Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд нь өлсгөлөнд нэрвэгдсэн Венесуэлийн ерөнхийлөгч Туркийн алдартай ресторанд хоол зооглоод шүүмжлүүлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро саяхан гадаад орнуудад аялж явахдаа Туркийн Истанбулд Salt Bae нэрээр алдаршсан тогооч Нусрет Гокчегийн ресторанд зоог барьжээ.

Олон сая иргэн нь өлсгөлөнгийн байдалд байгаа улсын ерөнхийлөгч үнэтэй стик зооглож, сигар татаж байгааг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан байна.

Гокче түүнд өөрийн гараар мах зүсэн өгч, Мадуро “Энэ бол амьдралд нэг тохиох боломж” хэмээн ярьж байгаа нь бичигджээ. Түүний бичлэг сошиал ертөнцийнхний шүүмжлэлд булуулж байна.

Саяхан нийтлэгдсэн судалгаагаар Венесуэльчуудын 87 хувь нь ядуурлын түвшинд амьдарч байгаа гэнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд хүн амынх нь 72.7 хувь хоол хүнс олдохгүй байгаагийн улмаас жингээ хассан гэжээ.

Мадурогийн зоог барьсан рестораны хоол $70-$275-ын хооронд үнэтэй байдаг гэнэ.

Түүний дүрс бичлэгийг Венесуэлийн сөрөг хүчнийхэн, АНУ-ын улс төрчид сошиал хуудсандаа шүүмжлэн бичицгээжээ. Николас Мадуро өнгөрсөн долоо хоногт зээл тусламж хүсэхээр Хятадад айлчлаад буцах замдаа Истанбулд түр саатсан юм байна.

Эх сурвалж: Mashable