Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгой шиг баялаг орд тэнгэрийн оронд байдаг юм болов уу

ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
 

- Сэтгэлийн зул -

Монголын нэр цуут геологичдын нэг табангууд овогт Дондогийн Гарамжав ах минь мөнх бусын хорвоог орхиж, тэнгэрийн орноо заларсан тухай гашуудам харуусалт мэдээ сэтгэл өвтгөж,  зүрх зүслээ. Эрхэм ахтан бид  хэдийгээр олон насны зөрүүтэй ч  үе тэнгийнх юм шиг ижилдэн дасч, ээнэгшин нөхөрлөсөн хоёр билээ.

Сэтгүүл зүйн салбарт хориод жил зүтгэж,  шилдэг сэтгүүлчидтэй авьяас билгээ уралдуулж явахдаа уулзан учирч, ахан дүү мэт үерхэн нөхөрлөсөн хосгүй сайхан хүмүүсийн нэг нь мөнөөхөн Гарамжав гуай бөлгөө. Эдүгээ дэлхий дахинаа хэдийнээ алдар цуу нь дуурссан, тэртээ өмнийн говьд торойн байх Оюу толгой нэртэй жижиг довцог энэ гайхамшигтай хүн бид хоёрыг анх учруулсан юм. Эгэл жирийн энгийн атлаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, зөн совиндоо итгэдэг энэ л хүний ачаар Оюу толгой хэмээх баялаг ордыг нээсэн түүхтэй. Дэлхийд айргийн тавд багтах, монголчуудыг хэдэн зуунд тэжээх асар их нөөцтэй аварга ордыг нээсэн хүн аугаа их, гайхамшигтай байхгүй ер яах юм бэ.

Д.Гарамжав ахтан орд газрыг илрүүлсний төлөөх олон улсын хамгийн нэр хүндтэй шагнал болох Тэйлор Линдслэйн нэрэмжит шагналыг Канадын Торонто хотод гардсан анхны монгол хүн, Монголын анхны геологич байлаа. Монголын төр ч нэрт геологичийнхоо хөдөлмөр бүтээл, гавьяаг нь үнэлж, 2008 онд “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” хэмээх эрхэм хүндтэй соёрхлоо хүртээсэн билээ. Ийм их хувь тавилан, аз хийморь тэр болгон олон хүнд тохиохгүй байх аа. Тийм болохоор тэр үнэхээр Монголын нэгэн бахархал байсан юм. Би түүнд “Ах минь та бол Монгол тулгатны зуун эрхмийн нэг лавтайяа мөн шүү” гэж хэлэхэд даруухнаар инээмсэглэж суудагсан.

Бид хоёр олон жилийн өмнө танилцсан ч XXI зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалтыг дархалсан “Оюу толгой” компанийн өнөр гэр бүлд сүүлийн долоон жил хамтдаа ажиллаж улам дотно нөхөрлөсөн юм.  Энэ талаар гэгээн сайхан дурсамж тун олон бий. Ах минь Оюу толгойн ордын тухай баримт сэлт сайтай, үнэн мөнийг өгүүлсэн “Дурсамж” номоо 2014 онд баринтаглаж олны хүртээл болгосон юм. Энэхүү номынхоо үргэлжлэл буюу Оюу толгойн далд уурхайн ордуудыг хэрхэн нээсэн тухай өгүүлсэн хоёр дахь ботио өнгөрсөн хавар уншигчдын гарт хүргэв.  Хүндэт ах минь энэ хоёр номынхоо анхны уншигч болж, хянан тохиолдуулах эрхэм үүргийг надад ногдуулсан билээ. “Гурав дахь ботио удахгүй гаргана аа хоёулаа” гэлцэн санал нэгдэж, “Оюутны ширээнээс Оюу толгойн орд хүртэл” гэж нэрлэхээр тохиролцож байсан минь хэдхэн хоногийн өмнөсөн.

Гэтэл ах минь одоо алга. Бурхны орноо яараад явчихаж. Тэр тэнгэрийн оронд манай Оюу толгой шиг баялаг нөөцтэй орд байгаа юм болов уу. Д.Гарамжав ахтан маань түүнийг  нээх гэж яараад  тийш явчихсан юм шиг санагдаад байх юм. Нэгэнт өнгөрсөн андаа санахад хүрэл зүрх ч хайлмуй. Ах минь та  Монголдоо, Оюу толгойдоо эргэн төрөөрэй.

Ум сайн амгалан болтугай. 
                               

Сэтгүүлч Баравын Батбилиг