Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэд цахилгаан станц барих газрыг чөлөөлөхөөр зарим шарилыг шилжүүлж байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газраас Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 гэр хорооллын, 20,600 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэх зориулалттай эрчим хүч дамжуулах дэд станц барих шийдвэр гарсан билээ.

Дэд станцын барилгыг нийслэлийн хойд хэсэгт байрлах 70 давхрын оршуулгын газарт барихаар төлөвлөсөн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас барилга барих зурвас газарт орсон шарилыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун "Цахилгааны дэд станцыг 100/160 харьцаатай газар дээр барихаар төлөвлөж байна. Энэхүү станцын барилгын суурь тавигдах зурвас газар дээр байгаа 22 шарилын нэрийг зарласан ч барилгын суурийг барих газарт бага зэргийн өөрчлөлт орсон тул энэ тоо багассан.

Эдгээрээс одоогоор найман талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, шилжүүлэх ажил хийгдэж байна. Мөн нэр нь тодорхойгүй, чулуу, газар нь эвдэрсэн хэсэг газрын доор шарил байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд үзлэг хийж байгаа. Хэрэв шарил гарч ирвэл ёс журмын дагуу чандарлаж, далан давхрын суваргад залах ажил мөн хийгдэж байна.

Энэхүү барилгын ажлыг захиалагч нь Эрчим хүчний яам болон Цахилгаан дамжуулах сүлжээ компани юм. Дэд станц баригдах тус газар нутгийг аль болох хурдан хугацаанд чөлөөлсний дараагаар барилгын ажил хийгдэж эхэлнэ. Станцыг энэ оны дөрөвдүгээр улиралд барьж дуусгах төлөвлөгөөтэй байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд, ирээдүйд далан давхрын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж төлөвлөсөн байдаг. Гэхдээ одоогоор энэ талаар хийгдэх ямар нэгэн ажлын чиглэл гараагүй. Одоогоор яригдаж буй асуудал бол барилгын ажил явагдах зурвас газрын тухай асуудал юм” гэлээ.