Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүүг 10 хувиар нь байлгах шийдвэр гаргалаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2113434902254044/

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна.

Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дуйд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхжилийг дэмжинэ хэмээн үзжээ.

Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэх юм байна. 

Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр мөн уг хурлаар тогтжээ.

Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр болов.

Энэ үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан юм. 

-Макро эдийн засгийн хүрээнд гаргасан хоёр шийдвэрийнхээ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-Мөнгөний бодлогын зөвлөлийн өнгөрсөн хурлаар өрхийн хэрэглээний зээлийг орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлах шийдвэр гаргасан. Үүнийг дагаад банкны систем дээр өр, орлогын харилцааг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах байдлаар зээл гаргах эрсдэл байгаа гэж үзсэн учраас Ипотекээс бусад бүх хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэ хоёр шийдвэр нийлээд хэрэглээний зээл дээр том нөлөө үзүүлж, өрхүүд өрийн дарамт, санхүүгийн эмзэг байдалд орохоос сэргийлнэ.

Нөгөө талаар ханшийн эрсдэлээс сэргийлэх үүднээс арилжааны банкуудын иргэд, аж ахуйн нэгжид олгох валютын зээлийн эрсдэлийн хувийн жинг 120 байсныг 150 болгож нэмэгдүүлсэн

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Арилжааны банкууд дээр төгрөг болон валютын зээлийн хүү өөр байдаг. Валютын хадгаламжийн хүү байдаг учраас зээлийнх нь хүү төгрөгийнхтэй харьцуулахад бага байдаг. Тийм учраас хүү багатай гэдгээр нь валютын зээл авах сонирхол төрдөг. Гэтэл тухайн зээлдэгч валютын орлого олдоггүй бол ханшийн өөрчлөлтөөр эрсдэлтэй тулгардаг. Өмнө нь яг ийм тохиолдол гарч, валютаар зээл авсан иргэд шүүхэд хандаж, бужигнасан удаатай. Тиймээс эдийн засаг сэргэж байгаа энэ үед дээрх эрсдэл давтагдаж магадгүй гэж үзээд эрсдэлийн хувийн жинг нэмэгдүүлсэн. 

-Валютын нөөц нэмэгдсэн ч ам.долларын ханш өслөө. Бодлогын хүүг 10 хувьд барьснаар ханшийн өөрчлөлтөд нөлөөлөх үү?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Эдийн засгийн орчныг аваад үзвэл тийм их өөрчлөгдсөн зүйлгүй. Валютын нөөц хорогдсон юм байхгүй. Өнөөдрийн байдлаар томоохон өр төлөх эрсдэл алга. Харин дэлхий нийтэд АНУ-ын явуулж байгаа бодлого, худалдааны сөргөлдөөнөөс болоод ам.долларын ханш өсөж, хөгжиж байгаа орнуудын мөнгөний ханш дунджаар 5 хувиар суларч байна. Манай улсад 3.5 хувиар буурсныг дэлхийн хандлагаас зөрөөд, огцом саваллаа гэж үзэхгүй байгаа. Мэдээж дэлхийн зөрчлөөс шалтгаалан эрсдэл учрах болзошгүй тул бодлогын хүүг 10 хувьд байлгаж, нөхцөл байдлыг хянамгай ажиглая гэж байгаа. 

Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: 

-Манай улсын эдийн засгийн идэвхжил гадаад хүчин зүйлээс хамааралтай хэвээр байна. Эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай, импорт өнгөрсөн оны наймдугаар сараас 38 хувь өссөн. Гадаадаас авах эрэлт нэмэгдэж байгаа тул ваюлютын эрэлт нэмэгдэж байгаа. Мөн арилжааны банкуудын гаднаас авсан зээл, Засгийн газрын их хэмжээний өр төлсөнтэй холбоотой ханш өсөх хандлага байгаа. 

Түүнээс гадна АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 2018 он гарснаас хойш 7 удаа өсгөж, 2 хувьд хүргэсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт болоод байна. Америк руу хөрөнгө урсах хандлага ажиглагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор бусад улсад мөнгөнийх нь ханш сулрах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, ам.долларын эсрэг Туркийн лира зургаадугаар сард л гэхэд 38 хувь, пессо 50 хувь, рубль 15 хувь, юань 8, вон 5 хувь суларсан. Дэлхийн нийт 170 улсын 52 орных нь мөнгө 4 хүртэл хувиар сулраад байна. 

Манай улсын хувьд урсгал данс алдагдалтай, импортоос их бараа авч байгаа, гадаад зээлийн эргэн төлөлт зэргийг аваад үзэхэд төгрөг ам.долларын эсрэг 3.4 хувь суларсан нь бусад улстай харьцуулахад муу үзүүлэлт биш гэж үзэж байна. 

Гадаад худалдааны орлого 860 сая ам.долларын ашигтай байгаа ч манай гол хэрэгцээ болох нефтийн үнэ 20 хувь өссөн. Нөгөө талаас Монголбанк ханшийн огцом хэлбэлзэл үүсэхэд тухай бүрт арга хэмжээ авч, нийт 390 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн байгаа. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа гэж бид үзэж байна. 

Гадаад валютын нөөц 2.9 тэрбум ам.доллар байгаа. 2020 он хүртэл төлөх гадаад том өр төлбөр байхгүй учраас ханшийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж харж байгаа. 

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч Ж.Ганбаатар:

-Нэмээд тодотгоход энэ оны эхээр цэвэр дүнгээр долларын урсгал их гарсан. Үүнд, “Чингис” бондын үлдэгдэл 125 сая, “Дим Сам” бондын 145 сая ам.долларыг төлсөнтэй холбоотой валютын зах дээр том эрэлт байсан. 

Хоёрдугаарт, том орнуудын худалдааны маргаан болон Холбооны нөөцийн бодлого хөгжиж буй орнуудад хүчтэй нөлөө үзүүлж байгаа. Зарим улс орон ханшаа сулруулах, бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээ авсан. Хятад, Орос, БНСУ мөнгөний ханшаа нэлээд сулруулсан. Гадаад худалдаан дээр үнийн өрсөлдөх чадвараа алдахгүй байх арга хэмжээ авсан гэсэн үг. 

Төгрөг ам.долларын эсрэг суларсан ч рубль, вон, юанийн эсрэг чангарсан байгаа. Тиймээс өрсөлдөх чадвараа алдахгүйн тулд тодорхой хэмжээний ханшийн сулралыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй

Гуравдугаарт, ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларч байгаа нь дунд хугацаандаа эдийн засаг хэт савлахгүй байхад ач холбогдолтой. Монгол Улс түүхий эдийн дэлхийн зас зээлээс хамааралтай хэвээр байгаа. Тиймээс эрсдэлийг хуримтлуулахгүй авч явах нь чухал юм. 

Өрхийн түвшинд хэт өрийн дарамтад орохгүй байх хэрэгтэй. Гадаад эдийн засгийн хурдтай уялдуулж дотоод эдийн засгаа авч явах хэрэгтэй