Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Чам руу над руу урсана... 19 жилийн дараа

Б.Дөлгөөн
2018 оны 9 сарын 14
iKon.MN

МУГЖ дуучин Б.Сарантуяа Болор хамтлагийн дуучин, ая зохиогч С.Оргилтой хамтран 1999 онд "Чам руу над руу урсана" (үг: МУСГЗ Ү.Хүрэлбаатар ая: С.Оргил) дууг Мillenium studio-д бичүүлж байжээ. Энэ дуу тухайн цаг үедээ хит болж байсан хэдий ч анхны хувилбараараа ямар ч цомогт ороогүй, клип ч хийлгээгүй үлдсэн байж. Өөрөөр хэлбэл энэ дуу Сараагийн 2002 оны Мартъя ремикс цомогт ремикс хэлбэрээр, 2004 оны Best of Saraa амьд тоглолтонд тэд хамтран дуулсанаас өөрөөр дахиж дуулагдаагүй байна. 

Харин 2017 онд олон нийтийн сүлжээнд Ангууч нэртэй хэрэглэгч энэ дууны тухай нийтлэл оруулснаар поп хатагтайд дуугаа клипжүүлэх, дахин сэргээж дуулах санаа төржээ. 

Ингээд он удаан настай дуу түүний "Инээмтгий хүн" цомогт /22 дахь цомог/ багтан орж "фм 102.5 - Ялалтын парадын чарт"-д олон долоо хоног өрсөлдөж байна.

 

Дууны клипний хувьд Сараагийн дуулсан хэсгийг АНУ, Санта Барбарад "The Mongolian Family" блог хөтөлдөг Марал Тэмүүжин хоёртой хамтран хийсэн бол Оргилын дуулсан хэсгийн зураг авалтыг Улаанбаатарт хийж Dual Zet production эмхэтгэн гаргажээ.

Поп хатагтай өнгөрсөн 8 дугаар сард бурханы оронд одсон ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан есдүгээр сарын 24-нд ОХУ-ын Саха улсын нийслэл Якутск хотын Саха театрын тайзнаа "Ээж та миний сэтгэл зүрхэнд" тоглолтыг хийхээр болжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.