Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд Путины энхийн гэрээ байгуулах саналыг ойшоохгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Саяхан болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ онд багтаж, ямар нэг нөхцөлгүйгээр энхийн гэрээ байгуулах саналыг Японы ерөнхий сайдад гэнэт тавьсан билээ.

Путины саналд сөрөг хариу өгвөл Токио-Москвагийн цаашдын яриа хэлэлцээрт саад болох тул Японы засгийн газар үүнд болгоомжтой хандаж байна.

Харин сөрөг хүчнүүд, Абэгийн өрсөлдөгчид Оросын ерөнхийлөгчийн саналаас татгалзахыг уриалж эхэлжээ. Япон улс зөвхөн маргаантай дөрвөн арлын асуудлыг шийдсэний дараа дэлхийн хоёрдугаар дайныг дууссанаас хойш яригдаж байгаа энхийн гэрээг байгуулах байр суурьтай байгаа юм.

Японд “Хойд газар нутаг”, Орост “Өмнөд Курилын арлууд” гэдэг дөрвөн арлыг дайны төгсгөлд ЗХУ-ын цэрэг булаан эзэлсэн гэж Токиогийн эрх баригчид үздэг.

Одоо Либерал Ардчилсан Намын тэргүүний суудалд Абэтай өрсөлдөж байгаа Шигерү Ишиба ерөнхий сайдыг Японы байр суурь хэвээр байгааг харуулж, Путинд хатуу хариулт өгөх хэрэгтэй гэж хэвлэлд ярьжээ.

Японы Коммунист Намын дарга Казуо Ший “Абэ энэ асуудалд хатуу байр суурьгүй явж ирснээс дипломат цохилт амслаа” гэж мэдэгдсэн байна.

Абэ Оросоос ирснийхээ дараа засгийн газарт эвссэн Комейто намын дарга Нацуо Ямагучитай уулзахдаа энэ саналыг “энхийн гэрээ байгуулах Путины хүсэл сонирхлын илэрхийлэл төдий” гэж харж байгаагаа ярьсан гэнэ.

Шинзо Абэ Хойд газар нутгийн асуудлыг шийдэх хүртэл энхийн гэрээ байгуулахгүй гэсэн байр суурь хэвээр байгааг энэ үеэр баталсныг Ямагучи хэвлэлд ярьжээ.

Мөн тэр өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга “Манай байр суурийг Оросын тал сайн мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Тэгвэл Ханой хотод олон улсын хуралд сууж байгаа Японы гадаад хэргийн сайд Таро Коно “энхийн гэрээ байгуулах ямар ч оролдлогыг шүүмжлэх нь зохисгүй хэрэг” гэж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Абэ, Путин нар нийтдээ 22 удаа уулзсан ч газар нутгийн маргааны асуудалд дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаа.

Одоо Японы засгийн газар ацан шалаанд ороод байна. Путины саналд татгалзсан хариу өгч харилцаагаа муутгах, эсвэл Абэгийн нэр хүнд дотооддоо унах хоёр аюулын дунд ороод байгаа юм.

Удирдагчд 2016 онд Японд уулзахдаа маргаантай дөрвөн арал дээр эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Харин сая Путины тавьсан санал нь Оросын тал Японоос илүү их хамтын ажиллагаа хүсэж байгаагийн илрэл байж магадгүй гэж үзэж байна.

Японы сөрөг хүчнүүдийн нэг болох Ардын Ардчилсан Намын тэргүүн Юйчиро Тамаки “Япон, Оросын хооронд болсон 22 удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүн чухам юу байваа гэдэг асуудал эндээс урган гарч ирж байна” хэмээн Абэгийн гадаад бодлогыг хатуу шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun