Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Вайсс: Хөлбөмбөгийг хүссэнээрээ хөгжүүлэх эрх чөлөөг Монгол надад өгсөн

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн амжилт гаргаж, анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатыг давж, улмаар ирэх арваннэгдүгээр сард хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон билээ. Тэгвэл энэ амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол 1.6 жилийн өмнө Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Герман мэргэжилтэн Майкл Вайсс юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Монголын хөлбөмбөгийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээж, ялалт байгуулсанд баяр хүргэе. Бас Монголын шигшээ багаас татгалзалгүй, ажиллах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа.

-Баярлалаа.

-Хэдхэн хоногийн өмнө та болон таны удирдсан Монгол залуус хөлбөмбөгийн хөгжилд шинэ хуудас нээлээ. Талбай дээрээ гайхалтай ялалт байгуулж, хөгжөөн дэмжигчдээ, Монгол түмнийг баярлуулж чадсан. Тоглолтын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Маш их баяртай байна. Үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун үлдлээ. Залуус маань бүх хүчээ дайчилж, гайхалтай тоглосон. Энэ бол маш том өөрчлөлт юм шүү.

-Талбайдаа гурван тоглолт хийлээ. Тоглолт эхлэхээс өмнө та юу бодож байв. Багийнхаа залуусыг ийм амжилт үзүүлнэ гэж таамаглаж байсан уу?

-Би эхний тоглолтоос эхлээд ярья. Макаогийн багийг 4:1-ээр буулган авсан. 3:1 болоход л би тайвширсан. Эхний тоглолтын ялалт манай талд өндөрлөлөө. Бид ялсан учраас дараагийн тоглолтдоо анхаарлаа хандуулъя гэж бодсон. Хоёр дахь тоглолт нь Хойд Марианы арлын баг. Хөлбөмбөгт өрсөлдөгчөө хэзээ ч басамжилж болдоггүй. Тэр үүднээс бид энэ багийг огт басамжлаагүй. Харин ч маш болгоомжтой тоглосон.

Үр дүн манайд эергээр гарах нь ойлгомжтой байлаа. Бид эхнээсээ л давуу байсан. Хожих нь ойлгомжтой ч 9:0 гэсэн үр дүнгээр дуусна гэж бодсонгүй. Болгоомжилсон ч бид хялбархан хожил авсан. Сүүлийн тоглолт үнэхээр хүнд байсныг нуухгүй. Гуамын эсрэг тоглохдоо хожигдох эрхгүй талбайд гарсан. Хожигдох л юм бол бидний, миний хөдөлмөр талаар өнгөрөх байв. Тиймээс тэнцэх, эсвэл хожихын төлөө л тоглосон. Тоглолтыг 0:0-ээр дуусгах боломж байсан ч чадаагүй.

Эхний гоолыг бид тоглолтын үндсэн цаг дуусахаас хэдхэн минутын өмнө алдсан. Үнэхээр хүнд байдалд орсон. Гэвч таван минутын дотор манай залуус эрчимтэй довтолсны ачаар тэнцээний гоолоор эсрэг багийн хаалгыг мялаасан.

-Эхний гоолыг алдахад та юу бодов. Бас манайхан хариу гоол оруулсны дараах сэтгэгдлийг сонсмоор байна?

-Би дээр хэлсэн. Тоглолт 0:0-ээр дуусаж болох байсан. Гэхдээ манайхны гаргасан жижигхэн алдааг Гуамчууд ашиглаж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд энэ үед миний дотор маш их шатаж, бачуурсан. Яг юу болж байгааг мэдэх ухаангүй болсон. Өнөөдрийг хүртэл зарцуулсан миний хөдөлмөр, эхний хоёр тоглолтын үр дүн хий хоосон талаар өнгөрөх нь гэж бодсон. Гэвч азаар Цэдэнбал тэнцээний гоол оруулдаг юм байна. Тэгэхэд үнэхээр бурхан биднийг харж үзлээ гэж бодсон. Биднийг аз ивээсэн. Зөвхөн би ч биш шигшээ багийнхан, хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, алба хаагчид, Монголын хөгжөөнд дэмжигчид баярласан. Эцсийн үр дүн эерэг гарсан учраас туйлын сэтгэл хангалуун үлдсэн дээ. Хамгийн гол нь бидний хөдөлмөр талаар өнгөрөөгүйд баярлаж байна.

-Үндсэн цаг дуусахаас өмнө Цэдэнбал алдаа гаргаж, үр дүнд нь манай баг гоол алдсан. Гэвч удалгүй Цэдэнбал өөрөө алдаагаа залруулж тэмцээний гоол, цаашлаад Монголын багийн түүхэн гоолын эзэн болсон. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энд нэг зүйлийг зориуд хэлье. Тэр алдааг зөвхөн Цэдэнбалд тохоод өнгөрч болохгүй. Би бол Цэдэнбалын алдаа гэж хэлэхгүй. Харин Гарьдаагийн алдаа байсан. Гарьдаа тэр бөмбөгт хүрч болох байсан ч тэгээгүй. Тэгэхээр зөвхөн Цэдэнбал алдаа гаргаагүй. Гэхдээ азаар Цэдэнбал гайхалтай төгсгөл хийж чадсан. Энэ л чухал. Залуус маань энэ тоглолтдоо дүгнэлт хийж, дараа нь ийм алдаа гаргахгүй байхад илүү анхаарна.

-Одоо та бүхнийг аравдугаар ^сард нөхөрсөг тоглолт, арваннэгдүгээр сард Зүүн Азийн аваргын хоёрдугаар шатны тоглолт хүлээж байгаа. Дээрээс нь өөрийн бус өөр талбайд тоглоно. Чансаа, ур чадвараараа ч эрс ялгаатай. Хүнд тоглолт болох байх. Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ. Бас хэрхэн тоглох бол?

-Мэдээж тоглолт бүртээ бүх хүчээ дайчилна. Үр дүнгийн талаар таамаглах хэцүү шүү дээ. Хөлбөмбөгийн хөгжил, ур чадвар нь сая тоглосон багуудаас илүү. Нэгэнт хоёрдугаар шатанд тоглох эрхээ авсан учраас хожлын төлөө тоглох нь ойлгомжтой. Бүх багаа хожно гэж хэлж чадахгүй. Хамгийн багадаа гуравдугаар байрт шалгарах зорилготой. Ингэвэл ирэх жил шууд хоёрдугаар шатанд өрсөлдөх боломжтой болох юм. Өрсөлдөгч багууд сайн ч биднийг урьдынх шиг ээ тийм амархан хожиж чадахгүй л болов уу. Яагаад гэвэл шигшээ багийнхны тоглолтын арга барил, ур чадвар өөр болсон. Мэдээж боломжтой бол нэг эсвэл хоёрдугаар байрт.орох зорилготой. Тайван, БНАСАУ, Хонконгийн хөлбөмбөг сайн ч бид тийм амархан бууж өгөхгүй. Манай залууст өмнөхөөсөө ч илүү туршлага байна. Авьяастай, чадварлаг тоглогчид байна, дутахгүй л тоглоно доо.

-Монголд ирэхээсээ өмнө манай хөлбөмбөгийн талаар хэр мэдээлэлтэй байсан бэ?

-2011 онд би Филиппиний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Тэр үед Монголын багтай тоглох хувь тохиосон. Филиппиний баг талбай дээрээ 2:0-ээр хожсон   Монголд ирээд 2:1-ээр хожигдож билээ. Гэхдээ эцсийн үр дүнд  Филиппинчүүд нэгдсэн дүн 3:2-оор ялалт байгуулж дараагийн шатанд шалгарсан түүхтэй. Тэр үеэс Монголын хөлбөмбөгийн талаар бага зэрэг мэдээлэлтэй болж эхэлсэн. Улмаар Монголд байгаа дасгалжуулагч нартай холбоо тогтоож заавар зөвлөгөө авахын сацуу нэлээд судалгаа хийсэн.

Тэр үед Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Ганболд гэдэг хүн ажиллаж байсан юм. Ингээд удалгүй одоогийн ерөнхийлөгч А.Ганбаатар санал тавьснаар би урилгыг нь таатай хүлээж авсан.

-Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарын саналыг хүлээж авах болсон гол шалтгаанаа хэлж болох уу?

-Хөлбөмбөгийн хөгжлийг нь арай өөр төвшинд хүргэе гэж бодсон. Дээрээс нь А.Ганбаатар ерөнхийлөгч намайг 100 хувь дэмждэг. Хэрвээ тийм биш байсан бол өдий хүртэл энд ажиллах надад хэцүү байна шүү дээ.

-Монголд анх ирээд хөлбөмбөгийг илүү сайн хөгжүүлэх тухай бодоход бэрхшээл хэр их байв?

-Байлгүй яах вэ. Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Монголын цаг агаар бол надад тулгарсан хамгийн том бэрхшээл байлаа. Цаг агаараасаа болоод монголчууд дээд тал нь ердөө хагас жил гадаа талбайд бэлтгэл хийж, тоглох боломжтой. Гэтэл миний өмнө ажиллаж байсан Филиппин, Камбож зэрэг орон нэг жилийн 10 сард нь гадаа бэлтгэл хийх боломжтой. Энэ бол хөлбөмбөг хөгжүүлэхэд асар их түлхэц өгдөг хүчин зүйл.

-Тэгвэл давуу тал нь?

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар намайг 100 хувь дэмждэг. Миний хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг шууд дэмжиж, намайг анхааралтай сонсдог. Хэрвээ тэр намайг бүрэн гүйцэт дэмждэггүй байсан бол хөлбөмбөг хөгжүүлэхэд үнэхээр том бэрхшээл тулгарах байлаа. Азаар дэмжлэг сайтай байгаа нь надад маш том давуу тал болдог. Тиймээс энэ дашрамд А.Ганбаатар ерөнхийлөгч болон холбооны хамт олонд талархал илэрхийлье.

-Таны Монголд ирсэн хамгийн том зорилго юу вэ?

-Тэсрэлт хийхийг хүссэн. Өмнө нь Филиппиний шигшээ багт ажиллаж байхдаа том тэсрэлт хийж байсан. Яг ийм тэсрэлт хийх нь миний хамгийн том зорилго. Надад туршлага байна, ур чадвартай, авьяаслаг тоглогчид байна, түүнчлэн холбооны дэмжлэг байна. Тэгэхээр энэ боломжгүй зүйл биш. Ирэх онд бид дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолттой. Тэр бүгдэд амжилт гаргаж дараагийн шатанд шалгарах, цаашлаад Азийн топ багуудтай тоглож үзмээр байна.

-Монголын хөлбөмбөгчид Азийн төвшинд гарах цаг хугацаа хэзээ бол. Магадгүй БНСУ, Япон, Ирантай тивийн аваргад өрсөлдөх тэр мөчийн талаар?

-Бодит байдал дээр Иран, БНСУ, Японы төвшинд очиж тоглох цаг хугацааг хэлж мэдэхгүй байна. Юун түрүүнд Филиппин, Мьянмар, Тайланд гэх мэт орны багт дөхөж очих ёстой. Гэхдээ энэ бол маш хэцүү. Монголын шигшээг тэр хэмжээнд хүргэнэ гэхээс илүүтэй хүргэхийн тулд хөлбөмбөгийг илүү өргөн хэмжээнд хөгжүүлж, дэлгэрүүлэх хэрэгтэй.

Ингэхийн тулд илүү олон цэнгэлдэх хүрээлэн, олон сарын бэлтгэл, ур чадвартай дасгалжуулагч нарыг бэлтгэх ёстой. Хөлбөмбөгийг олон хүнд хүргэмээр байна. Ингэж байж бага багаар шат ахих болно. Филиппин, Мьянмартай эн зэрэгцэхийн тулд лиг нь олон тоглолттой баймаар байна. Ойрын 10 жилд лигийн багаа нэмээд, тоглолтоо олшруулаад, олон улсын туршлагаас судалж, дасгалжуулагч нарын чадварыг улам дээшлүүлэх хэрэгтэй байна.

-Энд ирснээсээ хойш Монголын лигийг их үзэж байгаа байх. Лигт тоглож байгаа багууд, тоглогчдын ур чадвар, дасгалжуулагч нарын талаар юу хэлэх вэ?

-Лиг бага багаар сайжирч байгаа. Гэхдээ илүү сайжруулах зүйлс олон бий. Долоо хоногт хоёр, гуравхан бэлтгэл хийдэг баг өндөр амжилт үзүүлнэ гэдэг хэцүү. Хойд Солонгост л гэхэд лигийн нэг баг долоо хоногт зургаан бэлтгэл хийдэг. Ер нь шигшээ багийг, лигийг хүчтэй болгох дөрвөн гол хүчин зүйл байна. Нэгдүгээрт, лигийн багуудаа нэмж, тоглолтоо олон болгох хэрэгтэй. Дасгалжуулагч нарын чадварыг сайжруулъя. Дасгалжуулагчид сайн ч гэлээ илүү сайжруулах шаардлага байна.

Шилдэг дасгалжуулагчдыг дагалдуулж туршлага судлуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, Засгийн газраас хөлбөмбөгт орж ирэх хэрэгтэй. Энэ бол хөлбөмбөгийг хөгжүүлэхэд маш том түлхэц өгөх юм. Гуравдугаарт, өвөл, зуны турш тоглох цэнгэлдэх хүрээлэнгүүд хэрэгтэй байна. Багууд бэлтгэлээ тогтмол хийдэг нэгээр тогтохгүй олон цэнгэлдэхтэй болмоор байна. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд дээвэр хийхэд л бид 12 сарын турш тоглох боломжтой.

Дөрөвдүгээрт, лигт сайн багууд хэрэгтэй. Багууд сайн байгаад, бэлтгэл сайн хийвэл шигшээ багт сайн тоглогчид нэмэгдэнэ. Монголд хэдийгээр зургаахан cap хөлбөмбөг тоглож байгаа ч бид арваннэгдүгээр cap, хүртэл бэлтгэл хийж үзсэн. Болдог л юм билээ. Хоёрхон cap л маш хүйтэн байдаг. Бусад сард нь гадаа талбайд бэлтгэл хийж болно.

-Монголын үзэгчид танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Тэд үнэхээр гайхалтай байж чаддаг. Хөгжөөн дэмжигчдийн гайхалтай чанарыг улам их мэдрэхийн тулд бид талбай дээрээ илүү олон тоглолт хийх ёстой. 2019 онд дэлхийн аваргын урьдчилсан шатанд тоглоно. Магадгүй Лаос, Мальдив, Филиппин зэрэг оронтой эхний шатанд тоглох байх. 12 баг байгаа. Талбай дээрээ олон тоглолт хүлээж авна. Энэ шатнаас шалгарлаа гэж бодоход Япон, Солонгос гэх мэт Азийн том багуудтай тоглох биз. Хэрвээ тэгж чадвал том багууд Монголын талбайд ирнэ гэсэн үг.

-Сүүлийн асуулт. Монголд байхад хамгийн их таалагдсан зүйл юу вэ?

-Ямар нэгэн байдлаар эрх чөлөөг мэдэрдэг. Хөлбөмбөгийг хүссэнээрээ хөгжүүлэх тэр эрх чөлөөг надад олгож байна. Би дарангуйлагч биш л дээ. Хамгийн гол нь хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд өөрийн хүссэн бүхнээ хийж чадаж байгаа.

-Ярилцлага авах саналыг минь хүлээж авсанд баярлалаа. Дараа дараагийн тоглолтуудад илүү их амжилт хүсье. Эрч хүчтэй байгаарай?

-Урьсанд баярлалаа. Бид илүү их хичээх болно. Монголчуудыг хөлбөмбөгөөр баярлуулахын төлөө ажиллана.

Зураг