Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Чихрийн шижингээс үүдэлтэйгээр хөл тайрах эрсдэлийг 70 гаруй хувиар бууруулах эмчилгээг Монголд нэвтрүүлнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN

Чихрийн шижин өвчний үеийн хөлийн шархлаа хүндэрч хөл тайрах эрсдлийг 70 гаруй хувиар бууруулах эмчилгээг БНКУ/Куба/-ын туршлагаар Улаанбаатар Сонгдо эмнэлэг Монголд нутагшуулах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Heberprot-P эм найрлагадаа арьсны давхаргын өсөлтийн факторыг агуулсан учраас шархлааны эдгэрэх үйл явцыг түргэсгэдэг"
 

Сүүлийн 10 жилд БНКУ-д амжилттай хэрэгжиж буй Чихрийн шижин өвчнийг эмчлэх хөтөлбөр болон чихрийн шижингийн үеийн хүндрэлүүдийн нэг болох хөлийн шархлааг эмчлэх Heberprot-P эмийг эмчилгээнд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцахаар тус улсын Чихрийн шижингийн судалгааны төвийн эмч Янисбел Ортиз Пеняа Монголд ирээд байна. 

Тэрбээр "БНКУ 1975 оноос хойш чихрийн шижин өвчнийг эмчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 2007 онд Heberprot-P эмийг эмчилгээнд хэрэглэж эхэлсэнтэй холбогдуулан үндэсний хөтөлбөрөө шинэчилсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд чихрийн шижин өвчний хөлийн шархлааг эмчлэхдээ багаар ажилладаг. Мэргэжлийн багт хэд хэдэн нарийн мэргэжлийн эмч нар багтсан байдаг.

Чихрийн шижин өвчний хөлийн шархлааг эмчлэхдээ багаар ажилладаг. 

Чихрийн шижин өвчтэй хүмүүст шарх анихад шаардагдах уураг багассан, заримдаа байхгүй болсон байдаг учраас удаан хугацаанд аньж, эдгэхгүй шархтай явдаг. Харин Heberprot-P эм найрлагадаа арьсны давхаргын өсөлтийн факторыг агуулсан учраас шархлааны эдгэрэх үйл явцыг түргэсгэж өгдөг юм.

 

Heberprot-P эмийг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн 10 гаруй жилийн хугацаанд үндэслээд дүгнэхэд чихрийн шижин өвчний хөлийн шархлаа хүндэрч хөл тайрах эрсдэл үүсэхээс 71 хувь хүртэл хамгаалсан байна" хэмээн ярилаа.

Янисбел эмч өнөөдөр эхэлж буй Монгол Улсын Чихрийн шижингийн холбооны хуралд оролцон илтгэл тавихаас гадна 14 хоног Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч нарын багтай хамтран үзлэг хийх юм байна.

"Чихрийн шижин өвчний хөлийн шархлааг эмчлэх мэргэжлийн баг ажиллаж эхлэх гэж байна"
 

БНКУ-ын Чихрийн шижингийн судалгааны төвийн эмч Янисбел Ортиз Пеняа энэ оны зургаадугаар сард мөн Монголд ирж Heberprot-P эмийг хэрхэн эмчилгээнд хэрэглэх болон эмчилгээг багаар хийх сургалтыг Улсын III төв эмнэлэг дээр амжилттай зохион байгуулжээ.

Тус сургалтын үеэр гурван жилийн турш хөлийнх нь тавхайнд үүссэн шархлаа эдгээгүй явсан өвчтөнд эмчилгээ хийж, зургаан удаагийн/10 хоногт/ эмчилгээний дараа шархыг нь эдгээсэн байна.

Энэ талаар АУ-ны доктор, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн гоо сайхан нөхөн сэргээх мэс заслын эмч Г.Бат-Эрдэнэ "Хөлийн шархлаа бол чихрийн шижин өвчний үед гардаг нэлээн хүнд хүндрэлүүдийн нэг. Чихрийн шижингээр өвчилсөн хүн өдөр тутмын болон хоолны нарийн дэглэм баримтлах шаардлагатай байдаг. Дэглэм алдагдаж, таваас дээш жил үргэлжилсэн тохиолдолд шархлаа үүсэх цаашилбал хөлөө тайруулах хүртэл хүндрэл үүснэ. 

Улаанбаатар Сонгдо эмнэлэгт Heberprot-P эмийг хэрэглэн, чихрийн шижин өвчний хөлийн шархлааг эмчлэх мэргэжлийн баг ажиллаж эхлэх гэж байна. Эмчилгээний багт чихрийн шижингийн эмч, судасны мэс заслын эмч, нөхөн сэргээх мэс заслын эмч, хөдөлгөөн засалч нар багтаж байгаа.

Heberprot-P эмийг Монгол Улсад хэрэглэх эрх зүйн боломж бүрдсэн даруйд зургаадугаар сард бид нэг өвчтөнд эмчилгээ хийсэн. Эмчилгээ маш амжилттай болж, 10 хоногийн дотор шарх бүрэн аньсан" гэв.

Статистик мэдээллээр улсын хэмжээнд 300,000 орчим иргэн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн гэх дүн байна. Нийт өвчлөгсдийн 10 хувь  буюу 30,000 гаруй хүн чихрийн шижингийн хөлийн шархлаагаар өвчлөх магадлалтайд тооцогдож байна.

"Монгол эм импекс компанийн хичээл зүтгэлээр энэ оны тавдугаар сард чихрийн шижин өвчний хөлийн шархлааны хүндрэлийн үед хэрэглэдэг Heberprot-P эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн нь тун сайшаалтай үйл явдал болсон. Манай туршлагатай эмч Монголд ирж эмчилгээний туршлагаа хуваалцаж байгаад баяртай байна" хэмээн БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион хэлж байв.