Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн гүйцэтгэх захирал асан 2028 онд интернэт хоёр хуваагдана гэж зөгнөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Google компанийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт ирээдүйд интернэт хоёр хуваагдана гэж зөгнөснийг CNBC суваг мэдээлжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт Сан Франциско хотод болсон хувийн арга хэмжээнд оролцохдоо тэр ингэж хэлсэн байна.

Шмидтийн үзэж байгаагаар Хятад улсын интернэт ертөнц эрчимтэй хөгжиж, ирээдүйд өөрийн тусдаа орон зайг бий болгох гэнэ. “Миний бодож байгаагаар Хятадын тэргүүлсэн интернэт, Америкийн тэргүүлсэн Хятад бус интернэт гэж хоёр хуваагдах магадлал өндөр болж байна” гэж тэр ярьжээ.

Шмидт “Би саяхан Хятадад очоод ирлээ. Хэрвээ та нар Хятадыг харсан бол тэнд байгуулагдаж байгаа компаниуд, тэдний үзүүлж буй үйлчилгээнүүд, тэдний бүтээж буй баялаг гайхамшигтай өргөн хүрээнд нэмэгдэж байна. Хятадын интернэтийн улс орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж буй хувь хэмжээ АНУ-ынхаас өндөр байна” хэмээн цааш нь ярьсан байна.

Энэ бүхэн эцэстээ интернэтийн ертөнцөд хоёр дахь туйлыг бий болгож, хуваагдах нөхцлийг бүрдүүлж байгааг тэр тайлбарлажээ.

Шмидт анх удаагаа Хятадын технологийн хөгжлийн талаар анхааруулж байгаа нь энэ биш.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр хэрвээ АНУ хиймэл оюуны салбарын хөгжүүлэлтээ эрчимжүүлэхгүй бол 2030 онд Хятад улс энэ салбарт ноёлохоор байгааг анхааруулж байжээ.

Эрик Шмидт бас бусад улс орнууд Хятадын интернэт загварыг дагах эрсдэлтэй байгааг Лхагва гарагт ярьсан байна.

“Хятадын хэрэгжүүлж байгаа Зам ба Бүс санаачилгыг харах хэрэгтэй. Энэ төсөлд оролцож байгаа 60 орчим улс яваандаа Хятадын интернэтэд нэгдэх магадлалтай байна” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider