Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн орны ерөнхийлөгчийн хүү их хэмжээний бэлэн мөнгөтэй ирж Бразилчуудыг гайхшруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Төв Африкийн жижиг улс Экваторын Гвинейн дэд ерөнхийлөгчийн Баасан гарагт Бразилд газардсан хувийн нисэх онгоцноос $16 саятай тэнцэх бэлэн мөнгө, олон тооны үнэтэй бугуйн цаг гарсан байна.

Онгоцоор ирсэн 11 хүнтэй төлөөлөгчдийн ахлагч нь Экваторын Гвинейн дэд ерөнхийлөгч, тус улсын ерөнхийлөгчийн хүү Теодорин Нгуема Обианг байжээ.

Тэдний дотроос ганцхан Обианг дипломат халдашгүй эрхтэй тул шалгуулалгүй хилээр нэвтэрч, бусад зорчигчдыг шалгахад ийм эд зүйлс, мөнгө олдсон байна. Бразилын хууль ёсоор гаднаас ирж буй зорчигч 10,000 реалаас ($2,400 орчим) их бэлэн мөнгөтэй явах ёсгүй. Энэ их бэлэн мөнгө, үнэт зүйлсийг яах талаар цагаачлалын алба, цагдаагийн газартай хэлэлцэж байгааг Бразилын гадаад хэргийн яам мэдээлжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр энэ мөнгө нь Обиангийн Бразилд эмчлүүлэх зардал бөгөөд цагнууд нь түүний хувийн өмч гэнэ. Цаг бүр дээр Обиангийн нэрийг сийлсэн байгаа нь үүний баталгаа ажээ.

Дэд ерөнхийлөгч Теодорин Обианг төсвийн мөнгийг угааж, тансагласан хэргээр 2017 оны аравдугаар сард Францын шүүхээс гурван жилийн тэнсэн харгалзах ял сонсож байв.

Тэрээр Бразилд олон удаа зочилж байсан. 2015 онд Рио Де Жанейрогийн багт наадамд Экваторын Гвинейн сэдэвтэй парадыг ивээн тэтгэж, оролцсон самба бүжгийн сургууль нь хамгийн дээд шагналыг авч байжээ. Түүний эцэг, улсын ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуема нь сүүлийн 38 жилийн турш хатуу гараар төр барьж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian