Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн эрх баригчид гүзээлзгэнэд зүү нуудаг этгээдийг хайж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Австрали улсад худалдаалагдаж байгаа гүзээлзгэнэд зүү нууж хийсэн хэд хэдэн тохиолдол илэрсэн нь зах зээлд муугаар нөлөөлж, үнэ буурахад хүргэжээ.

Дэлгүүрээс худалдаж авсан гүзээлгэнээс зүү илрүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч, нэг хүн зүү залгиснаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний зарим нь олсон зүүнийхээ гэрэл зургийг сошиал сүлжээнд нийтэлж, бусдад анхааруулах болжээ.

 

Орон нутгийн хэвлэлд бичсэнээр Австралийн гурван мужид нийт долоон тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Жил бүр $93 саяын гүзээлзгэнэ зах зээлд борлуулдаг Күинсланд мужийн захиргаа хорлох ажиллагаа явуулж байгаа этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд $70,000-ын шагнал амлажээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал дээр Күинсланд мужийн захирагч Аннастасиа Палашчук “Хэн нэгэн эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг унагахыг зорихын хажуугаар гэр бүлүүд, хүүхэд нялхсыг эрсдэлд оруулж байна. Энэ бол байж боломгүй хэрэг. Би маш их бухимдаж байна” гэж хэлсэн байна.

Үүний улмаас иргэд гүзээлзгэнэ худалдаж авахаас болгоомжлох болж, фермерүүд их хэмжээний ургацаа борлуулж чадалгүй устгахад хүрээд байгаа гэнэ.

Мөн гүзээлзгэний бөөний үнэ бараг хоёр дахин буураад байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Гүзээлзгэний ургац гарч, борлуулалт нэмэгддэг ид үед ийм хэрэг гарсан нь фермерүүдийн хохирлыг улам нэмэгдүүлж байна. 

Күинсланд мужийн Гүзээлзгэнэ тариалагчдын Холбооныхон уг хэргийн цаана салбарт нь ажиллаж байгаад халагдсан хэн нэг ажилтан байх боломжтой гэж сэжиглэжээ.

Гүзээлзгэнэд зүү нуусан этгээд баригдвал 10 хүртэл жил шоронд хоригдох шийтгэлтэйг Палашчук сэтгүүлчдэд ярьсан байна.

 

Эх сурвалж: The Washington Post