Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Энхболд, Б.Баатарзориг, Б.Номин нар Иньчуанийн биеннальд Монголыг төлөөлж байна

ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
 

“Ирмэг дээрх экологи”-д өгөх нүүдэлчдийн хариулт

Хятадын баруун хойд зүгийн Иньчуань хот гол мөрөн хийгээд элсэн цөлийн дунд оршдог. Хамгийн олон үндэстэн ястан амьдардаг, хоёр сая хүн амтай эл хотод 15 мянган м.кв талбай бүхий контемпорари урлагийн музейг хэдхэн жилийн өмнө байгуулж 2016 оноос эхлэн олон улсын биенналь зохион байгуулж эхэлжээ. Иньчуанийн уг биенналь Азидаа чансаагаараа тэргүүлэх хэтийн төлөвтэй байгаа юм.

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн Иньчуанийн биенналийн куратороор Миланы контемпорари урлагийн музейн захирал Марко Скотини ажиллаж “Элсэн цөлөөс эхлэхүй – Ирмэг дээрх экологи” сэдвийн хүрээнд 30 гаруй улсын 90 уран бүтээлчийг урин оролцуулж буй

Тус үзэсгэлэнд Монголыг төлөөлөн Тогмидшийрэвийн Энхболд, Батжаргалын Баатарзориг, Болдын Номин нар оролцож байна.

 

Уран бүтээлч Б.Баатарзориг Хятадын өмнөд зүгт орших нэгэн тосгонд судалгаа хийж явахдаа олсон хуучны модон завь дээр монгол зургийн аргаар газар, тэнгэр үүл, нисдэг морь, зурж нэгэн шинэлэг бүтээл туурвиснаа энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бол Б.Номин монгол зургийн аргыг ашиглан туурвисан даяарчлал, өнөөгийн монголчууд, байгаль орчны сэдвийг хөндсөн уран зургаар оролцсон байна.    

 
 

Харин уран бүтээлч Т.Энхболд тус биенналийн нээлтийн үйл ажиллагаан дээр үйлдлийн урлагаа олон нийтэд толилуулсан юм. Үүнээс өмнө нь тэрбээр өөрийн урласан монгол гэрийн загварыг үүрээд Төв аймгаас эхлэн Солонгосын Чежү арал, Финляндын Роттердам хот, Английн Манчестер, Италийн Венецийг зорьж байсан.

 

Далайн эрэг дээр эсвэл хурдны замын хажуухантай гэрээ бариад дотор нь ороод хэвтэнэ, элсэнд нүүрээ шигтгэн бачуурна, зулай дээрээ сүү асгана, тооноос уясан чулууг эргүүлж гарна. Түүний энэ үйлдлийг ялгарах гэсэн оролдлого мэтээр ойлгох нь дэндүү гэнэн хэрэг болох болов уу. Харин уламжлалт соёл сэтгэлгээ, нүүдэлчин ахуйг орчин үеийн урлагтай нарийвчлан сүлсэн, зөвхөн түүнд л хамаарах онцгой арга барил, эрэлхийлэл хийгээд илэрхийлэл нь энэ. 

 

Монгол гэрт буй хүний тухай үйлээр дамжуулан тэрбээр орон зай, нүүдлийн тухай асуултыг үүсгэдэг. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг байгалиас бүрэн хамааралтай, түүнтэй нарийн зохицсон байдаг. Энэ нь эргээд асар уудам орон зайд амьдрах, зорчих эрх чөлөөг олгодог. Гэвч даяарчлалаас үүдэн “хавтгай” болсон өнөөгийн ертөнцөд орон зай улам хумигдан, давчуу, шахагдмал орчинд бид амьдарч байна.

Үүнийг егөөдсөн, аминч, бачуу бүхнийг эсэргүүцсэн, тэндээс зугтах гэсэн тэмүүлэл түүний ажлуудаас мэдрэгддэг юм. Т.Энхболд уламжлалт амьдралын хэв маягийн хүн байгалийн шүтэлцээний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох монгол гэрээр дамжуулан орчин үед тулгарсан асуудлуудыг хөнддөг нь энэ жилийн Иньчуанийн биенналийн сэдэвтэй уялдаж буй юм. 

Тэгвэл есдүгээр сарыг дуустал үргэлжлэх Тус үзэсгэлэнд монгол уран бүтээлчдийг оролцуулахад Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран ажилласан байна.