Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ариунгэрэл: Нисэхийн аюулгүй ажиллагаанд оролцдог мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх бодлого алдагдаж байна

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 9 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга П.Ариунгэрэлийг урилаа.

НИСЭХИЙН САЛБАРЫН БОДЛОГО АЛДАГДАЖ, ХӨГЖИЛ УДААШИРЧ ЭХЭЛСЭН

-Аль ч улсад иргэний нисэх, агаарын тээврийн салбар түрүүлж хөгжиж явдаг онцлогтой. Манай улсын иргэний нисэхийн салбар ч адилхан 1925 оноос хойш 90 гаруй жилийн хугацаанд техник технологи, боловсон хүчний хувьд бусад салбараас түрүүлж хөгжиж ирсэн. Харин нуулгүй ярихад сүүлийн хэдэн жилд буюу 2012 оноос хойш хөгжлийн хурд жаахан саарчихсан юм болов уу гэж боддог.

Мэргэжлийн хүмүүс ч ингэж дүгнэдэг. Манай улсын хувьд иргэний нисэхийн салбар нь далайд гарцгүй, өргөн уудам нутагтай, хүн ам тархан суурьшсан, дэд бүтэц муу хөгжсөн учраас стратегийн маш чухал салбар гэж үздэг. Иймээс ч төр засгаас онцгой ач холбогдол өгч 2000-аад оноос өмнө салбарын бодлого оновчтой сайн явж иржээ. Сүүлийн  хэдэн жил тодорхой хэмжээнд бодлого алдагдаж, хөгжил нь удаашралтай байдалд ороод байгаа нь улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой.

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль 1999 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл шинэчлэгдээгүй. Гэтэл энэ салбарын өнөөгийн хурдацтай хөгжил, түүнтэй уялдан гарч байгаа олон улсын иргэний нисэхийн баримт бичгүүдийн шаардлагуудыг энэ хуучирсан хуулиар зохицуулах боломжгүй болоод байгаа юм.  Хуулийн шинэчлэл олон жил яригдаж байгаа ч төр засаг, сайд, дарга солигдох тоолонд үзэл баримтлал, бодлого, зарчим өөрчлөгдөж эргэж буцсаар ирлээ. Үүнийг дагаад мөн иргэний нисэхийн багц дүрэм, журмуудын шинэчлэлт хүлээгдсээр байна.

Манай салбарынхны эрхэм зорилго бол нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг ханган ажиллах явдал байдаг. Энэ аюулгүй ажиллагаанд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдгийн хамгийн чухал нь хүний хүчин зүйл бөгөөд түүнийг хангахын тулд нисэхийн мэргэжлийн хүмүүсийг тасралтгүй байнга сургаж, дадлагажуулж, хүрсэн түвшинг бууруулахгүй байх ёстой. Тухайлбал, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага 2008 оноос хойш  Ази Номхон далайн бүсийн тэргүүлэгч хоёр орны нэг байсаар ирсэн. Гэтэл өнгөрсөн зургаадугаар сард олон улсын хуралд очиход бусад улс орнууд манайхыг гүйцээд ирсэн байна, харин бид 2012 оноос хойш дорвитой урагшлаагүй л байна.

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Чикагогийн конвенцид нэгдэн орсны хувьд шаардлагыг нь сахин биелүүлэх учиртай. Агаарын навигацийн орлогыг улсын агаарын зайг ашигласны татвар гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл энэ орлого нь тухайн агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг нь хангахын тулд  төлж байгаа хураамж учраас эргээд бүх талаар хариуцлага хүлээх үүрэгтэй.

Үүний тулд эрх зүйн зохицуулалт, техник технологи, боловсон хүчинд тавигдах шаардлагуудыг байнга биелүүлж, сайжруулж байх ёстой. Үүнийг Чикаогийн конвенци, Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Док9082, Док7300 баримт бичгүүдэд тодорхой заасан. Гэтэл сүүлийн жилүүдэд иргэний нисэхийн салбарт хүний нөөцийн бодлого алдагдах болсон нь үнэхээр сэтгэл зовоож байна.

МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨР ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЖ, ЗАЛУУС ОЮУНАА ЭКСПОРТЛОХ ЦАГ БОЛСОН

-Дэлхий даяар агаарын тээврийн салбар маш хурдацтай хөгжиж, техник технологи шинэчлэгдэхийн хэрээр салбарын мэргэжилтнүүд нь ч мөн даган хөгжиж байна. Монгол Улс уул уурхай, мал аж ахуйн салбараа түшиглэн хөгжихийн зэрэгцээ дэлхийд үнэлэгдэх болсон Монгол оюуныг экспортлох боломжтой гэж  боддог. Манай нисэхийн залуус ч мөн адил бусад орны мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ мөр зэрэгцэн алхах бүрэн боломж бий.

Үүний тод жишээ бол манай албаны Аюулгүй ажиллагаа чанар хангалтын хэсгийн дарга Эрдэнэбаатар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн салбарт ажиллахаар аравдугаар сард мордох гэж байна. НҮБ-ын мэргэжлийн салбар байгууллагад улсаа төлөөлөн ажиллана, түүнд сонгогдож тэнцэнэ гэдэг гэдэг бол үнэхээр бахархмаар явдал юм. Тэнд ажиллах нь олон улсын байгууллагаас явуулж байгаа бодлого чиглэлийг цаг алдалгүй мэдэж дамжуулах, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулж сурах, олон улсын хэмжээний баримт бичгүүд боловсруулах, албан болон дипломат харилцаанд суралцах гээд мөнгөөр үнэлж баршгүй ач холбогдолтой юм.

Мөн Нисэхийн сургалтын төв, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба хамтран олон улсын хэмжээнд сургалт явуулах эрхийг олон улсын иргэний нисэхийн сургалтын байгууллагаас аваад 2016 оноос эхлэн Австрали Тайланд, Бангладеш, Хойд Солонгос, Малайз зэрэг орны мэргэжил нэгт нөхдөдөө мэргэжлийн сургалт явуулж эхлээд байна. Энэ сургалт явуулах эрхийг авахын тулд 1074 хуудас сургалтын материал, гарын авлага англи хэл дээр бэлтгэж, багшлах мэргэжилтнүүд маань шалгалт, сорилтод орлоо.

2014 онд Малайз улсын, 2015 онд Тайланд улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд манай мэргэжилтнүүд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргаж өгсөн гэх мэт жишээнүүд байна.

БОДЛОГО, ХЯНАЛТЫН ТҮВШИНД АЖИЛЛАХ МЭРГЭШСЭН АЖИЛТНУУД ДУТАГДАЛТАЙ 

-Иргэний нисэх бол техникийн салбар учраас гол хөдөлгөгч хүч нь инженерүүд юм. Социализмын үед инженерүүдийг бодлого, үе шаттайгаар бэлтгэж ирсэн. Тэр үед бэлтгэсэн инженер, техникийн ажилчид өнөөдрийг хүртэл салбарын бодлогыг тодорхойлж, тэдний нуруун дээр иргэний нисэх, агаарын тээврийн салбар явж ирсэн. Гэтэл тэдгээр мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүс өнөөдөр тэтгэвэртээ гарч зарим нь тэтгэврийн насанд ойртож иржээ. Салбарыг үргэлжлүүлэн авч явах бодлогын залгамж халаа, хөгжлийн түүчээ болох хүмүүс зайлшгүй хэрэгтэй.

Иргэний нисэхийн хэмжээнд 2000 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байгаа боловч академик боловсролтой нисэхийн үндсэн мэргэжлийн инженерүүд, тухайлбал инженер-нисгэгч,  нислэгийн хөдөлгөөний инженер, аэронавигацийн инженер, аэродромын инженер зэрэг дутагдалтай байгаа юм. 2000 оноос хойш ОХУ болон гуравдагч оронд хангалттай хүн бэлтгэсэн ч сонгон шалгаруулалтыг хийхдээ алдаа гаргасан, техникийн салбарт инженерийн чиглэлээр хүн сургах гэж байж зөвхөн хэлийг шалгуур болгосоор ирсэн байдаг. Гэтэл бусад орнуудын туршлагыг харахад инженер техникийн чиглэлээр сургахдаа IQ, сэтгэн бодох чадварыг илүү хардаг.

НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ БОЛ ЧАНД САХИЛГА БАТ, ӨНДӨР ХАРИУЦЛАГА

БЛИЦ

Овог нэр: Пүрэвийн Ариунгэрэл

Албан тушаал: Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга

Төгссөн сургууль:

  • 1987 онд: Политехникийн дээд сургууль.
  • 1998 онд: Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн. институт.
  • 2002 онд: ОХУ-ын Нисэхийн Академи, АНУ-ын Колорадогийн техникийн их сургууль.

Ажилласан байдал:

  • 1987-1991 онд: Барилгын цэргийн удирдах газрын харьяа Цэргийн барилгын зургийн институтэд зураг төслийн техникч, ахлах техникч, инженер
  • 1991-1998 онд: Нислэгийн хөдөлгөөн удирдах үндэсний төвд АФТН, СИТА-ийн оператор, нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтэн
  • 2002-2018 онд: ИНЕГ-ийн НМҮА-нд мэргэжилтэн, тасаг хэлтсийн дарга, албаны дарга

Хэлний мэдлэг: Орос, Англи

-Сүүлийн жилүүдэд манай салбар олон шинэ залуусаар эгнээгээ тэлж байна. Тэд удирдлагын түвшинд, гүйцэтгэх түвшинд олноор ажиллах болсон. Мэдээж ажлын байрны шаардлага хангасан байдаг биз, түүнээс гадна би энэ ажил албан тушаалыг гүйцэтгэхэд ямар мэдлэг, ур чадвар, туршлага шаардагдах билээ, үүний ард ямар хариуцлага байгаа билээ гэдгийн маш сайн ухаарч байх хэрэгтэй. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн бус л шаардлага тавьдаг, олон шат дамжлагатай болж байна.

Уг нь Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн бус хүмүүс ажиллах нь дарга, цэрэг гэлтгүй иргэний нисэхийн салбарын үйлчлүүлэгчдийн аюулгүй ажиллагаатай холбоотой учраас онцгой салбараар оролдох нь зохимжгүй. Мэргэжлийн салбарыг улс төржүүлэхгүй байх нь эндээс харагдаж байна.

Ер нь байгууллага амжилттай байхын үндэс нь эвсэг найрсаг хамт олон. Үүнийг бүрдүүлэхийн тулд удирдагч нь манлайлагч, үлгэр жишээ, шударга байх ёстой. Дарга нь ажил хэрэгч уур амьсгалтай зөв соёлтой байх юм бол тийм л уур амьсгал бүрдэнэ. Хүмүүсийг ажилдаа цагтаа ир, сахилга хариуцлагатай бай гэхээс гадна ажлын гүйцэтгэлийг л хянах ёстой. Энэ хяналтыг тавьж чаддаг байхын тулд дарга өөрөө ажлаа нэгд нэгэнгүй мэдэж байж л хянана л даа. 

Өглөө хоцрохгүй, орой цагтаа тардаг хэр нь тухайн өдөр ямар гүйцэтгэлтэй ажилласан нь тодорхойгүй. Дээрээс нь хүнийг хайрлаж байж ажил хийлгэдэг. Хүнийг дарамталж, загнаж ажиллуулах гээд зүгээр л ямар нэг бичиг цаас ч юм уу нэг юмаар л хаана уу гэхээс түүний цаана үр дүн гарах нь эргэлзээтэй. Ажлын цагийн ашиглалтыг гүйцэтгэл, үр дүнгээр солих хэрэгтэй.

Зураг