Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тэрбумтан сар руу 6-8 уран бүтээлчийн зардлыг дааж, хамт ниснэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

SpaceX компанийн зохион бүтээх Big Falcon Rocket сансрын хөлгөөр сарыг тойрон аялах хүнийг өчигдөр Илон Маск зарласан билээ.

Энэ хүн нь Японы онлайн хувцасны худалдааны платформыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Юсаку Маезава байсан юм. Нийт $3 тэрбумын хөрөнгөтэй Маезава яг хэр хэмжээний мөнгө төлж сансрын жуулчин болох эрх авсныг Маск зарлаагүй. Гэхдээ тэр уг аялалын багийн бүх зорчигчийн суудлыг худалдан авч, өөрийн хамт зургаагаас найман уран бүтээлчийг дагуулж нисэхээр болжээ.

Маезава BFR хөлгийг бүтээхэд нэмэр болохуйц хэмжээний мөнгө төлснийг Макс батлан хэлсэн байна.

 

Япон тэрбумтны дагуулж явах уран бүтээлчид нь зураач, фото зурагчин, кино найруулагч, хөгжимчин, хувцас загвар зохион бүтээгч, архитектор хүмүүс байх гэнэ.

Тэд Маезаватай хамт 380,000 гаруй километрын аялалыг 2023 онд хийх юм.

 BFR хөлгийг 2022 оны гуравдугаар сард нисэгчгүйгээр туршина гэж Маск төлөвлөжээ.

Багаасаа урлагт дуртай байсан Маезава сарыг тойрон аялахдаа төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийг урлагийн янз бүрийн хэлбэрээр илэрхийлж, хүн төрөлхтөнд дамжуулах хүсэлтэй тул ийм баг бүрдүүлсэн гэнэ.

Тэр #DearMoon нэртэй төсөл эхлүүлж, вэбсайт нээсэн байна.

“Сар бол үргэлж хүн төрөлхтөнд урам зориг өгсөөр ирсэн эрхэс. Тиймээс би ганцаар аялахыг хүссэнгүй, мэдэрсэн зүйлсээ аль болох олон хүнтэй хуваалцахыг хүсэж байна. Тэгээд би сар руу уран бүтээлчидтэй хамт аялахаар шийдсэн юм” гэж Маезава ярьжээ.

BFR хөлгийг бүтээх ажил эхэлсэн бөгөөд түүнд зориулж буй зардлын талаар Маск “Одоогоор SpaceX компанийн нөөцийн 5 хүрэхгүй хувийг BFR хөлөгт зарцуулаад байна. Ойрын жилүүдэд энэ хэмжээ эрс нэмэгдэнэ. BFR-ийг бүтээх нийт зардал $5-$10 тэрбумын хооронд байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Space.com