Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль орчмын бүсийг тохижуулах ажлыг 29 дүгээр сургуулиас эхлүүлж байна"

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Зам тээврийн хөгжлийн яамнаас санаачлан тусгай цэцэрлэг, сургуулиудын орчныг жишиг байдлаар тохижуулах зорилгоор “Бэрхшээлгүй орчинд БИДНИЙ оролцоо” сайн үйлсийн аяныг эхлүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургууль болон сонсгол харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгт нийт 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна.

Эдгээр сургууль, цэцэрлэгүүд хамгийн тайван орчинтой байх ёстой боловч харамсалтай нь Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй хэсэг болох 100 айл орчим байрладаг. 

Тухайн бүсэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүү хэл энгийн хүмүүс ч хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй төдийгүй зам тээврийн осол, хулгай, дээрэм, хүчирхийлэлд өртөх явдал ихээхэн гардаг байна.

29-р сургуулийн 12 Б ангийн сурагч П.Отгонжаргал “Манай сургуулийн ойр орчны замын асуудал тулгамдсан асуудал болоод байна. Учир нь сонсголгүй, харааны бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн ойр орчинд олон янзын осол гэмтлүүдэд өртөж байна. Сургуулийн гаднах явган хүний зам маш нарийхан тул харааны бэрхшээлтэй хүүхдүүд зорчиход хүндрэлтэй байдаг ба үүнээс болж бид хичээлээсээ тогтмол хоцордог” гэлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдын зүгээс дээрх сургуулийн орчныг жишиг байдлаар тохижуулахад олон нийтийг уриалж мөнгөн хуримтлал үүсгэхээс гадна өөрсдийн чадах хэмжээнд тохижилтын ажилд оролцох, материаллаг дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа талаар мэдээлэв.

Тус санаачлагыг гаргасан Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад олон нийтийг уриалаад байна. 

 
Гэрэл зургийг: mpa.mn

Зам Тээврийн Хөгжлийн Яамны Авто Тээврийн бодлого зохицуулалтын дарга С.БатболдМонгол Улсад зам тээврийн ослын улмаас амь эрсдэж буй хүмүүсийн тоо жил бүр буурахгүй нэмэгдэж, жил бүр 50-60 хүүхэд нас барж, 1,000 гаруй хүүхэд гэмтдэг гэсэн харамсалтай тоо бий. Энэ тоог бууруулахын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж бууруулж байгаа. Үүний нэг бол сургууль орчмын бүсийг тохижуулах ажлыг 29-р сургуулийн ажлаар эхлүүлж, бусад байгууллага хамт олныг мөн нэгдээсэй гэж уриалж байгаа юм. Сургуулийн орчим, зам талбайг стандартын дагуу засаж, шийдвэрлэж өгвөл эдгээр хүүхдүүдийг зам тээврийн ослоос нас барж, гэмтэхээс хамгаалах боломжтой юм” гэлээ.

Мөн Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч төлөөлөгчид болох УДЭТ-ын жүжигчин, СТА М.Түвшинхүү, БТСГ-ын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, СТА, Хийлч Ч.Дэлгэрцэцэг,  Сэтгүүлч Б.Болдко нар олон нийтийг уриалж, энэхүү аяныг дэмжин оролцож байгаа аж.

Дээрх ажлуудыг хийж тохижуулахад эхний ээлжинд 300 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд ЗТХЯ-ны ажилтнууд, урлаг соёлынхон хамтран одоогийн байдлаар 50-иад сая төгрөг цуглуулаад байна.