Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс гадаад ертөнцөд хаалгаа нээж байгааг мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүн ам нь хөгширч, хорогдож байгаа Япон улс цаашдаа гадаадаас ажиллах хүч ихээр хүлээж авах бодлоготой байгааг тус улсын гадаад хэргийн сайд өчигдөр мэдэгджээ.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы хүрээнд Вьетнамын Ханой хотод зохион байгуулагдаж байгаа хуралд оролцсон Таро Коно жил тутам хүн ам нь хагас саяар хорогдож байгаа Япон улс ийм замаар нийгэм, эдийн засгаа аврахаас өөр аргагүй гэдгийг хэлсэн байна.

“Бид ийм байдлаар нийгмээ тогтвортой хөгжүүлж чадахгүй. Бид улс орноо нээж байна. Бид хөдөлмөрийн зах зээлээ гадаад улс орнуудад нээнэ. Бидний боловсруулж байгаа шинэ бодлогын дагуу Японы нийгэмд уусан шингэх хүсэлтэй хэн бүхнийг хүлээж авах болно” гэж Коно хэлэлцүүлгийн үеэр хэлжээ.

Япон улс гадаадаас ажилчин авахаас зайлсхийдэг уламжлалт бодлоготой явсаар ирсэн түүхтэй. Олон Япон хүн хэлийг нь мэдэхгүй, өөр ёс заншилтай хүмүүст таагүй ханддаг.

Одоо тус улс ресторан, барилга, өндөр настны асаргаа зэрэг ажиллах хүч хомс салбаруудад зүүн өмнөд Азиас голдуу ажилчид авдаг. Тэдний хамгийн том бэрхшээл нь хэлний асуудал байдаг гэнэ.

Гадаад хэргийн сайд Таро Коно улс орон нь өөр үндэс угсаатнуудаар хүн амаа нэмснээр хэрхэн амжилт олж байгааг газрын теннисний залуу од Наоми Осакагаар жишээ татан ярьжээ.

Өнгөрсөн Бямба гарагт 20 настай Осака АНУ-ын Гранд Сламын цомыг хүртсэн анхны япон гаралтай тамирчин болсон юм. Тэр Япон эх, Хайти эцэгтэй, Японд төрж, Америкт өссөн бүсгүй ажээ.

“Олон угсаатнуудаас хүн амаа бүрдүүлэх хэрэгтэй. Нээлттэй бодлого хэрэгтэй” гэж Коно хэлсэн байна.

 

Эх сурвалж: Japan Today