Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглуулахгүй"

ikon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчдээс бүрдсэн 800 хүн оролцож байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ:

Манай улс 2016 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 188 орноос 92-т, аз жаргалын индексээр 140 орноос 136-д өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102-т, логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108-д, бизнес эрхлэлтийн индексээр 189 орноос 56-д, байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111-т тус тус орж байна. Эндээс харахад ихэнх үзүүлэлт нь дэлхийн дунджаас хойгуур, зарим үзүүлэлт нь сүүл мушгиж байна. Төр болоод төрийн алба нь нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч байх үүрэгтэй учраас уг асуудлыг өөр хэн нэгэнд займчуулах арга байхгүй. Төр нь төр шиг, төрийн алба нь хариуцлагатай байж улс орон хөгжинө гэлээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчим, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Төрийн албаны тухай шинэ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 42 тоот тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж шударга ёсыг дээдлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг мөн хэмээн тодорхойлсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн стратегийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ оны 6 сараас байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн шазраас дагалдан гарах 40 гаруй дүрэм, журмуудыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв.

Мөн тэрбээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлыг танилцууллаа.

Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллана.

Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, ёс зүйн хороо байгуулах, төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулах зэрэг зохин байгуулалтын ажил хийнэ гэж мэдэгдэв.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс