Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Алтанхүү: Эцэг эхчүүд хүүхдээ нүдний анхан шатны үзлэгт хамруулдаггүйгээс болж хохирч байна

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улсуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд сохордог гэсэн тооцоо гарсан ба энэ нь анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө хурцаар тавигдаж буй асуудлуудын нэг болоод байна.

Жил бүрийн есдүгээр сарын гуравдах долоо хоногийн Лхагва гараг бүрийг өнгөрсөн жилээс эхлүүлж Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хараа хамгаалах өдөр болгосон билээ.

Энэ жил хүүхдийн хараа хамгаалах өдөр энэ сарын 28-ны өдөр болох тул үүнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн мэргэжилтнүүд Монгол хүүхдүүдийн хараанд тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Манай Улсад 2002 онд хийгдсэн судалгаагаар хүүхдийн сохролын тархалт 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага мэт боловч хүүхдийн катарактын сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд 5-6/100,000 байгаа юм. Үүнтэй холбогдуулан хүүхдийн хараа хамгаалах асуудлыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгаад байгаа аж.

ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү “Бид 3-5 насны хүүхдүүдийн харааг тогтмол шалгаж, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг явуулахгүй бол хүүхдүүдийн сул, муу хараа болон сохорлын түвшин бусад улсуудаас дээшлэх хандлагатай байна.

Тэдний нүдний гажгийг эрт илрүүлж эмчилбэл нүдний гажиг, сул харааг эрт эмчилж, нөөц хараатай нь үлдээх бүрэн боломжтой. Эцэг эхчүүд нүдний эмгэгийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хүүхдээ тогтмол хамруулдаггүй, цаг алдаж дор бүр нь эмчилдэггүйгээс болж олон хүүхэд хохирч байна. Манай улсад болрын эмгэг, шалар, хугарлын гажиг, зовхи өргөгч булчингийн гаж хөгжил зэрэг өвчлөлүүд илүүтэй тохиолдож байна” гэлээ.

Нийт ард иргэдийн дунд хүүхдийн нүдний эрүүл мэндийн боловсрол хангалтгүй, эцэг эх, асран хамгаалагчид нарийн мэргэжлийн нүдний эмчид цаг алдан хандаж, нүдний оношилгоо, эмчилгээ оройтож байгаагаар илэрч буйг эмч нар онцоллоо. 

Иймд сургуулийн өмнөх насны хүүхдийн нүдний харааг шалгах, нүдний эмгэгийг эрт илрүүлэх, мэдээлэх тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх нь чухал юм.

Ингэснээр жил бүр хүүхдийн хараа хамгаалах өдрийг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон 331 сумдын 3-5 насны хүүхэд бүрийн харааг шалгаж, тус асуудлын талаарх энгийн ойлголтыг ард иргэдэд эзэмшүүлж, хөдөө орон нутгийн болон өрхийн эмч, сувилагч, сургууль, цэцэрлэгийн багш нарт хүүхдийн нүдний эрүүл мэнд болон харааг шалгах чадварыг эзэмшүүлэх боломжтой юм.

Энэ жилийн хүүхдийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн харааг шалгаж ажиллахаар болсон байна.

Манай Улсад 1987 оноос эхлэн хүүхдийн нүдний тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлж эхэлсэн ба ЭХЭМҮТ-ийн 20 ортой Нүдний мэс заслын тасаг, Хүүхдийн нүдний үзлэгийн гурван кабинет нь улсын хэмжээний хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг хариуцаж ажиллаж байгаа аж.