Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн гүзээлзгэний “терроризм”-аас шалтгаалан дэлгүүрүүд зүү зарахаа зогсоов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Австралийн дэлгүүрүүдэд зарагдаж байгаа гүзээлзгэнэд зүү хийх хорлон сүйтгэх ажиллагаа илрээд 10 гаруй хонож байна.

Одоо тус улс даяар гэмт этгээдийг эрэн сурвалжилж, өнгөрсөн долоо хоногт иргэдийг гүзээлзгэнэ идэхээсээ өмнө зүсэж шалгаж байх анхааруулга гаргажээ.

Тэгвэл өнөөдөр Австралийн томоохон супермаркетын сүлжээ Woolworths лангуун дээр борлуулж байгаа оёдлын зүүнүүдээ түр хугацаанд хураах арга хэмжээ авсан байна.

Мөн өнөөдөр тус улсын засгийн газар гүзээлзгэнэд зүү нууж хорлодог этгээдэд оноох ял шийтгэлийг 15 жил шоронд хорих болгон нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг парламентдаа өргөн барьжээ.

Одоогийн хуулиар уг этгээд баригдвал 10 жил шоронд хоригдох ял эдлэхээр байгаа юм. 15 жилийн хорих ялыг хүүхдийн порнограф материал үйлдсэн, терроризмыг санхүүжүүлсэн зэрэг онц ноцтой хэргүүдэд оноодог ажээ.

Ингэснээр гүзээлзгэний “терроризм”-ыг Австралийн эрх баригчид хэр ноцтой хэмжээнд авч үзэж байгааг харуулж байна.

Анх тус улсын Күинсланд мужид илэрч байсан уг хэрэг одоо Нью Соут Уэлс мужид нэмж илрээд байгаа юм. Тус мужийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан 20 хайрцаг гүзээлзгэнээс зүү илэрсэн байна. Австрали даяар 100 орчим тохиолдол бүртгэгджээ.

Күинсландын захиргаа гэмт этгээдийг олоход тусалсан хүнд $75,000-ын шагнал амласан бол Нью Соут Уэлс мужийн захиргаа $100,000-ыг амласан байна.

Энэхүү хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд гүзээлзгэний борлуулалт муудаж, орон нутгийн фермерүүд их хэмжээний хохирол хүлээгээд байгаа юм. Гэмт этгээд ямар зорилгоор ийм хэрэг үйлдэж байгаа нь одоогоор нууц хэвээр байна.

 

Эх сурвалж: AFP