Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цолмон: Хөлбөмбөгийн спорт намайг үргэлж зөв зам руу дагуулсан

М.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

Манай улсад хөлбөмбөгийн 16 хүртэлх насны охидын Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж өндөрлөөд хоёр хонож байна. Энэ тэмцээнийг манай улсын охидын баг хоёр хожил, хоёр хожигдолтойгоор өндөрлүүлсэн юм. Үүнээс гадна насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аваргын нэгдүгээр шатны тоглолтод хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарсан билээ. Тэгвэл энэ тоглолтуудад үзэгчдийг баясгаж, шилдэг нь байж чадсан Үндэсний шигшээ багийн гишүүн Г.Цолмонг “Залуус”буландаа урьж ярилцлаа.

-Одоогоос нэг cap орчмын өмнө болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тослолт Улаанбаатар хотод боллоо. 16 хүртэлх насны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудаар хөлбөмбөг төдийгүй манай спорт сонирхогчид Г.Цолмон гэдэг охиныг таньдаг болж байна. Уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулах уу?

-Намайг Г.Цолмон гэдэг. Би одоо 15 настай. Зургаадугаар сургуулийн 10г ангид сурдаг. Хөлбөмбөг тоглоод гурван жил болж байна. Хамгийн анх сургуулийнхаа хөлбөмбөгийн тэмцээнд орсноос  хойш хөлбөмбөг тоглож эхэлсэн. Улмаар Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбегийн холбоотой хамтарч охидын хөлбөмбөгийг хөгжүүлэхээр гурван жилийн өмнө япон мэргэжилтэн авчирсан. Тэр цагаас япон багшийн удирдлагад гурван жилийн турш бэлтгэл хийж байна.

Гурван жилийн өмнөөс энэ удаагийн 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд зорьсон. Тэмцээний өмнө эмэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт болсон. Үүнд орох талаар тодорхой мэдээлэл бидэнд байгаагүй. Гурван сарын өмнөөс бэлдэж эхэлсэн. Ямартай ч эхний даваагаа давсан. Манай 16 насны багийн тэмцээн бараг долоо хоногийн дараа эхэлсэн. Манай багаас дөрвөн охин насанд хүрэгчдийн буюу Үндэсний шигшээ багт тоглодог. 

-Яагаад заавал хөлбөмбөг тоглох болсон юм бэ. Манай улсын хувьд багийн спортоор амжилт гаргах магадлал харьцангуй бага. Ялангуяа эмэгтэй хүний хувьд?

-Хамгийн анх сагсан бөмбөг тоглодог байсан. Өөрөө маш дуртай. Өдөр, шөнөгүй л тоглож байдаг. Гэрийнхнийгээ унтахаар гараад тоглоно. Гурван жил тоглоод сургуулийнхаа биеийн тамирын багш дээр очоод бэлтгэлд нь явж эхэлсэн. Тэр бүр тоглоод байх боломж бололцоо бага. Хөлбөмбөг ч гэсэн багийн спорт. Хамгийн анх хөлбөмбөг тоглож эхлэх үед надад өөрийгөө хурцлах нэг зүйл байсан.

Тэр юу вэ гэхээр би хамгийн анх япон багшийнхаа бэлтгэлд явахад манай багийн С.Удвал гээд охин надад их сайн тоглодог санагдсан. Тэгээд “Би яг энэ тоглогч шиг болно гэж бодсон. Тэр цагаас эхлээд өөр юунд ч биш хөлбөмбөг гэдэг спортод үнэхээр ууссан. Одоо бол надад хүнд санагдах зүйл байхгүй. Аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй гээд оролдлого хийхгүй байвал ахиц дэвшил гарахгүй.

Харин хамтдаа Монголын хөлбөмбөгийг хөгжүүлье гээд хүсээд, хичээж байгаа болохоор чадна гэсэн итгэл байна. Эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчид, Монголын хөлбөмбөгийн холбооныхон гээд олон хүн хөлбөмбөгийг хөгжүүлэхээр сэтгэл зүрхээрээ нэгдээд ажиллаж байна.

-Сагсан бөмбөг тоглож байгаад анх яаж хөлбөмбөг рүү орсон юм бэ?

-Анх сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнд орж тоглосон. Дараа манай сургуулийн биеийн тамирын багш Б.Өмирузак “Дуулиан-2020” болно. Манай сургууль баг бүрдүүлээд орох гэж байна чи орох уу" гэж надаас асуусан. Тэгээд тэр тэмцээнд орсноор хөлбөмбөгт орох эхлэл тавигдсан.

Б.Өмирузак багшдаа тэр үед надаас “Дуулиан-2020"-д орох уу гэж асуусанд нь одоо маш их баярладаг. Тэр тэмцээнд орсноор би Ики Ёжи багш дээрээ бэлтгэл хийх боломж олдсон. Харин өнгөрсөн жилээс “Арвис" клубт харьяалагдаж байна. Энэ бүхний эхлэлийг Б.Өмирузак багш тавьж өгсөн учраас үргэлж талархаж явах болно.

-Спортоос өөр сонирхол юу байна. Хоёр жилийн дараа сургуулиа төгсөнө. Ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байна вэ?

-Тодорхой бодсон зүйл байдаггүй. Гэхдээ дөрөв, таван жилийн өмнөөс цагдаа больё гэж бодож эхэлсэн. Маш их таалагддаг. Ер нь хуулийн чиглэлээр мэргэжилтэй болох байх. Бас сэтгэлзүйч болох сонирхол байгаа. Хөлбөмбөгөөр хичээллэж байгаа гээд хичээлээ орхиж болохгүй. Хөлбөмбөгөө ч тоглоно, хичээлээ ч хийнэ.

-Тэгвэл хамгийн ихээр хүсэж байгаа мөрөөдлөө хуваалцаж болох уу?

-Миний мөрөөдөл гэвэл хөлбөмбөгөөр дэлхийн хэмжээний тоглогч болох. Энэ бага зэрэг хэцүү л дээ. Дэлхийд эмэгтэй хөлбөмбөг тийм өндөр төвшинд хөгжөөгүй ч тодорхой хэмжээнд алдартай эмэгтэй хөлбөмбөгчид байгаа. Бразилын Марта, АНУ-ын Алекс Морган гэх мэт. Тэднийг хараад Монголынхоо нэрийг гаргаж, дэлхийд гарч тоглож чадсан тоглогч болохыг хүсдэг.

Мэдээж тоглогчоо болих үед дасгалжуулагч болж Монголынхоо хөлбөмбөгт хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Хувь хүнийхээ хувьд өөр мэргэжил эзэмшээд ажиллаад явсан ч миний амьдралтай салшгүй холбоотой байх зүйл бол хөлбөмбөг гэж би итгэдэг, бас мөрөөддөг.

-Спортоор хичээллээд зургаан жил болжээ. Энэ хугацаанд гэр бүлийнх нь хэр дэмждэг байв. Эмэгтэй хүүхэд бөмбөг хөөгөөд яваад байхад тийм таатай байгаагүй болов уу?

-Анх сагсан бөмбөг тоглоход тийм дуртай байгаагүй. Эмэгтэй хүүхэд учраас тэр. Миний бодлоор ер нь спортын гэр бүл биш бол ямар ч эцэг, эх тийм дуртай байдаггүй. Манай ээж өөрөө урлагийн хүн. Нугардаг байсан. Би өөрөө нэг, хоёрдугаар ангид байхдаа нугардаг байлаа. Гэтэл манай өвөө, эмээ дургүйцээд нугарахаа больсон. Харин яагаад ч юм мэдэхгүй спортод өөрөө дуртай учраас тоглож эхэлсэн. Охидтой нийлэхгүй, хөвгүүдтэй нийлээд сагс тоглоно.

Ер нь бол ширэн бөмбөг хөөлөө гэж гэрийнхэндээ их загнуулдаг байсан. Хамгийн анх хөлбөмбөг тоглож эхлээд нууцаар тэмцээнд орно. Гэрийнхэн хүлээж авдаггүй. Гэсэн ч би хөлбөмбөгийн бэлтгэлд анх явсан өдрөөс зорилготой болсон учраас гэр бүлийнхэндээ өөрийгөө харуулах нь миний үүрэг гэж бодоод хичээсэн. 2015 оны хоёрдугаар сард манай япон мэргэжилтэн ирсэн. Тэгээд бидэнд наймдугаар сард нь Япон руу явж туршлага судлах боломж гарсан.

Япон явж ирсний дараагаар өөрийгөө харуулах боломж гарсан. Өөрийгөө тодорхой хэмжээнд гэрийнхэндээ харуулж чадсан гэж бодож байна. Тиймээс одоо манай гэрийнхэн маш ихээр дэмждэг. Тоглолт бүрийг минь ирж үздэг болсон. Тэгээд орой гэртээ харихад зөвлөгөө өгч, нээлттэй ярилцдаг болсон шүү. Багшаас гадна гэр бүлийнхний өгч буй зөвлөгөө надад маш үнэ цэнэтэй тусдаг.

-Арван жилийн хичээлүүдээс хамгийн дуртай хичээл нь юу вэ?

-Англи хэлний хичээлдээ хамгийн дуртай. Яг жилийн өмнөөс гадагшаа тэмцээн уралдаанд явж эхэлсэн. Тэр үед англиар ярих гэхээр сайн чадахгүй. Би өөрөө бусдаас ичээд үг хэлж чаддаггүй байсан. Харин энэ жилийн тэмцээнүүдээр өөрийн мэддэг хэдэн үгээ ашиглаад бусадтай ярилцаад олон найзтай болж чадсан.

-Энэ удаагийн тэмцээнээс хувь тоглогчийн хувьд олж авсан туршлага гэвэл?

-Би энэ удаагийн тэмцээний ард гарсны дараа гурван жил хөлбөмбөгөөр хичээллэснийхээ эцэст сая л өөртөө итгэх итгэлийг олж авлаа. Мөн бусад хүүхдээс илүү болон дутуу чанараа мэдсэн. Хамгийн гол нь өмнө нь би бусадтай тийм нээлттэй байж чаддаггүй байсан. Одоо бол бусадтай нээлттэй байж нөхөрлөж чадах юм байна гэдгээ ойлголоо. Мэдээж том тэмцээн учраас надад маш том туршлага боллоо.

-Энэ удаагийн тэмцээнээр хийсэн танай багийн тоглолтууд япон мэргэжилтэн багшдаа ажлынх нь үр дүнг харууллаа гэж үзэгчид дүгнэж байгаа. Тоглолтуудынхаа талаар яривал?

-Яг эхний тоглолтоос дараагийн хоёр тоглолт хамаарчихсан болов уу. Яагаад гэхээр эхний тоглолтод 8:0-ээр Пакистаныг хожиж чадсан. Хүн бүхэн гоол оруулах боломжтой байсан. Дараагийн тоглолтоороо бид агуулгын хувь илүү байж чадсан ч эхний үед өөрсдийнхөө жижиг алдаанаас болоод алдсан гоолоо нөхөж чадахгүй явсаар байгаад дууссан. Дээрээс нь эхний тоглолтын дараах сэтгэгдэл нөлөөлсөн байх. Бүгд гоол оруулах боломжтой гэсэн бодол бага зэрэг нөлөөлсөн.

Харин хамтдаа багийн ажиллагаатай байснаар хожилд хүрэх юм байна гэдгээ бид Энэтхэгийг хожсон сүүлийн тоглолтоороо харуулсан байх. Өдий хүртэл бидэнд сурсан бүх зүйлийн суурийг зөвөөр тавьж өгсөн хүн бол япон багш маань. Мөн манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд багш бидэнд маш их зүйлийг заасан. Тэр хүнд бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.

-Охидын шигшээ багаас гадна Үндэсний шигшээ багийн гишүүн гэж явдаг. Үндэсний шигшээ багт хэзээнээс харьяалагдаж эхэлсэн бэ?

-Эмэгтэй үндэсний шигшээ бар одоогоос дөрвөн сарын өмнө байгуулагдсан. Тэр үед манай охидын шигшээ багаас С.Удвал, Э.Энхмаргад, бид гурав дуудагдаж Үндэсний шигшээ багт орсон. Бэлтгэлийн дундуур Г.Ганчимэг гэдэг охиныг дуудсан. Тэгэхээр манай охидын багаас дөрвөн охин Үндэсний шигшээ багт багтаж чадсан.

-Одоо Үндэсний шигшээ багийнхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатны тоглолтоо хийнэ. Энэ нь хэзээ, хаана болох вэ?

 -Арваннэгдүгээр сарын сүүл юм уу, арванхоёрдугаар сарын эхээр Гуам Улсад болно. Яг хэзээ болох талаар тодорхой мэдээлэл алга. Дөрвөн улс хоорондоо хүч үзнэ. Манай багийнхан одооноос бэлтгэлдээ гарсан байгаа. Охидын багт байдаг бид дөрвийн хувьд одоо л бэлтгэлдээ оролцож эхэлнэ.

Мөн энэ тэмцээнээс өмнө аравдугаар сард 19 хүртэлх насны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолт Ливанд болно. Хэсэгтээ нэлээн хүчтэй багуудтай таарсан болохоор бэлтгэлээ сайн хийгээд амжилттай оролцохыг зорьж байна. Тэгээд Ливанаас ирээд байрлаж бэлтгэлээ хийгээд Гуамыг зорих байх.

-Бусад хүүхдүүдийг бодох юм бол чиний нэг өдөр харьцангуй завгүй өнгөрдөг болов уу?

-Би нэг их завгүй гэж боддоггүй. Өглөө хичээлдээ явна. Өдөр бэлтгэлээ хийнэ. Энэ миний нэг өдөрт заавал хийдэг зүйл. Хичээлд таван цаг сууна. Бэлтгэлээ ихээр бодоход гурван цаг хийж байгаа. Тэгэхээр цаана нь надад чөлөөт цаг зөндөө гарна. Гэхдээ би юу ч хийхгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Одоо би чөлөөт цагаараа япон хэл сурахыг хичээж байгаа.

-Япон хэл гэснээс хөлбөмбөгийг япон багшаас сурсан. Тийм учраас багшаасаа ганц хөлбөмбөг гэлтгүй олон зүйлийг сурсан байх. Япон багшаасаа сурсан хамгийн гол зүйл гэвэл юуг хэлэх вэ?

-Энэ хүнээс авсан хамгийн чухал юм бол хувь хүний төлөвшил гэж бодож байна. Бидэнд хүүхэд байх цагаасаа төлөвшдөг хувь хүний наад захын соёл төлөвшлийг суулгаж өгч байгаа. Ер нь бол зөвхөн хөлбөмбөг дээр сайн байгаад талбайн гадна хүмүүжилгүй бол хэцүү. Тэгэхээр биднийг хүмүүжилтэй, талбайн гадна чи ямар байх ёстой вэ гэдгийг зааж өгсөн.

-Хөлбөмбөгт ингэж их татагдаж, орсон шалтгаанаа хэлээч гэвэл юу гэж хэлэх вэ?

-Хөлбөмбөгийн бүх зүйл нь надад маш их таалагдсан учраас тууштай тоглосон болов уу. Би өөрийнхөө хөлбөмбөгт дуртайг үгээр илэрхийлж чадахгүй байна. Надад хэцүү үе тохиолдох юм бол би бөмбөг аваад л гардаг. Багийнхантайгаа үл ойлголцох үе гарсан ч тэдэнтэй хамт нэг удаа инээхэд мартаад, тэдэнтэй хамт баймаар байдаг. Ер нь миний амьдралд байгаа ихэнх хүнийг хөлбөмбөг нэгтгэж өгсөн. Багадаа ганцаардмал, бусадтай ярьж чаддаггүй, хүний нүүр рүү эгцэлж харж чаддаггүй.

Нэг ёсондоо нийгэмшиж чадаагүй хүүхэд байсан. Тэгээд хөлбөмбөг тоглож эхэлснээрээ нээлттэй болсон. Үндсэндээ миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн гэж би боддог. Би ууртай, хүмүүстэй ярилцаж чаддаггүй тийм л хүүхэд байсан. Одоо бол нэг ширхэг чихэр ч байсан бусадтай хуваана.

Мөн хөлбөмбөгийн гэр бүлд маш олон хүмүүс байдаг тэдгээр хүмүүс бүгдээр эерэг энергитэй. Тийм ч учраас хөлбөмбөгийн спорт намайг үргэлж зөв зам руу дагуулж байдаг гэж боддог. Яагаад гэдгээ хэлж мэдэхгүй ч хөлбөмбөгөөс би маш их аз жаргалыг мэдэрдэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд эрхэмлэдэг хүмүүстээ талархлаа илэрхийлээч?

-Юун түрүүнд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар ахдаа эмэгтэй хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хийж байгаа бүхэнд нь баярлалаа. Мөн холбооныхоо хамт олон, сургуулийнхаа хамт олон, найз нөхөд багийнхандаа, багш нар, гэр бүлийнхэн гээд бүхий л хүмүүст дахин, дахин баярлалаа гэж хэлмээр байна. Бид цаашдаа улам хичээж хөлбөмбөгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно гэдгээ баг хамт олныхоо өмнөөс амлаж байна.

Зураг