Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын удирдагчид ариун уулын оройд хамтдаа гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Пёньян хотоос эртлэн хөдөлсөн хоёр Солонгосын удирдагчид Солонгосын хойгийн хамгийн өндөр уул болох Пэктүгийн оргилд гарчээ.

Хоёр өдрийн турш яриа хэлэлцээр хийж, Пёньяны Энхийн Гэрээг байгуулсан Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нар өчигдөр Солонгос түмний шүтээн болсон энэ ууланд хамтдаа гарахаар гэнэт шийдсэн юм.

Тэд гэргий нарын хамт тус тусын онгоцоор нисэж, Хойд Солонгос-Хятадын хилд оршдог Самжиён хотод газарджээ. Тэндээсээ тэд автомашин, кабелийн агаарын замаар аялж Пэктү уулын оргилд хүрсэн байна.

 

Энэ үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин галт уулын тогоонд орших ариун нуурын уснаас савлаж авчээ.

 

Бүх Солонгосчуудын хувьд ариун ууланд тооцогддог Пэктүд Хятадын талаас Өмнөд Солонгосчууд авирдаг бол Хойд Солонгосын талаас авирч үзсэн Өмнөдийн иргэн маш цөөн байдаг гэдэг.

Ууланд хийсэн аялал нь хоёр Солонгосын удирдагчид хувь хүн талаасаа хэр ойртож дотно болсныг харуулсан явдал боллоо.

Мүүн Жэ Ин ирэх долоо хоногт АНУ-ыг зорьж, Дональд Трамптай уулзах юм. Тэрээр хоёр Солонгосын уулзалтаар тохиролцсон асуудлуудыг АНУ-ын ерөнхийлөгчтэй хэлэлцэх төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хойд Солонгост хийсэн гурван өдрийн айлчлалаа өнөөдөр өндөрлөж, үдээс хойш хилийн Самжиён хотоос шууд Сөүл рүү нисэх гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News