Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн жил есдүгээр сард хүүхдэд холбоотой 3 гэмт хэрэг гарсан бол, энэ жил 9 байна"

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүүхдэд холбоотой гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад эрс өсчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаантай ярилцлаа.

-Хүүхдэд холбоотой гэмт хэрэг өссөн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг жилд дунджаар 1,500-2,000 гарч байна. Мөн дунджаар 4,500 гэмт хэрэгт хүүхэд хохирч, 3,300 орчим гэмт хэргийг хүүхэд үйлдсэн үзүүлэлт байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхэд хамгааллын чиглэлээр хуулиа мөрдөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аяныг шат дараатайгаар зохион байгуулж байна. Ингэхэд хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал улсын хэмжээнд 31 хувиар буурсан. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт буурч байгаа эерэг хандлага бий болж байгаа юм.

Нөгөөтээгүүр, хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа асуудал улсын хэмжээнд 16 хувиар өссөн. Энэ нь насанд хүрэгчид хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагаас үүдэлтэй. Эцэг эхчүүд хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа дүр зураг харагдаж байна. 

-Ихэвчлэн ямар шалтгаанаас болж хүүхэд гэмт хэрэгт холбогдож байна вэ?

-2018 оны эхний найман сарын мэдээллээр улсын хэмжээнд нийт 1,200 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 31 хувиар өссөн. 

Харин хүүхэд хохирч байгаа гэмт хэргүүдийг судалж үзэхэд 82 хувь нь насанд хүрэгчид хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь тогтоогдсон. Харин хүүхэд хүүхдийнхээ эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг 18 хувийг эзэлж байна. 

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хүүхдэд холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдсэн үү?

-Энэ оны есдүгээр сарын эхний 10 хоногийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хүүхдэд холбоотой гэмт хэргийн гаралт 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жил есдүгээр сарын эхний 10 хоногт улсын хэмжээнд 3 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол, энэ жил 9 гэмт хэрэг үйлдэгдсэн.

Энэ дунд зам тээврийн осол, гар утсаа дээрэмдүүлсэн, танхайрсан, хүүхдийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн, хүүхэд нас барсан зэрэг гэмт хэргүүд үйлдэгдэж, шалгагдсан байна. 

-Хүүхэд хамгааллын тухай хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Хүүхэд хамгааллын тухай хуульд 5 төрөлд хүүхэд хамгаалагдах ёстой байдаг. Үүнд:

  1. Боловсролын салбарын хүүхэд хамгаалал
  2. Гэр бүлийн хүүхэд хамгаалал
  3. Цахим орчны хүүхэд хамгаалал
  4. Олон нийтийн арга хэмжээний хүүхэд хамгаалал
  5. Эрүүл мэндийн салбарын хүүхэд хамгаалал орно. 

Гэхдээ энэ 5 төрлийн хүүхэд хамгаалал төдийлөн сайн хэрэгжихгүй, алдагдчихсан байна.Тухайлбал, эрүүл мэндийн салбарт эмнэлэгт очсон хүүхэд анхны тусламж яаралтай авч чадахгүй эндэж байна. Олон нийтийн арга хэмжээний хувьд морины уралдаан хамгийн том жишээ болно. Боловсролын байгууллагад ихэвчлэн хүүхдийг дээрэмдэх гэмт хэрэг гардаг. Гэр бүлийн хүчирхийлэл мөн сүүлийн үед их гарах болсон. Цахим орчинг хэрхэн зөв байдлаар ашиглах  талаар хүүхдүүд мэдлэг багатай байдаг. Эцэг эх нь хэтэрхий эрт гар утас авч өгдөг, цахим орчинг хэрхэн зөв зохистой хэрэглэх мэдлэгийг хүүхдэдээ олгодоггүйгээс гэмт хэрэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

-Хүүхдийг гэмт хэргийн золиос болгохгүйн тулд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, зөв хүмүүжил, дадлыг олгоход эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал байна. 

Хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Энэ дагуу төрийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх, боловсролын байгууллагыг соён гэгээрүүлэх гэх мэт олон төрлийн ажлуудыг хийж байгаа. Гэсэн хэдий ч энэ нь зарим эцэг эхчүүдэд төдийлөн сайн хүрэхгүй байна. Хувь хүн өөрийнхөө хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Үүнийг л эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй байна.