Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

APPLE: Гурван шинэ iPhone, Apple Watch Series 4, iOS 12…

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Apple компани жил бүрийн есдүгээр сард шинэ iPhone ухаалаг гар утас болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд танилцуулдаг.

Өнгөрсөн шөнө тэд уламжлал ёсоор цоо шинэ iPhone утасны загварууд, ухаалаг бугуйн цагны шинэ загвар, мобайл үйлдлийн системийнхээ шинэ хувилбарын зах зээлд нийлүүлэгдэх хугацаа зэргийг Купертино дахь шинэ байрандаа зарлалаа.

Ингээд тус компанийн танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцъя.

 

iPhone Xs, iPhone Xs Max, iPhone Xr

Энэ жил Apple гурван шинэ загварын iPhone гар утас танилцуулсан нь ноднин жил зах зээлд гарсан iPhone X загварыг бүх хүнд хүргэх зорилготой байлаа.

Өөрөөр хэлбэл шинэ үеийн ухаалаг гар утасны гол дэвшилтэт боломжуудыг багтаасан, гурван өөр үнийн сонголттой гар утаснуудыг танилцуулж байна.

Тэднээс хамгийн том, хамгийн үнэтэй нь iPhone Xs Max юм.

 

iPhone Xs Max

 

Энэ бол Apple-ийн түүхэндээ гаргаж буй хамгийн том хэмжээтэй iPhone. iPhone Xs Max нь iPhone 8 Plus загвартай овор хэмжээний хувьд ижил боловч илүү том дэлгэцтэй. 

  • 6.5 инчийн OLED “Super Retina” дэлгэцтэй. Өмнөх загвараас 60 хувь илүү олон өнгө дүрслэх чадвартай. iPhone 8 Plus-ийн 5.5 инч дэлгэцнээс мэдэгдэхүйц том харагдана. Эх биеийн хувьд ижил хэмжээтэй.
  • Өмнөх загварууд дэлгэцэн дээр хөдөлгөөн дүрслэхдээ 60Hz-ийн давтамжтай сигнал ашигладаг байсан бол шинэ загвар нь 120Hz давтамжтай болсноор хөдөлгөөн маш нягт, нарийн, залгаасгүй урсгалтай болсон
  • Эх биеийг бүтээсэн ган хийц нь мэс заслын багажныхтай ижил түвшинд ангилагддаг.
  • Шилэн нүүр нь өмнөх бүх iPhone-уудын дэлгэцнээс илүү бат бөх, цоо шинэ бүтэцтэй.
  • Алтлаг, мөнгөлөг, хар саарал гэсэн гурван өнгөний сонголттой
  • IP68 ангиллын усны хамгаалалттай. Хоёр хүртэл метрийн гүнд 30 хүртэл минут байх чадвартай гэсэн үг юм.
  • Хүчирхэг Apple A12 Bionic чип суулгасан нь хиймэл оюуны технологийг ирээдүйд ашиглахаар төлөвлөгджээ.
  • Камерны багтаамж хэвээр 12 мегапиксел боловч True Tone гэдэг өнгөний илүү сайн мэдрэгчтэй болсон байна.
  • Нүүрний камер 7 мегапиксел багтаамжтай, iPhone X-ийн True Depth технологийг өвлөж авчээ.
  • Арын камер нь A12 Bionic чипний тусламжтайгаар “Smart HDR” гэгдэх шинэ боломжтой болсон нь HDR гэрэл зургийг илүү чанартай буулгах юм.
  • Баттерей нь өнөөдрийг хүртлэх бүх iPhone-уудынхаас хамгийн том багтаамжтай. Өмнөх iPhone X загвараас даруй 1.5 цаг илүү урт ажилладаг.
  • eSIM технологитой тул хоёр дугаар зэрэг ашиглах боломжийг бий болгожээ.
  • 64GB, 256GB, 512GB хадгалах багтаамжуудын сонголттой байх ба хамгийн бага нь $1,100 үнэтэй зах ззээлд гарна.
  • Есдүгээр сарын 14-нөөс захиалга эхэлж, есдүгээр сарын 21-нд худалдаанд гарахаар төлөвлөгджээ.

 

iPhone Xs

 

Үндсэндээ дээрх iPhone Xs Max загварын жижигрүүлсэн хувилбар.

Гол ялгаа нь:

  • 5.8 инчийн OLED HDR дэлгэцтэй
  • iPhone 8 Plus-аас овор хэмжээний хувьд жижиг ч дэлгэцний хэмжээ нь илүү том
  • Баттерейн хувьд iPhone X-ээс 30 минут илүү урт ажиллах багтаамжтай.
  • Үнийн хувьд 64GB хувилбар нь $999-ээс эхэлнэ. Зах зээлд гарах хугацааны хувьд iPhone Xs Max-тай адилхан.

 

iPhone Xr

 

iPhone X-ийн хямд, энгийн хувилбар гэж хэлж болно.

  • 6.1 инчийн LCD (OLED биш) дэлгэцтэй. 326 ppi цэгийн багтаамжтай Retina дэлгэцтэй. Нөгөө хоёр загвар нь 458ppi цэгийн нягтралтай.
  • Өнгөний хувьд хөх, шүрэн улаан, шар, цагаан, хар, улаан гэсэн сонголттой.
  • Эх бие нь ердийн хөнгөнцагаан, шилнээс бүтсэн
  • 12 мегапиксел арын камер нь хос дурантай биш, дан дурангаас бүрдсэн
  • A12 Bionic чиптэй
  • iPhone 8 Plus-аас 1.5 цаг урт ажиллах баттерейтай.
  • IP67 ангиллын усны хамгаалалттай буюу 1 хүртэл метрийн гүнд 30 хүртэл минут байх чадвартай.
  • 64GB, 128GB, 256GB багтаамжийн сонголттой
  • Хамгийн бага багтаамжтай хувилбарын үнэ $749-өөс эхэлнэ
  • Аравдугаар сарын 19-нд захиалга нь эхэлж, 26-наас худалдаанд гаргана

 

Шинэ iPhone-уудын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг харьцуулбал

 

 

Apple Watch Series 4

 

Apple компани өнгөрсөн онд танилцуулж байсан Apple Watch Series 3 ухаалаг бугуйн цагныхаа дараачийн загварыг танилцуулжээ.

Гол дэвшил нь зүрхний хэмнэлийг electrocardiogram хэлбэрийн графикаар бичиж үзүүлдэг. Дэлгэц нь томорч, эх биеийн хийц нь өөрчлөгдсөн байна.

Apple Watch Series 4 нь хөнгөн цагаан, ган хоёр янзын хийцний сонголттой, алтлаг, мөнгөлөг, хар саарал гурван өнгөний сонголттой байна.

Үнэ нь $399-өөс эхлэх ажээ.

Гол үзүүлэлтүүд нь

  • Ирмэгээс ирмэг хүртэл тэлсэн дэлгэцтэй тул өмнөх загвараас 30 хувь том
  • Нүүрний шинэ сонголтуудтай
  • Чанга яригч нь 50 хувийн илүү хүчтэй дуугаралттай.
  • Шинэ S4 чиптэй
  • Ар тал нь шаазан болон кристал гадаргатай болсон тул долгион дамжуулах чадвар нэмэгдсэн
  • 64 битийн илүү хурдан процессортой
  • Усны хамгаалалт, GPS-тэй
  • 18 цаг ажиллах баттерейн багтаамжтай
  • Шинэ үйлдлийн систем WatchOS 5 суурилагдсан
  • Баасан гарагаас захиалга нь эхэлж, есдүгээр сарын 21-нд худалдаанд гарна

 

iOS 12

 

Apple-ийн мобайл үйлдлийн системийн шинэ хувилбар iOS 12 есдүгээр сарын 17-ноос эхлэн iPhone утаснуудад сууж эхэлнэ.

Шинэ системийг суулгаснаар хуучин iPhone-уудын хурд нэмэгдэнэ гэж Apple амлаж байгаа.

Шинэ хувилбарын гол боломжууд:

  • Хуучин iPhone-уудын аппликэшн нээх хурд 40 хувь, гарны товчлуур нээгдэх хурд 50 хувь, камер нээгдэх хурд 70 хувиар тус тус нэмэгдэнэ
  • Цоожтой дэлгэцэнд ирсэн мэдээллүүдийг групп болгон багцалж харуулна.
  • Siri-г тодорхой нэг үйлдэлд зориулан шорткат болгож хадгалах боломжтой.
  • Тодорхой аппликэшнүүдийн хэрэглэх цагийг тохируулж, хэрэглээгээ хязгаарлаж болно. Энэ боломжийг Screen Time гэж нэрлэж байгаа.
  • Photos апп хайлтын шинэ горимтой болсон
  • Measure нэртэй шинэ аппликэшнийг ашиглан камераараа юмсийн урт, зайг хэмжиж болно.

 

Бусад програмын шинэчлэлтүүд

Apple мөн бусад төхөөрөмжүүдийн үйлдлийн системүүдээ шинэчилж байгааг зарласан юм. Тухайлбал есдүгээр сарын 17-ноос HomePod, tvOS системүүд шинэчлэгдэнэ. MacOS Mojave-ийн шинэ хувилбар есдүгээр сарын 24-нд зах зээлд гарахаар болжээ.

 

Эх сурвалж: Apple, Tech Insider, CNET