Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бямбасүрэн: Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид эрхээ эдлэх ёстой

Ч.Үл-Олдох
2018 оны 9 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

–УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль хийхээр товлосон ч Үндсэн хуулийн Цэц түдгэлзүүлсэн. Гэвч иргэд, сонгогчид нь хийх ёстой гэж шаардаж байна.  Цэцийн шийдвэрийн эргэн тойрон дох асуудлыг  та юу гэж дүгнэж байна?

-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид эрхээ эдлэх ёстой. Сонгуульд оролцож, улмаар  төлөөллөөрөө  дамжуулж төрд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэх ёстой.

Гэтэл Цэцийн шийдвэр гарч нөхөн сонгуулийг тодорхойгүй байдалд орууллаа.Энэ ямар учиртай вэ гэвэл  шалтаг нь төрийн албанд ажиллаж буй хэн нэгэн хүн сонгуульд оролцох боломжгүй болчихлоо гэсэн яриа. Уг нь төрийн албан хаагч сонгуульд орохоос  зургаан сарын өмнө ажлаас халагдана  гэдэг нь  өөрөө  хүний эрхийг зөрчсөн  хуулийн заалт шүү дээ. Гэтэл тэр заалтыг эш татаж, нөхөн сонгуулийг түдгэлзүүллээ. Яг бодитойгоор хандах юм бол МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүйн тулд шалтаг гаргаж нөхөн сонгуулийг хойш татчихлаа гэж ойлгогдож байна. Энэ бол Монголын улс төр хэр бохирдсоны  нэг хэмжүүр юм.

– У.Хүрэлсүх  гэдэг ганц хүн л айгаад ингээд байна гэж  хэвлэлүүд тоймлосон байсан.  Ер нь бол МАН-ын дотоод асуудал зарааны үс шиг болчхоод байх шиг?

-60 тэрбумын асуудлаасаа болоод Хэнтийгээс сонгогдсон нэг УИХ-ын гишүүн нь ээлжит бус чуулган хийх тухай асуудал тавьчхаад байгаа. Хэнтийчүүд энэ асуудлыг харж байгаа. Ардын намынхны зүгээс Үндсэн хуулийн төсөл  боловсруулж Их хуралд оруулан хүчээр түрж байна. Энэ нь нийгмийн эрх ашигт огт тохирохгүй төсөл байгаа. Энэ бүхнээс харахад Ардын намын байр суурь сул байна л даа. Энэ нөхцөлд нөхөн сонгуулиас халшрах нь байх л зүйл. АН-ын хувьд одоогоор УИХ-д төдийлөн нөлөөтэй биш. Цэцэд ч нөлөөлж чадахгүй.

Цэц үндсэндээ Ардын намын заавраар шийдвэр гаргалаа. Ганц сонгууль ч биш Монголын  улс төр заваараад удаж байна. Улс төрийг ардчиллын зарчмын дагуу хэрэгжүүлэхээс илүү тодорхой бүлэг, бизнесийн сонирхол, магадгүй гадаад, дотоодын хүчний сонирхлоор хийж байгаа нь илэрхий боллоо. Цэц, Сонгуулийн ерөнхий хороо гэсэн байгууллага улс төрийн хүчний  заавраар явж байгаа нь ардчиллын зарчим ярихад бэрхшээлтэй.

Дээр нь хүчний байгууллага, хууль,хяналтын байгууллагуудыг  хувийн явцуу эрх ашгийн үүднээс татаж оролцуулах хандлага улам газар авч байна. Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан асуудал бол тэр үеийн Ардын намын доторх төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйлдэл. Түүнийг харахад Тагнуулын газар, АТГ, прокурорынхон чамгүй оролцсон юм байна гэж харагддаг. Энэ байдал ардчиллын зарчимд харш. Монгол орон тодорхой хэмжээгээр ардчиллыг завхруулж, явцуу бүлэглэлд үйлчилсэн төрийн тогтолцоонд шилжих зам дээр явж байна гэж ойлгогддог.

–УИХ намрын чуулганаараа  нөхөн сонгуультай холбоотой Цэцийн   шийдвэрийг хэлэлцэх байх.  Гэхдээ л шат шатанд хэлэлцэж явсаар ирэх оныг хүргэчихвэл  “Их хурлын сонгуулиас жилийн өмнө сонгууль хийхгүй” гэсэн бас нэг  хуулийн заалтаа  зөрчсөн  болно. Тэгээд бүр хийхгүй байж ч мэдэх юм?

-Нөхөн сонгууль болох нь ч болох байх. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчдын эрхийг хэлмэгдүүлж болохгүй. Гэхдээ УИХ-ын чуулган эхлээд сонгууль хэзээ зарлах вэ гэж баахан цаг алдана, хэддүгээр асуудал болгож хэзээ ч хэлэлцээ билээ. Ер нь одоогийн байдал тодорхойгүй байна.

–Цэцийн гишүүдийн томилгоо, бүтэц, бүрэлдэхүүний асуудал ихээхэн “но”-той санагддаг. Та юу гэж бодож байна?

-Цэцийн гишүүдийг шүүх, прокуророос гаргана, Ерөнхийлөгчөөс нэр оруулна гэх зэргээр  явж ирсэн. Энэ нь наймааны бүтэцтэй болгочхоод байна.  Тэд гарч ирээд сонгуульд олонх болсон улс төрийн хүчний бодлогыг Цэцээр дамжуулж тулгах боломж олж авдаг. Шийдвэрүүд нь тал засалтын байдалтай.  Уг нь сая  Хэнтийн нөхөн  сонгуулийн асуудлыг төрийн албан хаагч сонгуульд орох боломжгүй боллоо гэдэг төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан асуудалтай холбон авч үзсэн бол оновчтой байх байсан. 

Яахаараа худалдаа, наймаа эрхэлж байгаа хүн сонгууль зарлангуут шууд орох эрхтэй байдаг. Төрийн албан хаагч нь зургаан сарын өмнө ажлаасаа гарч ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байж УИХ-ын сонгуульд орох заавартай байдаг юм. Энэ их сонин асуудал. Ер нь  төрийн албан хаагч  нь  улс төрийн намын гишүүн байх ёсгүй гэдэг нь зарчмын асуудал. Энэ зөв. Харин сонгуульд орох болохоор зургаан сарын өмнө ажлаасаа халагдана гэдэг тэр хүний эрхийг ноцтойгоор хохироож байгаа асуудал. Тэр хүн  магадгүй сонгуульд ороод амжилт олох эсвэл  олохгүй тохиолдол гарлаа ч  сонгууль эхэлсэн өдөр  ажлаасаа гардаг байж болно шүү дээ.

–Цэц нь Үндсэн хуулиа хамгаалахаа байсан учраас хаа сайгүй л эцэг хуулиа зөрчсөн асуудал гарах юм. Үндсэн хуулиа   өөрчилье, шинэчилье гэдэг ч хэрэгжүүлдэггүй. Ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж та үзэж байна? 

-Үндсэн хууль маань 1992 оны шинэчлэлийн үеийнх. Тэр үед нийгэм нэг тогтолцооноос нөгөөд шилжиж байсан учир олон зүйл тодорхойгүй байсан. Нөгөө талаас 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж батлах үед бас тодорхой улс төрийн хүчин, бүлэглэлийн сонирхол тэр дотор нэлээд хүчтэй давамгайлж байсан гэж болно. Энэ талаас авч үзэхэд, Үндсэн хуулийн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлага бий. Бодитойгоор авч үзвэл, 1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа нь 76 гишүүнтэй УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж зарласан. Улс төрийн намуудыг төр байгуулахад оролцох гол субъектүүд болгож тодорхойлсон.

Энэ зарчим нь  Монголын нөхцөлд  завхралд хүргэж байгаа нь тодорхой боллоо. 76 хүнтэй Их хурал маань юу ч хийж, яаж ч дураар аашилж байсан өөрсдийн нь хүсэл зоригийн хэрэг боллоо. 2016 оны сонгуулиар эмээлээ гэдсэндээ авсан морь шиг туйлж байсныг бүгд мэднэ. Төрийн албад, хууль тогтоох байгууллагаас эхлээд бүр сүүлдээ “өр” гэдгийг  “авлага”  гэж нэрлэе гээд монгол хэлээрээ хүртэл оролдож ирсэн шүү дээ. Ер нь улс төрийн намууд, бизнесийн тодорхой бүлэглэлүүдийн гарт орж, улс төрийн намын толгойд тэд заларсан нөхцөлд нийгэмд завхрал үүсдэгийг бид хангалттай харлаа. Үүнийгээ шийдэж чадахгүй байна.

Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байна. 2015 онд АН-ын засаглалын үед гаргасан  Үндсэн хуулийн төсөл бол төрийн эргэлт хийх тухай  байсан. Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасч, Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөх ийм л зорилготой байсан. Сая УИХ-д 69 гишүүн гарын үсэг зурсан төсөл өргөн барилаа гэж байна. Төслийн материал, тайлбарлаж байгаагаас  үзэхэд гол үзэл санаа нь нэгдүгээрт, улс төрийн намыг Монголын төрийн толгойд залж, намуудын асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж байхаар заасан байна. Энэ  бол ардчиллын тогтолцооноос ухарч байгаа хэрэг.

Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ, аймаг, хотын Засаг дарга нарыг шууд томилох зарчим руу шилжих гэж байна. Ерөнхийдөө төвлөрсөн удирдлагыг хатуугаар мөрөөддөг хэсгийн зүгээс авч үзэхэд энэ байж болох ч нөгөө талаас харвал ихээхэн эрэмдэг дүр харагдаж байна. Улс төрийн намууд сонгуульд ордог, УИХ-д сонгогддог, аймаг, хот, дүүргийн ИТХ, хороо, багийн Иргэдийн нийтийн хуралд сонгогддог. Гэхдээ Засгийн газрыг сонгуульд ялсан намын дарга л толгойлдог шүү дээ. Намын даргыг төрийн сонгуулиар хэн ч сонгоогүй байж болно. Гэтэл тэр хүн Ерөнхий сайд болж бүх зүйлийг гартаа атгах нь л дээ.

Олон түмний сонгосон ИТХ нь  ард үлдэж, хэний ч сонгоогүй намын толгойд  улс төр, бизнесийн явцуу бүлэглэлийн үүднээс мөлхөж гарсан нэг хүн Монголын төрийг гартаа базах ийм өөрчлөлт хийсэн байна. Энэ бол монголчуудын  хувьд ардчиллын тогтолцооноос ухарсан ухралт, монгол үндэстэн оршин тогтноход  ч цаашдаа  аюултай байж болох алхам учраас маш  харамсалтай. Ер нь олон хүн энэ асуудлыг өөрөөр тавьж байгаа.

–Тухайлбал?

-Төрийн тогтолцоог ард түмний мэдэлд байлгая, төр нь ард түмэндээ үйлчилдэг  байя гэвэл олон улсад Ардын Их хуралтай, тэндээсээ Ерөнхий сайдаа болон хууль тогтоох байгууллагын гишүүдээ сонгодог байх юм бол бүгд олон түмнийхээ  хяналтад байх юм. Энэ хоосон мөрөөдөл биш. 1990-1992 оны хооронд Монголын улс төрийн хамгийн хүнд хямралын үед байсан тогтолцоо. Тодорхой үр дүнгээ ч  өгч, Монгол Улс тайван хувьсгалын замаар шинэ нийгэм рүү шилжиж байна. Гэтэл одоо үүнийгээ орхичхоод Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдэг зохиомол асуудал  тулгаад байх юм.

АНУ эсвэл ОХУ  шиг Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулаад явдаг эсвэл Япон, Германы парламент шиг Ерөнхийлөгчийнхөө хажуугаар гүйж явдаг парламенттай болгоё гэж тулгаж болохгүй. Дэлхийд 230 гаруй орон бий. Тэд өөрийн онцлогт тохирсон төрийн тогтолцоотой. Өөр өөрийн түүхэн сургамж, ухааралд  тулгуурласан зарчмаар амьдарч байна. 1990 оны Монголын төрийн тогтолцоо Ардын Их Хурал /АИХ/ болон  Улсын Бага Хуралтай байсан нь одоо ч утгаа алдаагүй. Энэ рүүгээ эргэж орох юм бол монгол төр хяналттай, ард түмэндээ үйлчилдэг болно. Саяын Үндсэн хуулийн өөрчлөлтөд шүүх тогтолцооны асуудалд олон шинэлэг маягийн зүйлийг оруулахаар тооцож л дээ.

Гэтэл Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч сонгож, томилж байгаа тохиолдолд Монголд хэзээ ч  шударга шүүх тогтохгүй. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг АИХ-аар хэлэлцэж, хариуцлагыг дүгнэдэг болбол зүгширнэ. Тэгээгүй цагт шүүх маань хулгайч, дээрэмчид, эрүүгийн хэрэгтнүүд гэх хэдэн хүнтэй ноцолдохоос биш улс орны том асуудлыг шийдэж чадахгүй. Дээд шүүх улс төрийн намуудын санхүүг хянаж, тэдний хариуцлагыг дүгнэдэг байгууллага мөн. Гэтэл нэг ч удаа ийм алхам хийсэнгүй. Намууд нь 60 тэрбумын асуудалд холбогдсон байхад шийдэж чадахгүй, цаашид энэ хэвээр хадгалах нь утгагүй.

–Тогтолцооны тухайд та хоёр танхимтай парламент нь зүйтэй гэж байна. Гэтэл өнөөгийн  76 гишүүнтэй УИХ  “Олон толгойтой мангас” шиг авирлах боллоо. Нэг нам олонх болсон атал дотроо хуваагдчихсан?

-Хоёр танхимтай парламент янз бүр л дээ. Францынх шиг дээд, доод танхимаар асуудлыг зэрэг хэлэлцдэг  байж болно. ОХУ-ынх  шиг эхлээд Дум нь хэлэлцэж, дараа нь зөвлөлөөр хэлэлцдэг хоёр танхимтай байж болно. Манайх бол хоёр шат юм. АИХ нь төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох хурал нь мэргэжлийн байгууллага байна. Өнөөдөр манай 76 гишүүн дотор мэргэжлийн  гэхээс илүү ямаршуу улс цугласан нь гайхал төрүүлдэг.

–Улс орныхоо эрх ашиг дээр нэгдэж чаддаггүй парламенттай байснаас харин ч хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тохирох юм биш үү, манайд?

-Эв нэгдэл гэдэг өвөрмөц асуудал. Тухайн улс төрийн хүчин улс орны тулгамдсан асуудлыг шийдэх нэгдмэл үзэл бодол, бодлоготой байгаад түүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан нөхцөлд УИХ-ын гишүүд  шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно. Хэрэв сонгуульд орсон улс төрийн хүчний мөрийн хөтөлбөр олон түмнээ хуурч мэхлэх төдий, шилний цаанаас долоолгодог чихэр шиг хоосон амлалт байсан бол түүнийг бодлогын үндэс болгож болохгүй.

Нөгөө талаас, эв нэгдлийн асуудалд хандахдаа бид улс орны эрх ашгийн үүднээс ярих ёстой болохоос зөв буруу нь  хамаагүй   холимог хуурга шиг хандаж  болохгүй. Өнөөдөр МАН дотооддоо 60 тэрбумын асуудлыг тойрсон хоёр том бүлэгт хуваагдаад байна. Нэг нь 60 тэрбумд нэр холбогдсон, нөгөө нь тэр асуудлыг шийдье гэсэн. Энэ дээр эв нэгдлийн асуудал ярих нь утгагүй. 60 тэрбумын асуудал байсан уу, үгүй юү.

Байсан бол хариуцлага тооцоод цааш явах учиртай. АН ч ялгаагүй, засаг барьж байх үед олигархуудын бүлэглэлд хуваагдсан 7-8 бүлэг байлаа.  Дотроо өөрсдийн хүнийг дээш гаргах гэсэн тэмцэлтэй. Төр, засгаар оролдох, янз бүрийн компанийн захиалгаар  хууль гаргах явдал ч нийтлэг байлаа. Эв нэгдэл гэдэг бүх юман дээр санал нэгтэй байх асуудал биш. Эрүүл зарчим, үндэсний эрх ашгийн тулгуур дээр ярих зүйл.

Ерөнхийлөгчийн засаглалын тухайд давуу тал, эмзэг тал ч бий. Бид нэг хүний хүсэл зоригоор төрийг удирдаж байсан түүхэн үеийг  урт хугацаанд туулж ирсэн. Монгол Улс Хаант засагтай байхдаа 38 хааны үеийг дамжсан юм шүү дээ. Тэр дотор ямар хүмүүс байлаа, төр яаж будилж байлаа, эцэстээ хаадын мулгуу, арчаагүй байдлаас болж монголчууд дотроо баруун, зүүнээр хуваагдан тэмцэлдсээр мөхсөн. Тэгэхээр нэг хүнд засаглалыг хариуцуулах нь эмзэг талтай.

Нөгөө талаас Ерөнхийлөгч төрийн эрх баригч, төрийн үйл ажиллагааны салбарууд, тухайлбал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх,хяналтын үйл ажиллагааны систем нь өөр юм. Нэгтгэж зангидах ёстой  төрийн тэргүүн  маань өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод суучихвал дахиад төр, засаг хэлбийж эхэлнэ. Манайхан АНУ гээд ярьж, дуурайдаг. Гэтэл АНУ чинь  холбооны улс. Тэнд Ерөнхийлөгч нь Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ одоо тэнд юу болж байгааг харахад Ерөнхийлөгч ямар эмзэг байдалд орж болдгийг ойлгож болохоор байна. Гаднынхан Ерөнхийлөгчид нөлөөлсөн, сонгуульд нөлөөлсөн гээд долгилж байна.

Манайд гаднынхан нөлөөлөх боломж бүр ч их бий. Монголын эдийн засагт пангаар ноёрхлоо тогтоох гэж оролдож байгаа үндэстэн дамжсан  гадны корпорациуд  байна, “Рио Тинто”, “Петро Чайна”-гаас эхлээд. Тэд өөрсдийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэхийн тулд ерөнхийлөгчийн сэнтийд  залахыг оролдоно. Тэгэхээр Ерөнхийлөгчөө ард түмнээрээ сонгодог, тэр хүн маань төрийн үйл ажиллагааг нэгтгэж зангиддаг байх нь чухал.

–Тэгвэл өнөөгийн нөхцөлд тав дахь Ерөнхийлөгч маань ард түмэнд болон улс оронд юу хийж өгч чадах бол?

-Ерөнхийлөгчийн үүрэг, нөлөөг Төрийн тэргүүн гэдэг талаас нь авч үзвэл нийтлэг, тодорхой зүйл. Чингис хаан төрөө анхлан байгуулахдаа “Би хадаас болж, төрийг бэхлэн сахиж, аргамжааг барин хатуужсуу” гэж хэлж байсан. Энэ нь  Төрийн тэргүүн  төрөө бэхэл, хоёрдугаарт, улсынхаа жолоог барь гэсэн үг шүү дээ. Монгол Улс Ерөнхийлөгчтэй болж, тав дахь Төрийн тэргүүний нүүрийг үзэж байна. Өмнөх ерөнхийлөгч нар шилжилтийн үед байсан гэх үү, янз бүрийн нөхцөлөөс хамаарч ерөнхийдөө бэлгэдлийн чанар нь давамгайлсан. Үйл явдал гүнзгийрсээр  өнөөгийн нөхцөлд монгол төрийг цэвэрлэж ариутгах, төрөө бэхжүүлэх, улсынхаа жолоог барих шаардлага эн тэргүүнд гарч ирлээ.

Одоогийн Ерөнхийлөгч 2017 оны зургаадугаар сарын 6-нд сонгуульд оролцох үнэмлэхээ авах үед би захиж хэлсэн үгэндээ” Олон түмэн чинь танаас  мөнгө гуйхгүй, хоол гуйхгүй, хүүхэд нь  чихэр гуйхгүй. Таны үүрэг бол Монголын нийгэмд шударга ёс тогтоож, улсынхаа хазайсан тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг гол болгоорой” гэсэн. Энэ үгээ одоо хүртэл би санаж  явдаг. Энэ бол Эзэн Чингисийн монгол төрийн тэргүүнүүдэд үлдээсэн гэрээс гэж үзэж болох юм. Одоогийн төрийн тэргүүний хийх ажил энэ.

Сонгуулиас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Ерөнхийлөгчийн хийж буй ажлыг харахад өмнөх  Төрийн тэргүүн нарын хийдэг хэвийн гэх юм уу,  зуршил болсон үүргийг гүйцэтгэж байна. Гол ажил руугаа хангалттай орж чадахгүй байна.

Тухайлбал, нэгдүгээрт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гартаа авч, түүн дээр нийгмийнхээ хүчийг зангидаж, өөрөө нүдээр оношилгоо хийж, төрөө ариутгаж, бэхжүүлэх асуудлыг шийдэх ёстой байсан. Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгч төрийнхөө салаа мөчрүүдийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан уялдуулах үүрэгтэй. Үүнд анхаарах ёстой атал учир дутагдалтай байгаад  нь сэтгэл эмзэглэдэг. Ер нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн  хүрээнд Ерөнхийлөгчид хийж болох ажил олон бий.

Төрийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн тэргүүн шүү дээ. Монгол Улсын бүх төрийн байгууллага ҮАБЗ-ийн зөвлөмжийг дагах ёстой. Улс орны нөхцөл байдалд тохирсон аюулгүйн зөвлөлийн  ажиллагаа явуулах асуудал хэзээнээс хурцаар тавигдаж ирсэн. Ерөнхийлөгчид одоо гурван жил гаруйн хугацаа үлдэж байна. Үлдсэн хугацаанд ажиллана гэж харж сууна.

–Ерөнхийлөгч  юу хийсэн бэ гэхээр, АТГ-ын даргатай  ноцолдохоос өөрийг хийсэнгүй гэх  шүүмж илүүтэй байна?

-Тодорхой асуудал тавьж  байгаа нь бодитой хандаж байгаагийн нэг жишээ байх. АТГ гэдэг маань монгол төрийн доторх нэг том “хавдар” болчихоод байна. Тэндээс гарч байгаа шийдвэрүүд нь шийдвэр гэхэд  зовлонтой. Баахан сүржигнээд өчнөөн төчнөөн юм шалгаад  илрүүлчихлээ гээд зарладаг. Сүүлд нь нөгөөх нь замхраад алга болдог. Өнгөрсөн хавраас эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр ч хүнийг баривчлан хорьж шалгалаа.

Гэтэл  дараахан нь АТГ-ын дарга нь өрөөндөө буузаар дайлаад сууж байсан асуудал гарлаа. Тэгэхээр АТГ  өөрөө  юу болоод байна вэ. Иймд  Ерөнхийлөгчийн тавьж байгаа асуудлыг буруутгах аргагүй. Гагцхүү асуудлаа яаж тавьж байна, ямар шалтгаан, үндэслэл гаргаж байна гэдэг нь гол юм. Энэ талаасаа учир дутагдалтай байх шиг. Ганц АТГ ч биш хууль, хяналтын байгууллагууд, төрийн тусгай албад дотор ч гэсэн бодууштай зүйл их бий. Ингээд үзэхэд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн асуудалд  бодитой хандах хэрэгтэй.

Миний бодоход, АТГ төрийн дотоод хяналтын газар байх юм бол зөвхөн төрийн ажилтнууд, төрөө хянадаг  болж үр дүнд хүрч чадна. Жишээ нь, ОХУ-д саяхан болтол АТГ нь тусдаа байгаад ямар ч үр дүнд хүрэхгүй авлига нь өргөжөөд байсан. В.Путин түүнийг нь  татан  буулгаж, өөрийн дэргэд  Тамгын газартаа авсан. Дээд төвшний хүмүүсийг цэвэрлэх талаар дорвитой ажиллаж байх шиг байна. Ийм төвшинд тэмцэхгүйгээр Монголыг авлигаас цэвэрлэхэд хүнд.

Гадны хөрөнгө оруулагч, шинээр ирж байгаа колончлогчид, эдийн засгийн алуурчид бол АТГ-ын хаагуур өнгөрч байгааг харахад нүд халтирам байна. Тэгэхээр АТГ-ын даргын тухайд  жижигхэн асуудал, гэхдээ Ерөнхийлөгч төрөө ариутгаж бэхжүүлэх үүднээс сууриар нь, тогтолцоогоор нь харах хэрэгтэй болов уу.

–Шударга ёс гэдэг зүйл алга болчихсон тул иргэд аргаа барахдаа Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг сэргээх хэрэгтэй гэцгээх болж. Тэгээд нэмэр  байна уу, бас л нэг АТГ   бий болно гэсэн үг биз дээ? 

-Тийм л юм болно. Асуудалд яаж хандах нь гол болно. Жишээ нь, Оюутолгой, Дубайн гэрээний  асуудал байна. Тэр гэрээг хийсний дараа тухайн үеийн Ерөнхий сайд Оюутолгойн нөөц, тодорхой хэмжээний газрыг барьцаанд тавьсан гэж ярьж байна лээ. Монгол Улсын Үндсэн хуульд газар түүний хэвлийн баялаг бүх ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан байхад хэн нэг этгээд түүнийг гадны компанийн барьцаа болгоод тавьчихаж болохгүй.

Манай мөрдөн байцаагч, хуульчид  энэ талаас асуудалд хандаж, асуулт тавихын оронд зүгээр л бичиг, цаас гэх мэт наад захын зүйлээр хөөцөлдөж байгаа учраас үр дүнд хүрэхгүй байна. Тэгэхээр АТГ-ыг өндөр  хариуцлагатай, төрийн бүх албадыг хянах төвшинд тавьж байж өөрийг нь хяналттай болгохгүй бол цаашид асуудал явахгүй. Одоо манай Дээд шүүхийн ерөнхий шүүгч, прокурор, АТГ-ын дарга нар  тус бүр зургаан жилээр үхэхээс бусад цагт тэр суудлаас буухгүй гэсэн улс бие биеэ хараад сууцгааж байна.

Хэрэв үйл ажиллагаа нь монгол төрийн үндэсний эрх ашигт нийцэхгүй байгаа бол хэнийг ч, хэзээ ч албан тушаалаас нь мултлах эрхзүйн зохицуулалт хэрэгтэй. Их хурлыг ч гэсэн тараах зохицуулалт байх ёстой. Монголчуудын олон жил ярьж байгаа зүйлийн нэг нь Их хурлын гишүүн өөрөө яаж хариуцлага хүлээх юм бэ. Их хурлыг тараах тухай асуудлыг яаж тавих вэ гэж байна. Японд Ерөнхий сайд нь асуудал тавиад тараачихдаг. Германд ийм. Гэтэл манайд тэднийг дуурайя гэж хашхирдаг хэрнээ Их хурлыг тараах асуудал үүсэхэд гишүүдийн  дөрөвний гурвын саналаар асуудлыг шийднэ гээд сууж байдаг. Тэд өөрсдийгөө цалингүй болгохгүйн тулд хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй. Ийм байдлаар хандаж болохгүй. АТГ-ын асуудал ч ийм л байна.

–АТГ хоёр Ерөнхий сайдыг сүр дуулиан болж баривчлаад  хорьж шалгасан ч суллачихсан. УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг гаргатал гишүүд нь авлига авсан уу эсвэл дарамтад орсон уу амаа үдүүлээд алга болцгоож байгаа сурагтай байх юм?

-Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсэг  гэдэг гэрээг шалгах биш юм. Их хурлын даргын захирамж гарахдаа “Гэрээний хэрэгжилтийг шалга” гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, гэрээ Монголд ашигтай, эсэх талаар Ажлын хэсэг дуугарах эрхгүй. Зөвхөн тэр гэрээг хэрэгжүүлж байна уу, үгүй юү гэдгийг л шалгах даалгавар авсан. Сүүлийн үед олон түмний дунд ярьж буй зүйлүүдийг сонсоход шалгадаг гишүүдийн олонх нь худалдагдаад шалгах ажилд оролцохоос татгалзлаа гэж дуулдах юм. Тийм явдал болсон, эсэхийг  мэдэхгүй.  Ямартай ч зургаадугаар сарын 23-нд ажлын дүнгээ Их хуралд илтгэх ёстой байсан. УИХ одоо хүртэл асуудлыг хэлэлцээгүй байх шиг байна. Дүгнэлт нь гарсан хойно тодорхой болох биз дээ.

–Та Ерөнхий сайд  байсан хүн. Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд ямар бодолтой байна. Уг нь  нийгмийн зүгээс ихээхэн итгэл, горьдлого төрүүлж  гарч ирсэн. Өөрөө ч “Эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлана”, “Амь насаа алдахаас айхгүй тэмцэнэ” гэсэн гал цогтой үгсийг хэлж  байсан  шүү дээ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирэхэд монголчууд их юм хүлээж байсан. Төрийн эрх барьж байгаа Ардын намын дотор эрүүл салхи орох нь уу гэж хүлээж байсан. Гэтэл Засгийн газрын гишүүдээ томилохоос эхлээд эргэлзээ төрүүлсэн олон асуудал бий болсон. 2016 оны сонгуульд Ардын нам оролцохдоо “Мэргэжлийн Засгийн газар”  байгуулна гэж амласан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар тийм байж чадаагүй. Одоогийнх ч мөн адил наанатай, цаанатай янз бүрийн байдал бий. Сангийн сайд нь л гэхэд  авлигын хэрэгт холбогдсон тодорхой баримтууд дэлгэгдсэн. Ерөнхийлөгч эсэргүүцэл илэрхийлсэн ийм л Засгийн газар гарч ирсэн. Энэ үеэс иргэдийн зүгээс итгэл алдарч эхэлсэн.

Юу хийв гээд үзвэл, нааштай хоёр асуудал  бий. Нэг нь ерөнхий боловсролын сургуулиудыг ээлжгүй болгоё гэсэн. Үүнийгээ төдийлөн хийж чадсангүй, гэхдээ ирэх жил хийх байх.  Нөгөө нь нефть боловсруулах үйлдвэртэй болох шийдвэр. Зэрэмдэг ч гэлээ энэ хоёр асуудлыг шийдэх нь Засгийн газрын тухайд тодорхой ажлын чиглэл юм уу гэдэг санаагаар би нааштай  талаас нь харж суудаг. Ер нь Монголын нийгэмд эрүүл саруул уур амьсгал бий болгож, шударга ёсыг тогтооё, Засгийн газар өөрийн байр суурь дээр байя гэдэг асуудал хөндөхөд Ардын нам доторх  авлигад идэгдсэн, мафёз бүлэглэлийн нөлөөнд автсан хэсэг нь Засгийн газрыг ч, дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг ч хөдөлгөхгүй байна. Энэ нь хүн болгоны нүдэн дээр ил байгаа.

Иймээс МАН-ын дарга байсан, одоо УИХ-ыг даргалж байгаа хүний талаарх асуудлыг дотроосоо тавьж байна гэж ойлгож болох юм. Цаашдаа Засгийн газар итгэл хүлээж чадах уу гэдэг асуудал гарна. Ардын нам дотор У.Хүрэлсүхийн Засгийн газрыг  байгуулагдсаны маргаашаас эхлэн “Та нарыг огцруулна” гэсэн дуу хоолой гарч эхэлсэн. Одоо ч  тэдэнд ийм бодол байгаа.

Гэхдээ үүнээс илүү Засгийн газар Ардын нам  байгуулж чадах уу гэдэг асуудал гарна. Өмнөх туршлагаас харахад  улс төрийн хүчнүүд нэг засгаа нөгөөгөөр солих тусам дордуулж байсан нь харагддаг. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д оруулахыг  69 гишүүн дэмжлээ гэдгээс харахад Ардын намын доторх 32-ын болон 33-ын бүлэг хоорондоо эвсэж байна. Харамсалтай нь АН-ын есөн гишүүнээс Ардын намынхны ашиг сонирхолд нийлсэн дуу хоолой гаргаж  байгаа нь гайхал төрүүлж байна.

Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллахад бэрхшээл үүсэж болох юм. Гэхдээ дотроо байгаа, тодорхой нэрлэгдсэн авлигачид, төрийн албаны зайлшгүй шаардлагыг зөрчиж байгаа хүмүүсээ цэвэрлэхгүйгээр цааш явахад бэрх. Тиймээс Засгийн газар өөрийгөө цэвэрлэх алхам хийх хэрэгтэй. Жишээ нь, өнгөрсөн хавар  татварын системийг өөрчлөх тухай асуудлыг  Засгийн газар, УИХ-д оруулаад буцлаа.

Энэ байдлаас харахад Сангийн сайд нь татварын системийг өөрчлөх нэрийн дор үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэлийг хоёр дахин нэмэх санал оруулж ирлээ. Цаад эзэн нь хэн бэ гэвэл ердөө Оюутолгойн хөрөнгө оруулагчдад зулгуйдаж, тэнд оруулсан хөрөнгөө бушуухан шиг шимтгэлээр нөхөж аваад зугтах боломж олгох ийм л асуудал байгаа шүү дээ. Энэ мэт сонирхол шургуулдаг нөхдөөсөө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг салаасай гэж боддог юм.

–Та Засгийн газрын эхлүүлсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох  шийдвэр  зөв гэлээ. Тэр чинь “Элсэн доторх   мөрөөдөл” юм биш үү. Ийм үйлдвэр барихад ус их орно,манай говь усны хомсдолтой  шүү дээ?

-Мөрөөдөл байж болно. Би тэр төслийг эхнээс нь  шүүмжилж байсан. Нэгдүгээрт, Тамсагбулгийн хажууд Чойбалсан хот гэж ажиллах хүчний болон  усны нөөцтэй,дэд бүтэцтэй хот байхад тэнд нефть боловсрулахын оронд 540 км газар хоолой тавьж яах юм бэ гэж шүүмжилж байсан. Хоолой тавихад их зардал гарна. Ганц хоолойгоор гүйх биш өвлийн цагт газраа, тосоо халаах төхөөрөмжөөс эхлээд олон юм хэрэгтэй болно.

Гэтэл нэгэнт Энэтхэгийн Засгийн газартай тохиролцоод  тухайн улсын Дотоод явдлын сайд нь ирж, барилгын ажлын нээлтийг нь хийчихсэн. Байлдаанд орохын өмнө яаж байлдах вэ гэдэг талаар маргаж болно. Бэлтгэлээ хангаагүй байж болно. Нэгэнт байлдаанд орсон бол шувтлаад гарахаас өөр ямар ч арга байдаггүй юм. Тэр дунд эргэлзэж болохгүй. Иймээс нэгэнт ажил эхэлсэн бол Засгийн газар түүнийгээ дуусгаж, үйлдвэрээ босгоод л явах хэрэгтэй. Энэ нь  хариуцлагын бас улс орны эрх ашгийн асуудал.

Одоогийн Засгийн газар тайлбарлахдаа түүхий нефтиэ нэг хоолойгоор тээвэрлэнэ, түүхий бүтээгдэхүүнээ ялгаж тээвэрлэнэ гэж яриад байгаа. Үйлдвэрийн тухайд том биш. Монголын өмнөд болон зүүн бүсийн хэрэгцээг хангаад байвал төв, баруун бүс өөрсдийн эх үүсвэрээр  хангалт хийж  болох юм. Анхнаасаа тооцоотой хандаагүй учраас Энэтхэг улстай гэрээ байгуулж, ажил эхэллээ гээд сайд нь ирж хөрөнгө оруулалтын нээлтийг хийсэн нөхцөлд одоо олон юм яриад яах вэ. Үйлдвэрээ барьснаараа бариад дуусгахаас яах билээ. Түргэн хийгээсэй, шуурхай ажиллаасай. Хоосон цаас болгож, хэсэг шуугиад өнгөрвөл хариуцлага нь маш хүнд тусна.

Миний хувьд нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг 20 гаруй жил ярилаа. Манай Засгийн газрын үед хэрэв хойд талаас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт саатаад байхаар бусад эх үүсвэрээс авч Монголдоо боловсруулах талаар бодитой ажлуудыг  ярьж байсан. Тэр үеэс эхэлж тооцвол 28 жил боллоо. Монголын газар нутгаас газрын тос олсон үеэс авч үзвэл  22 жил боллоо. Газрын тосны үйлдвэр барих газрыг нь чөлөөлсөн үеэс яривал 24 жил болж байна. П.Жасрай гуайн Засгийн газрын үеэс Газрын тосны үйлдвэр барих газрыг чөлөөлөх асуудал  ярьсан шүү дээ.

–Биднийг ярилцаад сууж буй энэ мөчид  Ерөнхийлөгч маань ОХУ-ын Владивостокийн эдийн засгийн форумд оролцож байгаа. Тийшээ явахынх нь өмнө “Ерөнхийлөгч Х.Баттулгын хүчин чармайлтаар хоёр хөрш маань хийн хоолойг Монголын нутгаар дамжуулахаар боллоо” гэсэн мэдээлэл цацагдсан. Тэр уулзалтаас манай улс юу хүлээж болох вэ?

-Тэрийг мэдэхгүй юм. Яг бодитой, хамтын ажиллагааны чиглэл бол бий шүү дээ. Нэгэнт БНХАУ-ын эдийн засаг дэлхийд тэргүүлж, Хятад-Европын хооронд харилцаа, хамтын ажиллагаа өргөжих нөхцөлд Монгол Улсаар дайрсан төмөр замын коридор нээх асуудал маш чухал. Энэ  нь Монголын талаас ч, манай хоёр хөршийн хувьд ч чухал юм. Энэ асуудалд ахиц гаргаасай гэж  бодож байна. Нэг үгээр хэлбэл, тодорхой тохиролцоонд хүрч, түүнийгээ баримт бичгээр баталгаажуулаасай билээ. Хийн хоолой манай улсын нутаг дэвсгэрээр дамжих, дамжихгүй нь өөр асуудал.

Нэн тэргүүнд тулгамдаж буй бодитой асуудал нь төмөр замаа шинэчилж өргөтгөх, Монголоор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалын коридор нээх асуудал. Энд  ахиц гаргах нь маш  чухал. Үүнийг шийдэхэд цаг алдаж болохгүй. Энэ мэт асуудлаар хоёр хөрштэйгөө ярих олон зүйл бий. Үндэслэлтэй, тооцоотой яривал тодорхой үр дүнд хүрнэ. Өмнө нь манайхан  хоёр хөршдөө очдог, баахан  юм ярьдаг. Нөгөөдүүл нь ч энд ирж яриа тохиролцоонд хүрдэг, дараа нь манайхан бухдаг  олон зүйл гарлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монголд үйлдвэр барина гэж тохироод  ирлээ гэсэн, хэрэгжээгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ураны олборлолтын  чиглэлд хамтын  төсөл хэрэгжүүлэхээр боллоо гэсэн, одоо хүртэл алга. Төмөр замын асуудлыг хэд дахин ч ярив, шийдсэн юм алга. Хийн хоолойн тухай хоосон ярьж суухаар бодитой байгаа зүйл дээр өөрийн боломжид түшиглэсэн асуудлаар шийдэлд хүрэх нь оновчтой.

–Одоо асуултаа жаахан өөрчлөөд таны төрж өссөн Хэнтий аймгийн талаар сонирхъё. Та энэ зун нутгаараа очив уу.Хөдөө арал, Онон голын эхэнд “Гутайн даваа” гэх компани дахин алт олборлож эхэлсэн гэх сураг дуулдлаа?

-“Гутайн даваа” гэх компани Ононгийн эрэг дээр юу ч хийсэн гол руу урсаад орохоор ийм л байгаа. Нэлээд олон жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Монгол төрийн эрх мэдэлтнүүд өөрсдөө оролцож байж энэ нүглийг хийсэн. Нэг хэсэг Онон голын өтгөн ой шугуй хордож шуугдаад, нэг талаас нь харахад цаана бэлчиж яваа бяруу харагддаг болчихсон байсан. Хэдэн жил уул уурхайн асуудал чимээгүй байснаа саяхнаас дахиад эхэлчихлээ. Хэн ч харсан Онон голыг тэгж сүйтгэж болохгүй гэж хэлнэ дээ.

Харамсалтай нь Батширээт сумын эрх мэдэлтнүүд өөрсдийгөө, Монгол орныхоо эрх ашгийг, Онон голын усыг уун амьдарч байгаа монголчуудынхаа эрх ашгийг хөсөр хаячхаад бизнесийнхэнд худалдагдсаны гор гарч байгаа нь энэ. Би ойрд тийшээ очиж үзээгүй. Гэхдээ энэ талаар цаг үргэлж мэдээлэл авч байдаг. Саяхан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар газар дээр нь очсон байна лээ. Үйлдвэрийг зогсоох ёстой, түүний төлөө бид ажиллана гээд ирсэн. Гэтэл тэр үйлдвэр ажиллаад байгаа сураг байна.

Манай Онон багийн хөдөлмөрчид тэрийг нь дэмжиж байна гэдэг гэнэ лээ. Нэг багийн цөөхөн хүнийг хэдэн бор төгрөгөөр аргалаад байна гэж өөрсдийгөө хуурч болохгүй. Онон голын асуудал Монголын цэвэр усны нөөцийн асуудал гэхээс илүүтэй өөрийн төрөлх эх нутаг, монголчуудын голомтын асуудал шүү дээ. Иймд хариуцлагатай хандах хэрэгтэй. Харамсалтай нь БОАЖ-ын сайд энэ талаар үр дүнд хүрсэн тодорхой шийдвэр гаргаж чадахгүй байна, УИХ нь ч чадахгүй байна. Монголчууд мөнгөний өмнө хүчин мөхөсдөж байна уу гэж харж сууна. Хэрэв энэ байдал цааш үргэлжилбэл, олон түмний тэмцэл ширүүсэж хүнд байдал үүсч мэднэ.

–Хан Хэнтий нутгийн захын жижигхэн дов сондуул хүртэл Чингис хааны түүхтэй холбоотой гэж боддог. Та ч хэллээ, монголчуудын төрөлх эх нутаг, голомтын асуудал гэж. Манай улс эртнээс тэр газрыг дархан цаазтай болгочих байсан санагдана?

-Дархан цаазтай байвал байх газар. Тэгсэн атал өнөө хүртэл тэр газрыг алтны уурхайд ашиглуулж байна гэдэг нөгөө л авлигад идэгдсэн төрийн түшмэлүүдийн маань хийж байгаа ажил шүү дээ. Монгол Улс ямаршуу арчаагүй байдалд хүрснийг уурхайн асуудал харуулж байгаа юм. Бүгд л зогсооно гэж ярьдаг, сумын хурган дарга нар авлигад идэгдчихээд ардчиллын нэрээр нүгэл хийгээд сууж байна.

Зураг