Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даянбилгүүн: Гадаадын хөрөнгө оруулагчид сонирхох шинэ бүтээгдэхүүнтэй болж байгаа нь олзуурхууштай

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Брокер, дилерийн “БиДиСек” компани өглөөний 09:00 цаг гэхэд хөл хөдөлгөөн ихтэй байв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 ширхэг хувьцааны дансаа нээлгэх гэсэн иргэд ийнхүү дараалан зогсжээ. Өмнө нь хоёр брокерийн ажилтан иргэдэд хувьцааны данс нээж, захиалгыг нь хийж өгдөг байсан бол сүүлийн үед ачаалал ийнхүү нэмэгдсэнтэй холбоотой энэ ажлыг 7-8 хүн хийж байгаа тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн ярьсан юм. 

Монголын брокер, дилерийн анхны компаниудын нэг, хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогч “БиДиСек”-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй хөрөнгийн зах зээлийн талаар болон шинэ бүтээгдэхүүний талаар ярилцлаа. 

-Хувьцааны данс нээлгэхээр ирсэн хүн нэлээд олон харагдлаа. Ер нь хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн идэвх нэмэгдэж байна уу?

-Ерөнхийдөө иргэд хөрөнгийн зах зээлийг хувьчлал, цэнхэр, ягаан тасалбар, эсвэл 1,072 гэдэг ойлголтоор төсөөлдөг. Гэхдээ харьцангуй маш сайн мэдлэгтэй, хөрөнгөө удирдаад явдаг, цалин, орлогоосоо тодорхой үнэт цаас, хувьцаа, Засгийн газрын үнэт цаас худалдан авдаг, хүүхдүүдийнхээ нэр дээр хувьцааны данс нээж өгөөд хувьцаа хэрхэн худалдаж авах, хөрөнгөө хэрхэн арвижуулах талаар заагаад явж байгаа ч хүмүүс байна. 

1072 хувьцаатай холбоотой данс нээлгэх иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Өмнө нь “БиДиСек” дээр хоёр брокер ажиллаад, хүмүүсийнхээ дансыг нээгээд, захиалгыг аваад явдаг байсан бол өнөөдөр 5-6 брокертой, 2-3 хүн захиалга аваад ажиллаж байна. 

Үүний зэрэгцээ шинээр тодорхой хэмжээгээр үнэт цаас худалдаж авах хүн нэмэгдэж байгаа нь хамгийн олзуурхууштай.

-Хөрөнгийн зах зээлийн хувьд 2018 он шинэ шинэлэг бүтээгдэхүүн гарсан, хөдөлгөөн ихтэй жил байсан гэж харж байгаа, тийм үү?

-Тийм ээ. Энэ жил Монголын хөрөнгийн биржид анх удаа үнэт цаасны давхар бүртгэл хийгдэж, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент” компани монгол иргэдэд хувьцаагаа санал болгосон. Тус компанийн хувьцааны андеррайтераар бид ажилласан. 

Газар доор байгаа тэр баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ямар их ажил хийдэг, ямар их эрсдэлүүд гардгийг бид “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн үнэт цаасыг гаргах явцад нэлээд судалж мэдлээ. Бидний хувьд ойлголт маш бага байсныг мэдэж, олон зүйлд суралцсан. Монголчууд бид баялгийн эзэд гэдэг ч түүнийг зөв зүйтэй олборлох, боловсруулах, дараа нь байгаль орчны нөхөн сэргээлт хийх бүх ажлыг өөрсдөө хийх биш, мэргэжлийн компаниудаар хийлгээд харин үр ашгийг нь хүртэх боложийг хувьцаа олгох боломжтой гэж харсан. Ийм боломжийг “Эрдэнэ ресурс” монгол иргэдэд анх удаа олгосон нь энэ жилийн хамгийн онцлог үйл явдал болов уу. 

Үүний дараа гадаадад бүртгэлтэй нэлээд хэдэн компани манай хөрөнгийн зах зээлийг сонирхоод Монголд үнэт цаас гаргахаар эхнээсээ захиалга өгч байна. Бид гэрээ хийгээд хэлэлцээрийн түвшинд явж байгаа зүйлүүд байгаа. 

Хамгийн сүүлийн шинэ бүтээгдэхүүн гэвэл энэ жил анх удаа “Мандал”, “Ард даатгал” гээд даатгалын хоёр компани үнэт цаасаа гаргаж байна. Бид “Ард даатгал”-ын андеррайтераар ажиллаж байгаа. 

-Даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа гаргах нь ямар давуу талтай вэ? Шинэ бүтээгдэхүүн учраас сонирхох хэрэгтэй байх.

- Даатгалын компаниудын хувьд хөрөнгийн хэмжээгээ байнга өсгөж, томруулж байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл даатгалын компаниуд даатгуулагчийн өгсөн хураамжийг сан болгон ашигладаг. Ийнхүү бүрдүүлсэн сан том байх тусам төдий чинээ эрсдэл даах чадвартай болдог. 

Төлж буй хураамжийн орлого өсөх нь үйл ажиллагааны ашиг орлогод сайнаас гадна нэг чухал зүйл бол тэр санг хэрхэн зөв уирдах вэ гэдэг асуудал. Тэр санг зүгээр хадгалаад суух биш, тодорхой хэмжээний санхүүгийн хэрэгслүүдэд буюу мөнгөний зах зээл болон хөрөнгийн зах зээл рүү оруулж, үр дүнтэй удирдах нь маш чухал. 

“Ард даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах өөрөө хөрөнгө удирдлагын чиглэлээр нэлээд мэргэшсэн хүн байгаа. Тиймээс ийм компани санхүүгийн зах зээлд орж ирж байгаа нь миний хувьд маш олзуурхууштай. Нэг талаас хувьцааг нь худалдаж авсан компанийн хөрөнгө удирдлага зөв явах нь байна. Хоёрдугаарт, зах зээл дээр томоохон хэмжээний сангууд байрласнаараа эргээд хөрөнгийн зах зээл тэлж, тэнд томоохон тоглогчид орж ирнэ гэж харж байгаа. 

-“Ард даатгал”-ын үнэт цаас иргэдэд ямар боломжийг санал болгож байгаа талаар онцлогоос нь та дурдахгүй юу?

-Бид бол хөндлөнгийн байгууллага. Тэр утгаараа энэ зах зээл дээр байгаа иргэдийнхээ ашиг сонирхлыг бий болгох зорилгынхоо хүрээнд “Ард даатгал”-ын хувьцааг хөрөнгийн үнэлгээнээс нь 40 хувиар хямдаар иргэдэд санал болгож байгаа. 

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ерөөсөө л хувьцааг нь худалдаж авч байгаа хүн энэ хамт олны өнгөрсөн олон жилийн хугацаанд бий болгосон үнэ цэнийг 40 хувийн хямдаар худалдан авч байна гэсэн үг. Энэ бол маш ховор олдох боломж. Манай улсын анхны хувийн даатгалын компани байж байгаад гаднын хөрөнгө оруулалт татаж, анхны сайн засаглалыг хэрэгжүүлээд явж байгаа компани. Энэ компани 10 жилийн түүх бүтээсэн гэж бодоход та хувьцааг нь авахдаа дөрвөн жилийг нь товчилж байна аа л гэсэн утга. Энэ боломжийг манай хөрөнгө оруулагчид битгий алдаасай гэж хэлмээр байна. Түүнээс гадна "Ард даатгал"-ын санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал зарим талаар салбарынхаа өсөлтөөс ч өндөр өсөлттэй байгаа.

График: Үнэт цаас гаргагчийн давуу талууд

-Хөрөнгө оруулж, хувьцаа авна гэхээр иргэдийн дунд нэг өрөөсгөл ойлголт яваад байх шиг анзаарагддаг. Шууд л маш их хэмжээний хөрөнгө оруулж байж ашиг олно гэж боддог. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Зарим хүн хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр зээл аваад ч юм уу, хөрөнгөө барьцаанд тавиад ч юм уу хувьцаа худалдаж авах хандлага харагддаг л даа. Энэ бол зөв хандлага биш. Харин ч эсрэгээрээ, байгаа хөрөнгийнхөө тодорхой хувийг, санхүүгийн сахилга батыг бий болгосны үдсэн дээрээс, жишээ нь сая төгрөгийн орлоготой байхад түүнээсээ 200 мянгыг нь ч юм уу оруулахад боломжтой. Түүнээс биш нэг сая төгрөгийн орлоготой байж таван сая төгрөгөөр хувьцаа худалдаж авах нь зөв алхам биш. Ямар ч байсан энэ зах зээлд иргэн бүр оролцоотой байх нь л чухал. Ингэвэл зах зээл томорно, бусад компани маань үнэт цаасаа гаргаж, шаардлагатай мөнгөө богино хугацаанд босгоно, бизнесийн хурд өснө, эдийн засаг зөв бүтэцтэй болно. Барууны олон жишээ байдаг шүү дээ. Нэг эмэгтэй “Nokia” компанийн маш бага хувьцааг тэтгэврийнхээ мөнгөөр аваад хэдэн жилийн дараа саятан болчихсон байснаа ч мэдээгүй байсан сонирхолтой түүхүүд олон бий. Тэгэхээр заавал их мөнгөөр хувьцаа авахдаа биш, бага ч гэсэн оролцоотой байх нь чухал. Ямар ч байсан өгөөжөө өгөх нь тодорхой. 

-Иргэд яагаад заавал хөрөнгийн зах зээлд оролцох ёстой вэ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Зээлийн хүү буурах ёстой, яаж бууруулах вэ гэж ярьдаг. Тэгвэл хөрөнгийн зах зээл хөгжөөд ирвэл зээлийн хүү буурна гэсэн үг. Иргэд өнөөдөр хөрөнгөө хэрхэн арвижуулж өсгөх вэ гэдэг дээр зөвхөн хадгаламжийг сонгодог. Эсвэл орон сууц ч юм уу худалдаж аваад, үнэ өсөхөөр нь зардаг. Гэтэл зээлийн хүү буурах тусам тэр харилцаа ашиггүй болно гэсэн үг. Тэгэхээр яалт ч үгүй иргэд хөрөнгийн зах зээл рүү орохоос өөр арга байхгүй, хөрөнгөө өсгөе, илүү ашиг орлоготой байя л гэвэл. 

-Гаднын хөрөнгө оруулагчид манай зах зээлийг сонирхох хандлага өөрчлөгдөж байна уу?

-Гаднын хөрөнгө оруулагчид өнөөдөр ч гэсэн манай зах зээлийг онилоод, хараад л явж байдаг. Гол нь тэд юуг хардаг вэ гэхээр мэдээж ашиг. Тэд ганцхан газрын үнэт цаас худалдаж авдаггүй. Эрсдэлээс сэргийлж, портфолио хэлбэрээр буюу багц бүрдүүлэх байдлаар хувьцаа авдаг. Санхүүгийн ямар хувьцаа байна, уур уурхай, банкны хувьцаа байна уу гэж маш их асуудаг. Харамсалтай нь бидэнд өнөөдрийн байдлаар банкны хувьцаа алга. Санал болгох сайн бүтээгдэхүүнүүд ч бага байсан. Саяхныг хүртэл санхүүгийн даатгалын салбарын хувьцаагүй байлаа шүү дээ. Өнөөдөр харин бид гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох шинэ бүтээгдэхүүнтэй болж байгаа нь олзуурхууштай. 

-Даатгалын компанийн хувьцааг гаднын хөрөнгө оруулагчид яагаад ихээр сонирхдог юм бол?

-Яагаад гэвэл манай зах зээл өөрөө шинээр хөгжиж байгаа. Явцын дунд зах зээлийн  эдийн засгийн зөв харьцаанд дөхөж, өсөх тусам л даатгалын харилцаа улам ихээр бий болно. Энэ харилцаа улам их бий болно гэдэг нь даатгалын хураамж ихээр орж ирдэг болно гэсэн үг. Үүнийг дагаад даатгалын компани улам томорно гэж харж байна. Мэдээж гаднынхан урт хугацааны хөрөнгө оруулалт хийнэ. Тэр үед хувьцааны ханш маш сайн өснө. 

Манай “БиДиСек” анх 2006 онд хувьцаагаа 100 төгрөгөөр санал болгож байлаа. Тэр үед хүмүүсийн сонирхол ч бага байсан, тийм ч их өсөөгүй. 110, 120 төгрөгийн ханштай байж байтал гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд шууд л 400, 500 гээд л огцом өсөөд явчихсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирж байх үед бүр 4,500 болтол өсөж байсан жишээтэй. Тэгэхээр хувьцааны ханш яаж өсдөг вэ гэдгийг харуулах тоо баримт олон бий. 

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гээд янз бүрийн бодлого, бүтээгдэхүүн гаргаад явж байна. Үүнээс шалтгаалахгүйгээр дутагдаж байгаа зүйл нь юу вэ?

-Хөрөнгийн зах зээлийг эрсдэлтэй зах зээл гэдэг. Нөгөө талд эрсдэлийг дагаж итгэлцэл байх ёстой. Итгэлцлийг бүхий л талд бий болгох ёстой гэж хардаг. Манай зохицуулах байгууллага ч тэр, Хөрөнгийн бирж тодорхой хэмжээнд итгэлцлийг компаниудад олгох хэрэгтэй. Мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа, чанар, стандарт дээр харилцагч нартаа тодорхой итгэлцлийг бий болгох хэрэгтэй байна. Хамгийн гол нь үнэт цаас гаргагчид хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд итгэлцлийг бий болгож, амалсандаа хүрдэг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ногдол ашгаа өндөр тарааж байх хэрэгтэй гэх мэтчилэн сэтгэлгээний өөрчлөлтүүд чухал байна. 

Эцэст нь амжилтын түүхүүд бас маш чухал. Гаднын хөрөнгө оруулагчид орж ирээд ингэж ажиллаад ийм ногдол ашиг тараасан гэдэг түүх бол маш чухал. Манайд харин эсрэг түүх яваад байгаа учраас хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Тиймээс амжилтын түүхийг бүтээлцэх хэрэгтэй гэж хэлмээр байна. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.