Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломж бүрдэх нь

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг төвийн бүсэд Дархан-Уул, баруун бүсэд Баянхонгор аймаг дахь хэлтэст нээж, үйл ажиллагааг нь 2018 оны 10 дугаар сард эхлүүлэхээр болжээ. 

Уг лабораторийг байгуулахад 793.8 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 694 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран шийдвэрлэсан байна.

Харин орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн барилгын засварт холбогдох хөрөнгийг гаргажээ.

Мөн үйл ажиллагааг эрхлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үнэт металл сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудад тус бүрийн чиглэлийн дагуу сургалт зохион байгуулж, чиглэл,  удирдамж өгөх,  дадлагажуулах ажлуудыг гүйцэтгэж байгаа аж. 

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны хэлтэс, салбар, банкаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдсэнээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, аюулгүй байдлын бусад эрсдэлээс хамгаалагдана. Үүнээс гадна, алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасаж, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх нөхцөл тухайн орон нутагт бүрдэх төдийгүй алтны гарал үүслийг тодорхойлох зэрэг олон давуу боломж бий болно гэж үзжээ.