлажээ.

Систром нь Инстаграм компанийн гүйцэтгэх захирал, Кригер нь технологи хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан юм.

Зарим эх сурвалжууд тэднийг Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэргтэй санал нийлээгүй учраас явж байгаа гэж мэдээлж байна.

Инстаграмыг 2012 онд Фэйсбүүк компани нэг тэрбум ам.доллараар худалдан авч байсан юм. Өнөөдөр тус сүлжээ нь сар тутам нэвтэрдэг нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй, Фэйсбүүк компанийн үйлчилгээнүүд дотроос орлогын өсөлтөөрөө тэргүүлж яваа бизнест тооцогддог.

Систром, Кригер нарын мэдэгдэлд тэд “өөрсдийн сониуч зангаа хөөж, шинэ бүтээлч санааны эрэлд дахин гарч байгаа” тухайгаа бичжээ. Тэд Инстаграмд өнгөрүүлсэн найман жил, Фэйсбүүктэй нийлсэн зургаан жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан байна.

Үүний дараа Зукербэрг мэдэгдэл гаргаж, Систром, Кригер нартай хамтран ажиллаж байсандаа баяртай байгаагаа мэдэгджээ.

“Кэвин, Майк хоёр бол гайхамшигтай лидерүүд бөгөөд тэдний авьяас чадварын тусгалыг Инстаграмаас харж болох юм. Би өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тэдэнтэй ажиллахдаа их зүйлийг суралцсандаа баяртай байна. Тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дараагийн шинэ бүтээлээ гаргах өдрийг нь хүлээх болно” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian