Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид унасан онгоцны талаар Израйлийн өгөх мэдээллийг Оросын тал судлахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Сирийн эргийн ойролцоо Оросын цэргийн Ил-20 нисэх онгоц буудуулж унасан билээ. Тухайн үед Израйлийн агаарын довтолгооны эсрэг хариу цохилт өгч байсан Сирийн арми уг онгоцыг санамсаргүй оносон гэгдэж байгаа.

Хэрэг явдлын дараа Израйль улсын засгийн газар өөрийн хэрэгжүүлсэн агаарын ажиллагааны мэдээллийг ОХУ-ын талд өгч ослын шалтгааныг тодорхойлоход туслах санал тавьсан юм.

Тэгвэл энэ саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээж авсныг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.

Оросын цэргийн 15 алба хаагч зорчиж байсан Ил-20 нисэх онгоцыг унагасны дараа ОХУ-ын батлан хамгаалах яам Израйлийн талыг буруутгасан мэдэгдэл хийсэн бол Путин үүнийг “санамсаргүй алдаа” гэж зөөлрүүлсэн юм.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Мягмар гарагт Путинтай утсаар ярихдаа эмгэнэл илэрхийлж, өөрийн агаарын хүчний генералыг Москвад илгээж дэлгэрэнгүй мэдээлэл өгүүлэх санал тавьсан.

Путин хэдийгээр уг хэрэг явдалд хэн нэгнийг шууд буруутгахаас зайлсхийж байгаа ч Сири дэх Оросын цэргийн алба хаагчид, өмч хөрөнгийг хамгаалах нэмэлт арга хэмжээ авахаа амалсан байна.

Израйль улс Сирийн нутагт бүс нутгийн гол өрсөлдөгч Ираны нөлөөг хязгаарлахын тулд үе үе агаарын ажиллагаа явуулж байгаа. Эдийн засгийн хоригт орсон ОХУ энэ хоёр оронтой аль алинтай нь харилцаагаа муутгахыг хүсэхгүй байгаа тул дээрх үйл явдалд болгоомжтой хандаж байгаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: Associated Press