Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын жүжигчинтэй уулзахын тулд Тайланд фэнүүд нь хориотой бүсэд зүсээ хувирган нэвтэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Саяхан Өмнөд Солонгосын цуврал киноны од жүжигчин Тайландад зочлох үеэр хоёр эмэгтэй фэн нь гаалийн ажилтны дүрд хувирч нисэх буудлын хориотой бүсэд нэвтэрсэн хэрэг гарчээ.

Өнгөрсөн Баасан гарагт дэлгэцийн од Ли Жон Сук Бангкок хотын Суварнабхуми нисэх буудалд газардсан юм. Энэ үеэр гаалийн ажилтны дүрд хувирсан хоёр бүсгүй түүнтэй нүүр тулж, гар барих боломж олдсоноо Инстаграм хуудсандаа гайхуулан бичжээ.

Тэд бас хэрхэн гаалийн ажилтны хувцас олж өмссөн, ингэхэд нь гаалийн хоёр ажилтан тусалсан зэргийг тайлбарлан бичсэн юм.

Үүнийг нь олж үзсэн Тайландын цагдаагийн газар фэн бүсгүйчүүдэд хууль бусаар хил давсан хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн тэдэнд тусалсан гэгдэж байгаа гаалийн ажилтнуудыг шалгаж эхэлснээ нисэх буудлын цагдаагийн газрын дарга, хурандаа Вирож Тудсо өчигдөр мэдэгдсэн байна.

Гаалийн ажилтнууд дүрэмт хувцас, нэвтрэх үнэмлэхээ фэн бүсгүйчүүдэд хэрэглүүлсэн байж болзошгүй гэнэ.

Хэрвээ бүсгүйчүүдийн буруутай нь тогтоогдвол хил зөрчсөн хэргээр дээд тал нь 5 жил шоронд хоригдож, 100,000 батын ($3,100 орчим) торгууль төлөх ажээ.

Гэхдээ бүсгүйчүүдийн зоригтой үйлдэл бусад фэнүүдийн талархал, бахархлыг төрүүлж, сошиал орчинд сайшаагдаж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын цуврал киноны од, 29 настай Ли Жон Сук өнгөрсөн Бямба гарагт Тайландын фэнүүдтэйгээ уулзсан бөгөөд энэ уулзалтын тасалбар 5,500 батын ($170) үнэ хүрч байжээ.

Өмнөд Солонгосын поп урлаг иргэдийг нь байлдан дагуулж байгаа Азийн орнуудын нэг нь Тайланд юм.

Нисэх буудлын дэд ерөнхийлөгч Киттипон Киттикачхорн орон нутгийн хэвлэлд ярихдаа энэ явдал аюулгүй байдлаа сайжруулах хэрэгтэй болсныг харууллаа гээд үүнд зориулж 20 сая батын ($617,000) хөрөнгө ирэх оны төсөвтөө тусгаад байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press