Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Японы судалгааны станцууд астероид дээр газардахаар бэлдэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Хауабуса 2 хөлөг Рюгу астероидын орчимд байгаа нь

Японы Хаяабуса-2 сансрын хөлөг гурван жил хагас аялсны эцэст өнгөрсөн зургаадугаар сард Рюгу нэртэй астероидын дэргэд хүрсэн юм. Уг астероид нь дэлхийгээс 300 орчим сая километрийн алсад байгаа.

Өнгөрсөн хугацаанд Хаяабуса-2 хөлөг нэг километр орчим диаметртэй Рюгу астероидын барзгар гадаргуу дээрээс буух боломжтой тэгш талбайг хайж, тооцоо хийж байжээ.

Харин өчигдрөөс эхлэн тус хөлөг газардах талбай руугаа ойртох ажиллагааг эхэлсэн байна. Өнөөдөр үд дундын үед Хаяабуса-2 астероидын гадаргууд 60 метр орчим зайнд ойртож, судалгааны станцуудаа буулгах ажилд орсон байна.

Тохиромжтой нөхцөл бүрдэхэд хөлгөөс бялууны хэмжээтэй, хоёр ширхэг робот станцыг суллан буулгах юм. Minerva-II нэртэй эдгээр станц нь астероидын гадаргуу дээр газардаж судалгааны ажлаа эхэлнэ. Рюгу астероид нь балар эртний биет тул түүн дээрээс манай нарны аймгийн үүсэх үеийн чухал мэдээллийг олж авах юм.

Астероидын татах хүч маш сул тул газардсан станцууд нь буцаж ойх бөгөөд агаарт 15 метр өндөрт хөөрч, 15 минутын дараа буцаж буух юм. Үндсэндээ ойж буух завсраа астероидын гадаргаас чухал мэдээллүүдийг цуглуулах ажээ.

 
Minerva-II станцууд

Тэдгээрийн цуглуулсан мэдээллийг Хаяабуса-2 хөлөг хүлээн авч, эх дэлхий рүү дамжуулна. Minerva-II станцуудын дараа Mascot нэртэй өөр нэг станц астероид дээр газардаж, гадаргын чулуулгаас дээж авах юм.Ингэхдээ тэр эхлээд тэсрэх бодис астероид дээр хаяж тэслээд гарч ирсэн хэлтэрхийнүүдийг нь түүх ажээ.

Mascot станцыг аравдугаар сарын 3-нд астероид дээр буулгахаар төлөвлөжээ.

Хаяабуса-2 хөлөг 2019 оны арванхоёрдугаар сарыг хүртэл Рюгу астероидын орчимд ажиллаад эх дэлхий рүүгээ судалгааны материалтай буцах юм.

Япончууд Хаяабуса-1 хөлгийг 2005 онд Рюгу астероид руу илгээж байсан ч станцаа газардуулахдаа алдаа гаргаж, бүтэлгүйтсэн ажээ. Анхны судалгааны станц Рюгу дээр газардаж чадаагүй, сансрын уудмын хаа нэгтээ хөвж яваа.

Сансрын уудамд дүүлж яваа, харьцангуй жижиг хэмжээтэй биет дээр судалгааны станц газардуулах нь маш нарийн, түвэгтэй ажил юм. Хэрвээ амжилттай газардвал Япон астероид дээр станц буулгасан анхдагч улс болох ажээ. Рюгу нь Японы домогт гардаг далайн усан дотор орших лууны өргөөний нэр юм.

 

Эх сурвалж: BBC, CNET