Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

“МАЙНИНГ ФОРУМ” болж өндөрлөлөө

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК Монголд анх удаагаа “Mining Forum 2018” уул уурхайн салбарын технологийн олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Тус чуулга уулзалтыг Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн яам дэмжин ажилласан ба Голомт банк "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК компанитай хамтран технологийн хөрөнгө оруулалтад зориулсан тусгай хөтөлбөр бүхий шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаагаа мөн зарласан юм. 

“Хамтдаа хөгжье” уриан дор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтын гол зорилго нь уул уурхайн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлж, сүүлийн үед эрчимжээд буй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах зэрэг салбарт тулгамдаад буй том сорилтуудыг даван гарахад оршиж байгаа аж.

Чуулга уулзалтыг зохион байгуулсан "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК нь 1996 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ба Катерпиллар брэндийн Монгол дахь албан ёсны дилер юм. Өдгөө 22 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй тус компани нь Монгол дахь хүнд даацын машин нийлүүлэгч хамгийн том компани болсон ба сүүлийн долоон жилийн турш Евро-Азийн бүс нутагт дилерийн гүйцэтгэлээр тасралтгүй тэргүүлж байгаа юм.

Анхдугаар чуулга уулзалтад Катерпиллар корпорацийн Ази Номхон Далайн бүс нутгийн зах зээл хариуцсан менежер, Экскаватор хариуцсан дэлхийн менежер болон Австрали, АНУ, Индонези, Канад, ОХУ-аас ирсэн экспертүүд нийт 12 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Эрдэнэт, Оюутолгой, Багануур зэрэг уул уурхайн салбарын 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын нийт 160 гаруй төлөөллүүд оролцож өнгөрлөө.

Мөн тус чуулганаар нийт 22 цагийн хөтөлбөрийг нэг өдөрт багтаан уул уурхай, тоног төхөөрөмжийн сэдвээр хэд хэдэн салбар хуралдаанууд зэрэг болж өнгөрснөөрөө онцлогтойг зохион байгуулагчид онцолсон юм.

 

Тус форумын талаар "Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ны Худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр “Катерпиллар компани нь дэлхийд тэргүүлэгч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч компани. Тус компанийн гол төвлөрдөг салбар бол мэдээж уул уурхайн салбар. Жил болгон дэлхийн уул уурхайн компаниудын төлөөллийг цуглуулсан “Mining” форум уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрт зохион байгуулагддаг. Манай компанийн хувьд тус форумыг 2012 оноос хойш хэрэглэгч нартаа илүү мэдээлэл хүргэж, илүү ойр байхын тулд зохион байгуулахаар төлөвлөж ирсэн ч тохироо нь бүрдэхгүй байсаар энэ жил анх удаа зохион байгуулж байгаад баяртай байна.

Тус үйл ажиллагаанд дэлхийн Катерпиллар компанийн төлөөлөл болсон зургаан улсын арав гаруй уул уурхайн инженер, техникийн өндөр мэргэжилтнүүд ирж манай компанийн нүүрс, зэс төмрийн хүдрийн уурхайн харилцагч нарт зориулан олон сэдвээр, багц 12 сургалт явуулахаар ирсэн нь онцлогтой юм" гэлээ.

 

Мөн форумын үеэр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ний Гүйцэтгэх Захирал Кокэнин Кэлвинтэй товч ярилцлаа:

-Уул уурхайн салбарт олон жил ажиллаж буйн хувьд Монголын уул уурхайн салбарын онцлог болон тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдээс дурдвал?

-Монголд болон дэлхийн улс орнуудад гол нэрийн бараа бүтээгдэхүүн, хэрэглээний үнэ маш өндөр үе сүүлийн жилүүдэд тохиож байна. Дэлхий даяар уул уурхайн олборлолт өмнөх жилүүдэд байснаас эрчимтэй явагдахын хирээр уул уурхайн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага өссөөр байгаа. Хэрэгцээ, шаардлага нэмэгдэхийн хирээр манай компани, Катерпилларт олон газраас захиалга орж ирдэг. Нэг л захиалга харилцагчийн гарт хүргэхийн тулд 30-40 долоо хоногийн хугацаа шаардагддаг.

Энэ үед манай компанийн хамт олон харилцагч нартайгаа илүү ойр байж, тэдний хүсэл, шаардлагыг илүү ойлгож, нарийн төлөвлөгөөтэй ажиллаж, харилцагчдад бүтээгдэхүүнийг аль болох түргэн шуурхай хүргэж ажилладаг. Зөвхөн манай компани бус ер нь аливаа компани, аж ахуйн нэгж харилцагч нартайгаа илүү ойр ажиллаж, тэднийг илүү ойлгох юм бол өмнө тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг хамтын ажиллагааны үр дүнд тун амархан давж гарах болно гэж бид итгэдэг.

-Танай компанийн хувьд ойрын ирээдүйд ямар төрлийн ахиц,  дэвшил гаргахаар төвлөрөн ажиллаж байна вэ?

-Чуулганы нээлтийн үеэр дурдсанчлан бид борлуулатын дараах үйлчилгээнд хамгийн их төвлөрөн ажиллаж байна. Дийлэрийн хувьд манай харилцагчдад ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдоход бид маш түргэн хугацаанд хариу үзүүлж, шаардлагатай тусламж, засвар, үйлчилгээг үзүүлэх нь чухал. Тийм ч учраас энэ тал дээр бид илүү дэвшил гаргахаар ажиллаж байна.

Мөн дараа жил бид тоног төхөөрөмжийн бэлэн дэлгүүрийн үүд хаалгыг нээхээр ажиллаж байна. Ингэснээр бид хэрэглэгчдэд шууд үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм.​

Чуулганы үр дүнд уул уурхайн салбарын удирдлага, мэргэжилтнүүдэд өндөр өртөгтэй олборлолт, барилга бүтээн байгуулалтын зардлыг хэрхэн бууруулах, ямар зардалд хөрөнгө оруулах мөн ямар зардлыг танах шаардлагатай зэрэг технологийн шийдлүүдийг танилцуулж,  менежментийн хувилбаруудыг санал болгон, гадаад дотоодын мэргэжилтнүүд туршлага хуваалцаж амжилттай болж өнгөрлөө.