Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчүүд нь 70 хүрэхээсээ өмнө халдварт бус өвчнөөр нас барах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд Монгол улс багтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Архаг, халдварт бус өвчлөл (NCD-Chronic or Noncommunicable Diseases) жил бүр дэлхийн 41 сая хүний амийг авдаг нь хүмүүсийн нийт үхлийн 71 орчим хувь болдог ажээ. NCD өвчлөл дотроо зүрх судас, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижин дөрөв давамгайлж, 80 орчим хувийг эзэлдэг байна.

2015 онд НҮБ-ын гишүүн орнууд ийм шалтгаантай нас баралтын хэмжээг 2030 он гэхэд 70 хүртэл насны иргэдийнхээ дотор гуравны нэгээр бууруулах зорилт тавьсан юм. Тэгвэл саяхан Imperial College London, ДЭМБ, NCD Alliance байгууллагуудын энэ чиглэлд хийсэн судалгаа The Lancet сэтгүүлд нийтлэгджээ.

Дэлхийн улс орнуудын ихэнх хувь нь дээр дурдсан зорилтоо биелүүлж чадахааргүй байгааг энэ судалгаанд өгүүлсэн байна. Эдгээрээс 35 улс эмэгтэйчүүдийнхээ, 30 улс эрчүүдийнхээ NCD өвчлөлөөс шалтгаантай нас баралтын тоог заасан хугацаанд бууруулж чадахаар байгаа ажээ.

86 улс нь эмэгтэйчүүдийн, 97 улс нь эрчүүдийн нас барах эрсдлийг заасан хугацаанд бууруулах бараг боломжгүй болсон байна.

Харин үлдсэн 50 улс эмэгтэйчүүдийн, 35 улс эрчүүдийн нас баралтыг бууруулахын тулд нэмэлт хүчин чармайлт гаргавал зорилгодоо хүрэхээр байна гэж дүгнэжээ.

Эмэгтэйчүүд нь NCD өвчлөлөөр 70 нас хүрэхээсээ өмнө нас барах эрсдэл хамгийн багатай орнуудад Өмнөд Солонгос, Япон, Испани, Швейцарь багтаж байна.

Исланд, Швейцарь, Швед, Норвеги улсуудын эрчүүд ийм шалтгаанаар эрт нас барах магадлал хамгийн багатай гэж тооцоолжээ.

Харин NCD өвчлөлөөр эрчүүд нь 70 хүрэхээсээ өмнө нас барах хамгийн өндөр магадлалтай орнуудад Монгол, Фижи, Казахстан, Туркменистан, Орос багтсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд Сьерра Леоне, Кот Дивуар, Гайана, Йемен, Афганистанд хамгийн өндөр эрсдэл байгаа ажээ.

 

Эх сурвалж: IFL Science